Гадаад бодлого шинэ шатанд гарлаа

ТОМИЛОЛТ


Дэлхий дахиад эргэлтийн цэг дээр ирчихлээ. Энэ гарагийг хэд бол хэд ч хуваах чуулга, уулзалтууд дуу дуугаа авалцан болж, дэлхийн геополитикийн уур амьсгал цаг уурын өөрчлөлтөөс ч хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Энэ хэрээр урьдчилан таахад улам түвэгтэй болчихоод байна. Хойд Америкийн цээжинд байрлах Канадын Квебек хотод “Их-7”-гийн гүрний удирдагчид чуулах ертөнцийн нөгөө хязгаар, БНХАУ-ын Чиндао хотод дэлхийн хамгийн тэсрэлттэй улсуудын төрийн тэргүүнүүд хуран цуглав. Хар хүрэмтэй ажил хэрэгч хүмүүсийн уулзалт ингээд дуусахгүй. Ирэх өдрүүдэд ч дэлхийг удтал хүлээлгэсэн нэгэн уулзалт болохоор товлогдоод байгаа. Ёсорхуу уулзалтуудын хөшгийг сөхвөл “Их-7”-гийн уулзалт ширүүхэн өрнөж байна уу гэлтэй. аргадсан, аархсан хоёрын засварт өрнөж буй бол өрнө зүгт аядуу уур амьсгал ноёлж байна. Сэвшээ салхитай Чиндао хотод болж буй чуулган итгэлцэл, элгэмсэг, найрсаг хaрилцаан дор болж өнгөрөв. Ер нь эх газрын геополитикийн “хавтангууд” хоорондоо мөргөлдөж, бас нэгдэн нийлж байна. Өөрөөр хэлбэл, улс хоорондын харилцаа таагүй, таашгүй болсоор. Энэ задрал, нэгдлийн завсарт дэлхий тэнхлэгээ эргэсээр байна. Олон улсын харилцаа хоёр туйлт бодлого задарсан XX зуунаас хойших хамгийн тодорхойгүй байдалд хүрээд байгаа. Ийм ээдрээтэй цаг дор Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн интеграцийн хамгийн ирээдүйтэй хүч болох ШХАБ-ын чуулганд оролцлоо. Олон улсад нүүрлээд буй хуваагдал, талцал манайд ч байгаа. ШХАБ-д элсэх эсэхэд монголчууд сүүлийн сар гаруй хугацаанд хоёр туйл адил хуваагдчихаад байгаа нь үнэн. Тэгвэл талцлыг таслан, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны үеэр хариу өглөө. 14 жил ШХАБ-ын ажиглагч байсан Монгол улс дотооддоо элсэх эсэхээ ул суурьтай хэлэлцэж байж шийднэ хэмээв. ШХАБ-д элсэх эсэх нь Чиндаод авчирсан Ерөнхийлөгчийн хөзөр биш байж. Харин арваад жил амь тавин хөөцөлдөж буй Эдийн засгийн коридорыг урагшлуулах нь Чиндаог зорьсон Ерөнхийлөгчийн гол зорилго байжээ. Тэрбээр саналаа шулуухан хэлж, шуудхан шийдлээ танилцуулав. ихийг нуршилгүй, Ерөнхийлөгчийн санал, шийдлийг шуудхан танилцуулъя.


Ерөнхийлөгчийн санал


• “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах
• Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах
• АН-3 чиглэлд хурдны авто замын бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх
• Гурван улсын тээврийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, тогтмолжуулах • Аялал жуулчлалаар гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх
• 2019 онд болох Silk Way авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх • ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх


Ерөнхийлөгчийн шийдэл


• Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой.
• Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн нарийвчилсан судалгаа хийх, эдийн засгийн үндэслэлийг сайтар боловсруулах
• Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулахыг яаравчлах


Гурван улсын дөрөвдэх уулзалт


Чиндао зуны хэмнэлдээ хөтлөгдөж, 22 хэмийн халуун, цэцэгсийн анхилам үнэрт нозоорч байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу зургадугаар сарын 9-ний өглөө тэнгэр бүүдийж байсан ч бороо орохын даваан дээр больж, завгүй уулзалтуудын эрчийг нэмэв. Энэ өдрийн хамгийн гол уулзалт 18.30 цагт эхэлсэн бөгөөд мөнхийн хөрш гэгддэг Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэлэлцээрийн ширээний ард суулаа. Гурван улсын төрийн тэргүүний дөрөвдэх уулзалт ШХАБ-ын дээд хэмжээний чуулган уулзалтын төвийн “Чилу” танхимд эхэлсэн. шаргал эмжээртэй танхимын үүдэнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр хөршөө элгэмсгээр угтав. Энэ уулзалтаар Эдийн засгийн коридор, аялал жуулчлал, дамжин өнгөрүүлэх тээвэр гээд олон талт сэдвээр хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтыг хэвлэмэл болон цахим хувилбар нь нийт 30 сая уншигчдад хүрдэг “China Daiy” гурван улсын ерөнхийлөгчийн зургийг онцолж, тогтвортой хөгжлийн төлөөх нөхцөл бүрдлээ хэмээн тодотгосон нь уулзалт хэр хэмжээний үр дүнтэй болсныг илтгэнэ. Харин хоёр талт уулзалтын салхийг хагалсан Ерөнхийлөгч Х.Баттулга Беларусийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой ээлжит уулзалтаа хийж, удиртгалаа алгасаад шууд л хоёр улсын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх тухайгаа ярьсан. Мөн Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзаж, өслөө гэхэд 15 сая ам.доллараас хэтэрдэггүй, Ираныг чиглэсэн махны экспортоо ахиулах талаар ярилцав. Бас XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний хэсэг өнөөгийн Иран улсад төвлөрч байсан ил хаант улсын түүхийн талаарх хамтарсан судалгааг өргөжүүлэх тухайд санал нэгдэв.


Дижитал ертөнц дэх Торгоны зам


Монгол улсын Ерөнхийлөгч ийнхүү эх түүх судлалаа эргэн сэргээж буйтай бүс нутагт тэртээ 1000 жилийн өмнөх торгоны зам эргэн сэргэж байна. Түмэн бээрийг холбож, дэлхийн соёл иргэншлийг зангидаж байсан торгоны зам эргэн сэргэж ирж байна. Үүнийг бид Бүс ба зам, торгоны зам гэж янз бүрээр нэрлэж байгаа ч Евразийг зөөлөн бөгөөд хатуу дэд бүтцээр холбох зорилготой. Интеграци нэгдэл эмзэг болж, бутарч магадгүй болчихсон энэ үед ШХАБ яалтчгүй хүчирхэгжиж байна. Өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан хэмээх хоёр хүчээр хүч нэмсэн энэ нэгдэл олон талаар дэлхийн хамгийн найрсаг хийгээд хамгийн олон гишүүнтэй, хамгийн том газар нутгийг хамарсан хамтрал болсон. Гурван тэрбум хүнийг нэгтгэж буй энэ байгууллага 2017 оны байдлаар дэлхийн эдийн засгийн 21 хувийг бүрдүүлж буй нь Европын холбооны ДНБ-ий жингээс 0.1 хувиар бага үзүүлэлт. Хятадын шинжлэх ухааны академийн тооцоогоор ШХАБ-ын гишүүн орнууд импортын татваргүй болчихвол ДНБ нь 98 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Дээд хэмжээний чуулганы сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар цэрэг, улс төрийн чиглэлийг жанжин шугамаа болгодог байсан ШХАБ ирэх жилүүдэд эдийн засгийн салбарт илүүтэй анхаарч, дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлж, худалдааны саад хоригийг бууруулна хэмээн гишүүн орны удирдагчид хэлж байна. Ирэх жилүүдэд бид илүү хүчтэй, илүү нөлөөтэй ШХАБ-ыг харах нь. БНХАУ-ын Чиндао хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эхний хэсгийг хүргэлээ. Үргэлжлэлийг ирэх өдрүүдэд хүргэх болно.


Эшлэл


Ши Жиньпин /БНХАУ-ын Ерөнхийлөгч/


-Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтын шинэ үе эхэлж байна. Талын хамтын ажиллагааны хөгжлийн явцад үнэлэлт өгч, цаашдын ажлын чиглэлийг гаргахад бэлэн байна.


В.В.Путин /ОХУ-ын Ерөнхийлөгч/


-ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байна.


Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн сайд/


-Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа талууд хоорондоо ярилцлаа. Эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгч, гол анхаарал үүнд чиглэж байна. Монгол улсын хувьд 10 гаруй жил ажиглагчийн статустай явж ирсэн. Энэ удаагийн уулзалтад мөн ажиглагчийн байр сууринаас оролцож байна. Эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах хэрэгцээ, шаардлага их байна. БНХАУ-аас бүс нутгийн хамтын ажиллагааны санхүүжилтэд 30 тэрбум юанийн санхүүжилт буюу тав орчим тэрбум ам.долларыг дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаа мэдэгдлээ.


Д.Цогтбаатар /Гадаад харилцааны сайд/


-ОХУ-тай хоёр орны харилцааны тулгамдсан асуудал, транзит тээврийн хэлэлцээрийг ажил хэрэг болгох яриа, хэлэлцээр өрнөсөн. Тразит тээврийн хүрээнд манайх 25 жилийн турш хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь манай хувийн хэвшил бараа, бүтээгдэхүүнээ Японы болон Европын зах зээлд гарахад ихээхэн дөхөм болох юм. Мөн Монголын газар нутгаар хийн хоолой дамжуулах шугам барих асуудлыг ярьж байна. Гурван талт уулзалтаар энэ төслийг ОХУ дэмжиж, эдийн засгийн тооцоог сайтар хийх хэрэгтэй гэж үзсэн.


САНАЛ БОЛГОХ