Дэлхийн энх тайвныг “Үхлийн дараах арал” дээр хэлэлцэнэ
Мэдээ
Дэлхийн бүхий л орны анхаарлыг татаж буй АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт өнөөдөр Сингапур хотноо болж байна. Удаан хугацаанд уулзалт болох газрын жагсаалтад Улаанбаатар, Бээжин гэх мэт олон хувилбар яригдсаны эцэст хоёр тал Умард Солонгосын худалдааны гол түнш болох Сингапур улсын Сентоса аралд уулзахаар товлосон билээ. Энэ алдартай сайхан арал Сентоса хэмээн нэрлэгдэхээсээ өмнө Палау Белаканг Мати буюу малайзаар “үхлийн дараах арал” гэгддэг байв. Там, диваажин аль алиныг нь илэрхийлсэн энэхүү нэршил 1970 оны есдүгээр сараас эхлэн “энх тайван, амар амгалан” буюу Сентоса гэгдэх болсон. Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлуны мэдээлснээр Трамп, Ким нарын уулзалтыг зохион байгуулах зардал дунджаар 20 сая ам.доллар болж буй бөгөөд тус улс уг зардлыг бүтнээр нь хариуцаж буй. Зочдын статустай холбоотойгоор нийт зардлын тэн хагас нь аюулгүй байдалд зарцуулагдаж байгаа бол удаах өндөр өртөгтэй зардал нь 2500 гаруй сэтгүүлчийн аяллыг хөнгөвчлөхөд зориулагдаж буй аж. Гэлээ ч гэсэн энэхүү түүхэн уулзалтын нийт зардал Сингапурт жил бүр зохион байгуулагддаг Формула-1 уралдааны 150 сая ам.долларын өртөгтэй харьцуулахад хаана нь ч хүрэхгүй юм.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ БУЙ ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХ
Уулзалтын аюулгүй байдлыг хамгаалж буй эрс бол Балбын гурка элит цэргүүд. Сингапур улс английн колониос салж бие даан тусгаар тогтнохоос арваад жилийн өмнө буюу 1949 оноос хойш Гурка арми Сингапурын цагдаагийн хүчний нэг хэсэг болсон аж. автомат буу, 18 инчийн хутгаар зэвсэглэсэн Балба улсын цэргүүд түүхэн уулзалт дуустал Трампын байрлаж буй Shangri-La, Кимийн буудаллаж буй St Regis, уулзалт зохион байгуулагдах Capella зочид буудлыг харуулдах юм. Гурка армийн түүх колоничлолын үеийн Англи-Балбын дайнаас эхлэлтэй. Одоогийн Балбын баруун хэсэгт оршин тогтож байсан Горка хаант улсын тулааны ур чадварыг үнэлж Англичууд Гурка нарыг өөртөө элсүүлсэн нь колоничлолын үед Зүүн өмнөд Азид нөлөөллөө тэлэхэд нь ихээхэн тус болсон гэдэг. Өнөө үед Балбаас гадна Их Британи, Энэтхэг, Сингапур зэрэг хэд хэдэн улсад гурка арми байдаг аж.
ЗЭВСГЭЭР БУС ГОЛЬФООР ТУЛАЛДАХ УУ
Ким Жон Уны аав анх гольф тоглохдоо нэг цохилтоор бөмбөгийг нүхэнд дарааллаж 11 удаа оруулсан гэгддэг. Харин Трамп гольфоор дамжуулж илүү гүнзгий, дотно харилцаа тогтоодог хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл Сентоса арлын Танжон гольфийн талбай Азид хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд уг талбайд жил бүр SMBC Singapore Open гольфийн тэмцээн зохион байгуулагддаг. Хэрэв Ким Жон Ун зөвшөөрвөл магадгүй хоёр төрийн тэргүүн зэвсгээр бус гольфоор өрсөлдөж ч мэдэх юм.
ТРАМП-КИМ БУРГЕР
Хачирхалтай нь, хоёр удирдагч хэн хэн нь бургерийн улаан фенүүд. Өмнөд Солонгосын нэгэн хэвлэлийн 2011 онд бичсэнээр Умардын удирдагчийн аав Ким Жон Ил БНХАУ-аас McDonald-ийн бургер тогтмол захиалж иддэг байжээ. Харин АНУ-ын хэвлэлүүдэд Трампыг McDonald-ийн нэрийн бүтээгдэхүүн Big Mac-д дуртай талаар нийтлэгдсэн аж. Магадгүй McDonald-ийн шинэ салбар тун удахгүй Пхеньянд байгуулагдаж болох юм.
УУЛЗАЛТЫН СУРГААР СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ИДЭВХЖИВ
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт АНУ болон хойд Азийн хөрөнгийн зах зээлд томоохон шуугиан дэгдээсэн нь мэдээж. хэдийгээр өндөржүүлсэн аюулгүй байдал иргэд болон жуулчдын худалдан авалтыг бууруулж мэдэх ч, уулзалтыг дагаад нэмэгдэх жуулчдын тоо болон эерэг хандлага дунд хугацаандаа Сингапурын эдийн засагт эерэгээр нөлөөлнө хэмээн зарим шинжээч үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт уулзалтын дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд зарлагдсаны дараа Сингапур, Хонконгийн хөрөнгийн биржид арилжаалагддаг Shangri-La Asia компанийн хувьцааны ханш огцом өссөн юм. Шинжээчдийн харж буйгаар Сингапурт ирэх саруудад бий болох жуулчдын давлагаагаар үйлчилгээ, такси, хүргэлт, агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа дунд хугацаанд хурдацтай өсөх хандлагатай байгаа. Түүнчлэн Сингапур улс дээд хэмжээний уулзалт зохион байгуулах чадвартай гэдгээ харуулж буй тул ирээдүйд ч үүнтэй дүйцэх үйл явдлууд хүлээн авах боломж бүрдэж байна хэмээн судлаачид онцолжээ.
Деннис Родман: Трамп, Ким нар хоорондоо ижил төрлийн хүмүүс
Ким Жон Уны дотно найз, сагсан бөмбөгийн алдартай тоглогч Деннис Родман уг түүхэн уулзалтад гэрч болох боломжийг алдахгүй. Түүний аяллын зардлыг марихуан худалдааны криптовалют болох Поткойн ивээн тэтгэхээр болсон байна. Поткойны хэвлэлийн төлөөлөгч “Деннис Родман Нобелийн энх тайвны шагнал хүртэх хэрэгтэй” хэмээн онцолсон аж. Үүнтэй холбоотойгоор Поткойны зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 84 хувиар өсчээ. Өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Родман 2017 онд Кимийн төрсөн өдрөөр Трампын “гэрээний урлаг” номыг бэлэглэсэн талаар дурдаад, “миний бодлоор Ким уг номыг унших хүртлээ Дональд Трамп гэж ямар хүн болохыг төдийлэн ойлгоогүй явсан байж магадгүй. Дональд Трамп болон Ким Жон Ун нар ижил төрлийн хүмүүс” хэмээн онцолжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй