Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэх “АНДГАЙ” буй за

Мэдээ


“Монголын үрс маш олон болтугай” гэсэн их зохиолч Д.Нацагдоржийн үгийг манай улс олон жилийн турш уриа, лоозон болгосоор ирлээ. Сая хүүхдийн баяраар балчир үрсдээ хайр зарлаж, олон нийтээс үнэлгээ авах боломжоо манай дарга нар урьдын адил тун чадамгай ашиглаж байгаа харагдсан. Хорооныхоо, тойргийнхоо хүүхэд багачуудад бэлэг гардуулж буй дарга нарын зураг хаа сайгүй. Энэ мэтээр эрхэм “том”-чуудын хүүхэд, багачуудаа хайрлах хайр нь жилд нэг болдог хүүхдийн баяраар элдэв эрээн бэлэг өгсөн болж нүд хуурчихаад бусад үед нь таг мартдаг тогтсон загварт ороод удлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал манай улсын нийт хүн амын 30.4 хувь буюу 967,896 нь (2017 оны байдлаар) 0-14 насны хүүхэд байна. Олон улсын түвшинд 15 хүртэлх насны хүн амын эзлэх хувь 31 хувиас дээш байвал залуу орон гэж үздэг. Манай улс энэ ангилалд бараг л багтсаныг дээрх статистикаас харж болно. Түүнчлэн хүн амын насны суваргад 0-4 насныхан хамгийн өндөр буюу 12.3 хувийг эзэлж байгаа юм. Үнэхээр их зохиолчийн хэлсэнчлэн монголын үрс жил ирэх тусам өнөр өтгөн болсоор. Харамсалтай нь, хүүхдийн тоо ийн нэмэгдсэн ч тэдэнд үзүүлэх шаардлагатай тусламж, үйлчилгээ туйлын хангалтгүй байж ирлээ. Маргах нэгэн байх аваас баримт түших нь зөв байх. Тэгээд ч баримт хуучирдаггүй шүү дээ.

“Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлахдаа 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг Монгол улсад барих талаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж, нааштай шийдвэрлүүлэхээр болов. Иймд эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уг асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө”. Энэ бол 2011 оны хоёрдугаар сард Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээний нэг хэсэг. Төсөв мөнгө нь шийдэгдэж байгаа юм байна, удахгүй хүүхдэд зориулсан эмнэлэгтэй болох нь гэж баярлаж байлаа, тэр үед. үүнээс хойш чилийсэн долоон жил өнгөрсөн ч өнөөх эмнэлгийн бараа сураг ч алга. Энэ асуудлыг үе үеийн засгийн тэргүүнүүд ярьдаг, эмнэлэг барихаар амладаг ч тодорхой ахиц дэвшил харагдсангүй. Сүүлдээ эдийн засгийн хүндрэл, төсөв мөнгөний боломж алга гээд замхруулах шинжтэй. 2016 оны байдлаар монгол улсын хэмжээнд нийт 3500 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний Төв тав, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг зургаа, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 273, өрхийн эрүүл мэндийн төв 220 байгаа юм. Харин хүүхдийн эмнэлэг барьж байгуулна гэж ярьж эхэлснээс хойш монголын балчир үрс эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас авч ирэв ээ! Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс өөр нэрлэх газар алга.


Хүүхдийн амь аврах биш, хүүхэд “устгах” сонирхол давамгайлах болжээ


Гэвч эдгээр эмнэлэгт ачаалал дэндүү их байдгийг бид мэднэ. Ялангуяа ханиад томуу дэгддэг хүйтний улиралд хонгилд нь гудас дэвсээд хэвтье гэсэн ч зай олдохгүй. Ядаж байхад манайд жилийн дөрвөн улирлын ихэнхэд нь хүйтэн, утаатай байдаг. Энэ хэрээр амьсгалын замын болон бусад өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо огт буурдаггүй. Боломжтой зарим нь хувийн эмнэлэгт төлбөр төлөөд хүүхдээ үзүүлчихнэ, шаардлагатай бол хэвтэн эмчлүүлнэ. Харин амьдралын боломж хэр тааруу нь ор сулрахыг хүлээхээс өөр аргагүй. Энэ хооронд хэдэн хүүхдийн өвчин хүндэрч, хэд нь хорвоог орхиж байгаа бол. Уг нь өрхийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Гэхдээ эмч нарын чадвар муу, нэг л төрлийн эм бичиж өгөхөөс өөрийг мэддэггүй, хүүхдийн өвчнийг улам хүндрүүлэхээс цаашгүй гэж дургүйцэх олны эсэргүйцэл ортой. Энэхүү асуудлыг хөндөхөд зайлшгүй яригддаг өөр нэг зүйл бол хүүхдийн эмчийн чанар, хүртээмж. Социализмын үед бол улс бодлогоор дэмжиж, хүүхдийн эмч, мэргэжилтнийг тусгайлан бэлддэг байлаа. АШУҮИС буюу бидний мэддэгээр анагаахын сургууль 1965-1996 оны хооронд 31 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийн эмч бэлдсэн байдаг. харин 1996 онд хүүхдийн эмч бэлддэг ангиа хааснаас хойш ийм чухал мэргэжилтэн нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр хүүхдийн эмч бэлтгэхэд их хугацаа шаардагддаг нь энэ мэргэжилтэн цөөрөхөд нөлөөлснийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.

Тухайлбал, анагаахын сургуульд зургаан жил сурсны дараа хоёр жил анхан шатны эмнэлэгт ажиллах шаардлагатай. Үүний дараа хүүхдийн эмчийн сургалтад хоёр жил сууна, тэгээд дахин нэг жил нарийн мэргэжлээр суралцана гээд бодохоор баргийн хүн туулаад гарчих даваа биш гэдэг нь ойлгогдоно. Энэ бүхний эцэст ажлын байран дээр гарсан ч цалингаас гадуур мөнгө олох “шанс” бага, хариуцлага нь асар өндөр. Тиймээс эмч мэргэжлээр төгсөж буй боловсон хүчний дийлэнх нь шүд, гоо сайхан, эмэгтэйчүүдийн эмч болох сонирхолтой. Анагаахын салбар бизнес болж хувирсан гэж олон хүн ярьдаг. Өнөөдөр шүдний эмч мэргэжлээр маш олон хүн төгсөж буй нь үүний илрэл. яагаад гэвэл төгсөөд л шууд ажлын байран дээр очиж байна. Авах цалин нь ч боломжийн. Эмэгтэйчүүдийн эмч нар ч ялгаагүй. Өдөрт сая төгрөгийн орлоготой эмэгтэйчүүдийн эмч олон гэж ярьдаг юм билээ. Ийм байхад шинэхэн эмч нар энэ чиглэл рүү хошуурахаас ч яах вэ. Харин хүүхдийн эмчид ямар ч ашиг байхгүй. Тэд бүтэн сарын турш ачаалал ихтэй ажиллачихаад эмэгтэйчүүдийн зарим эмчийн ганц өдрийн орлогод ч хүрэхгүй цалин авна. Түүнчлэн хүүхэд өөрөө хаана өвдөөд байгаагаа хэлж чадахгүй болохоор зөв оношлоход бэрх гээд асуудал маш их. Тиймээс хатуухан хэлэхэд өнөө цагт хүүхдийн амь аврах биш, аборт хийж, хүүхэд “устгах” хүсэл, сонирхол давамгайлжээ гэж санагдах боллоо. “Хүүхдийн эмч болохыг сонирхох хүн бага байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл ачаалал ихтэй мэргэжил. Тиймээс хүүхдийн эмч бэлдэх квотыг нэмж, сонирхлыг нь татах, цалинг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байх” хэмээн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ярьж байна.

Харин ардын эмч Д.Малчинхүүгийн тайлбарлаж буйгаар манайх хүүхдийн эмчээ бэлдэж байгаа ч, тэд төгсөж гараад ажиллах эмнэлэг байхгүйгээс болж ажилгүйчүүдийн тоог л нэмэх болдог байна. “Одоо АШУҮИС дээр резидентураар хүүхдийн эмч бэлтгэж байгаа. Жилд 120 орчим хүн төгсөж гардаг. Хүүхдийн эмч хотод илүүдээд, хөдөөд дутмаг байна. Гэхдээ нормыг нь шинэчлээгүй болохоор ажлын байр олдохгүй байгаа. Уг нь хүүхдийнхээ өсөлтийг дагаад хэдэн хүүхдэд тэдэн эмч байна гэсэн нормоо өөрчлөх ёстой. Ингээгүйгээс болж хүүхдийн эмч нар ажилгүй хэрнээ эмнэлгүүдэд нь энэ орон тоо дутагдаад байгаа юм. Хэдийгээр хүүхдийн эмч бэлтгэж байгаа ч эмнэлэг байхгүй болохоор тэд ажлаа хийж чадахгүй байна” хэмээн Д.Малчинхүү эмч нэмж тайлбарлаж байх юм. XXI зуунд хүн ам, тэр тусмаа хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө ийм бодлогоор ханддаг улс хөгжлийн тухай том, том ярих хэр зохимжтойг хэлж мэдэхгүй юм. Цалин мөнгө тааруу, ажлын байрны хүртээмжгүй гэсэн шалтгаанаар хүүхдийн эмч мэргэжлээр суралцах хүсэлтэй хүн байхгүй болсон нь тэдний буруу биш ээ. Харин хүүхдийн эмч, хүүхдийн эмнэлэг хэрэггүй гэж үздэг бодлого, төр, засаг, яам, сайд дарга нарыг тэжээж тэтгэж, дэмжиж яваа нь бидний буруу, бас арчаагүйн нотолгоо биш үү. Хүүхдийн төлөө бид “За” гэж хэлцгээе гэж хэчнээн дуулж, ямар ч их сурталчлав. Тэгээд бид чухам юу хийснээ нэг санах гээд үз! Нэгэн цагт билгүүн номч Б.Ренчин гуайн хэлсэн “Монголын “За” андгай буй за” гэсэн гайхамшигт мэргэн үгийг бас санах гээд үз!


САНАЛ БОЛГОХ