Хэрүүл тэмцэлтэй бол мөнгөөр хур буугаад ч хөгжихгүй

Нийтлэлчийн булан


Ойрын ирээдүйд Турк, Хятад, Малайз болон Аргентин зэрэг хэд хэдэн эдийн засаг хөгжингүй орнууд гэсэн ангилалд албан бусаар орох төлөвтэй байна. Түүний араас нэгэн цагт Монголтой адил пост коммунист гэгдэж асан Зүүн Европын зарим орон, тодруулбал Монголтой адил социалист гэгдэх пост коммунист, Зүүн өмнөд Азийн Вьетнам зэрэг орон бичигдэж буйг олон улсын томоохон хэвлэлүүдээс харж болно. Эдгээрийн ихэнх нь Монголтой он цагийн хувьд нэг ижил гараанаас чөлөөт зах зээлд хөл тавьсан. Нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 12 мянган ам.долларт хүрвэл хөгжингүй орны статуст хүрэх албан бус шалгуурыг давлаа гэж зарим эдийн засагчид үздэг. Өөрөөр хэлбэл, дээрх орнууд тун удалгүй дэлхийн худалдааны байгууллага болон бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн үзүүлдэг янз бүрийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг авах шаардлагагүй болох юм. Чөлөөт зах зээлийг сонгож, донор орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй хөгжлийн загвар болсон эдийн засгуудын түүх “дэлхийн II дайн”, “хүйтэн дайн”-ы дараах үеэс эхэлдэг. Дайнд сүйдсэн Баруун Европыг хөл дээр нь босгохын тулд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жорж Маршаллын нэрээр нэрлэгдсэн Маршаллын төлөвлөгөө хэрэгжсэн. Тухайн үед АНУ Баруун Европын орнуудад 13 тэрбум ам.долларын тусламж үзүүлж, хөл дээр нь босгосон нь одоогийн ханшаар 110 гаруй тэрбум ам.доллартай тэнцэнэ.

Үүнээс гадна Азийн орнууд ч НҮБ-ын харъяа байгууллагуудад элсэж, хөгжлийн дэмжлэг авч байсан. Дараа нь “хүйтэн дайн” төгсгөл болж, социалист систем нуран унахад Монгол болоод посткоммунист орнуудад АНУ, Баруун Европ яг дээрхтэй ижил загвараар хөгжлийн тусламж үзүүлсэн байдаг. Энэ тусламж дэмжлэг одоо ч үргэлжилж буй. Ялангуяа, Монголд. хэдийгээр энэ бүх тусламж, дэмжлэгийн цаана их гүрнүүдийн геополитикийн бодлого явагддаг, түүнийг нь үгүйсгэх аргагүй ч нэгдмэл бодлоготой байсны ачаар их гүрнүүдийн тусламж, дэмжлэгийг үр ашигтай зарцуулсан түүхийг Азийн бар орнуудаас харж болно. 1960-1970 оны Монголыг Сингапур, өмнөд Солонгостой харьцуулахад манай улс бараг хөгжлийн өндөрлөгт ойртсон мэт санагдах вий. Гэтэл энэ зааг ялгаа өнгөрсөн зууны төгсгөл, шинэ мянганы эхэн үед туйл нь өөрчлөгдсөн луужин шиг эсрэг болсон. Тариа тарьж, загас агнуураар амь зуудаг, өрнийн колони байсан Ази тариачид хөгжилд хүрч, орчин үеийн улс болоход ердөө 20-30 жил л хангалттай байв. Өөрөөр хэлбэл, манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн өнгөрсөн хугацаатай бараг адилхан гэсэн үг. Азийн бар гэгдэх Сингапур, өмнөд Солонгос, Тайвань, Хонконгийн эдийн засгаа солонгоруулсан хугацаа нь бидний талцаж хэрэлдсэн 28 жилтэй ойролцоо бөгөөд тэд 1997 онд хөгжингүй орон болж зэрэглэл ахисан.


Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа багасах тусам өр нэмэгдэж байна


Үүнээс 10 гаруй жилийн дараа Чех, Словак, Словени болон Балтийн орнууд тэдний буухиаг үргэлжлүүлсэн. Эдгээр улс мөн л ЗХУ задран унасны дараа бидэнтэй адил өрнөдийн хөгжлийн зээл тусламжид хамрагдаж, хүнд хэцүү үеэ даван туулсан. Харин өдгөө Хятад, Вьетнам, Филиппин, Турк нь дараагийн бар орон болоход тун ойртжээ. Өмнөд хөршийн хөгжлийг “архитектур” гэгдэх дэн Сяопин Азийн баруудын туршлагыг судалж, яг тэдний загвараар зах зээлээ нээлттэй болгож, чөлөөт бүсүүд байгуулах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, үр ашигтай зарцуулснаар Хятад өдий зэрэгтэй явж буйг судлаачид тэмдэглэдэг. Энэ бодлогын үр дүнд өмнөд хөрш хагас тэрбум гаруй хүнээ ядуурлаас гаргаж, дундаж давхаргын эгнээг тэлээд буй. Монголтой адил Европын холбоо, АНУ-ын олон хөтөлбөр, тусламжид хамрагдсан атлаа тэд биднээс түрүүлээд хөгжлийн загвар болчихлоо. Европын холбооны Ази болон латин Америкийн орнуудад зориулсан АЛА, ТАСИС хөтөлбөрүүдийн хүрээнд 1992-2003 онд 55.2 сая еврогийн 90 гаруй төслийг манай улсад хэрэгжүүлсэн. Европын холбоо манай улстай дипломат харилцаатай болсон өнгөрсөн 29 жилийн хугацаанд нийт долоон тэрбум гаруй еврогийн тусламжийг нийгэм, боловсрол, дэд бүтэц болон мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн.


• Тариа тарьж, загас агнуураар амь зуудаг, өрнийн колони байсан Ази тариачид хөгжилд хүрч, орчин үеийн улс болоход ердөө 20-30 жил л хангалттай байв.

• Азийн бар гэгдэх Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконгийн эдийн засгаа солонгоруулсан хугацаа нь бидний талцаж хэрэлдсэн 28 жилтэй ойролцоо бөгөөд тэд 1997 онд хөгжингүй орон болж зэрэглэл ахисан.

• Чөлөөт зах зээлийг сонгож, донор орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй хөгжлийн загвар болсон эдийн засгуудын түүх “Дэлхийн II дайн”, “Хүйтэн дайн”-ы дараах үеэс эхэлдэг.


Мөн АНУ-ын Мянганы сорилын сан болон дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС, бусад хандивлагч орнуудын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэмжээг тооцвол замбараагүй их тоо гарах биз ээ. Гэтэл өнгөрсөн 28 жилийг эргээд харахад бид талцаж хэрэлдэн, ёроолгүй сав мэт идэж уухаас өөр ажил дорвитой хийсэнгүй. Цахилгаан станц, төмөр зам, Оюутолгойг тойроод л хэрэлдсээр. Монголбанкны мэдээгээр өнгөрсөн оны эцэст манай улсын нийт гадаад өр 27.4 тэрбум ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Сүүлийн нэг жилд гадаад өр 6.6 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд Засгийн газрын өр 5.8 их наяд төгрөгөөр ихэссэн нь жин дарсан гэж холбогдох байгууллагаас дүгнэсэн билээ. Үүнээс хийж болох хамгийн тодорхой дүгнэлт нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа багасахын хэрээр улсын өр нэмэгддэг гэсэн урвуу зүй тогтол гарч ирж байна. Хамаг л хөрөнгө оруулагчдаа үргээж, орж ирсэн багахан хөрөнгө оруулалтаа шат шатандаа зувчуулан, ханаж цадахгүй иддэг нь өнөөгийн засаглалын бодит төрх, өрнөөс өндийхгүй байгаагийн гол шалтгаан. Зүй нь хөрөнгө оруулалт орж ирэх тусам улс орон хөгжиж, өрийн хэмжээ нимгэрч байх учиртай. Ийм жишиг л хүн төрөлхтөний түүхийн сүүлийн хагас зуун гаруй жилд үйлчилж, батлагдсаар ирсэн. Хэдийгээр аливаа улс орны хөгжлийн бодлого аль нэг нам, улс төрийн хүчнээс ангид байж, төрийн хар хайрцагны бодлогоор явах ёстой гэдэг ч бидний талцаж, маргалдах дуусахгүй нь. Өнөөдөр улс орны төдийгүй бүс нутгийн хэмжээнд яригдаж байгаа хамгийн халуун сэдэв болох ШХАБ-д элсэх эсэх тухай ч монголчууд талцаж, маргалдсаар л байна. ШХАБ-аас нэг хэсэг нь болгоомжилж байхад нөгөө хэсэг нь элсэхийг уриалж байна. Энэ тухай төр засгийн удирдлагаас эхлээд эрдэмтэн мэргэд, дипломатчид, энгийн иргэд ч хүртэл ам уралдан цэц булаалдах. Уг нь зарим судлаачийн онцолж буйгаар ирээдүйд бараг Европын холбоо шиг цул систем болох энэ байгууллагад элсвэл монголчуудад хэрэгтэй олон том төсөл хэрэгжинэ. Ийм эгзэгтэй цаг үед ирсэн гэдгээ ойлгохгүй эвдрэлцсээр байвал Монголд мөнгөөр хур буугаад ч хөгжихгүй нь.


САНАЛ БОЛГОХ