Их өөрчлөлтийн салхи сэвэлзлээ

Мэдээ


Магадгүй энэ зууны хамгийн түүхт уулзалт өчигдөр Сентоса аралд болж өндөрлөлөө. Энэ уулзалтын үйл ажиллагааг дэлхий даяар анирдан асар анхааралтай ажиглалаа. Өрнөдийн судлаач, тоймчдын үзэж байгаагаар үр дүн гарах процесс 15-20 жил үргэлжлэх бололтой. Магадгүй бүр эсрэгээр эргэхийг ч үгүйсгэхгүй. Юутай ч олон арван жил үргэлжилсэн үл ойлголцолд гэрэл гэгээ туслаа. Д.Трамп, Ким Жон Ун нарын түүхэн уулзалт бүс нутагт төдийгүй дэлхий дахинд их өөрчлөлтийн салхийг сэвэлзүүллээ. Азийн Женев гэгдэж буй Сингапурт АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт эхлэхэд Ким Жон Ун “Дэлхий даяар олон хүн үүнийг шинжлэх ухаан, адал явдлын кинонд гардаг шиг зөгнөлт явдал гэж бодож байсан байх” гэсэн юм. Харин хоёр удирдагч албан ёсны хэлэлцээг дуусгах үед Дональд Трамп Солонгосын хойгт цөмийн зэвсгийг устгах үйл явцын эхлэлийг тавина гэдэгт найдаж буйгаа дурдаад “Уулзалт санаснаас илүү байлаа” хэмээн дүгнэв. Тэд уулзалтын талаар нааштай үг хэлж, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын дараа ноён Ким “Бидний үзэглэж буй баримт өргөн асуудлыг хамарсан, хоёр тал үр дүнд сэтгэл хангалуун байгаа... Бид дэлхийн маш том атлаа аюултай асуудлыг шийдвэрлэх гэж байна” гэжээ.

Ноён Трамп “Хоёр улс өнгөрснийг ардаа орхилоо. Дэлхий дахин үндсэн өөрчлөлтийг харах болно” хэмээн мэдэгдсэн байна. Баримт бичгийн агуулгыг нийтэд одоохондоо мэдээлээгүй байна. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр ноён Трампаас Хойд Солонгос цөмийн зэвсгээ устгахыг зөвшөөрсөн эсэхийг асуухад “Бид уг үйл явцыг нэн даруй эхлүүлнэ” хэмээн хариуллаа. Тэрбээр “АНУ, Өмнөд Солонгос дахь цэргийн сургуулилалтаа зогсооно. Гэхдээ Пхеньяны эсрэг эдийн засгийн хориг хэвээр байгаа. Цөмийн зэвсгийг бүрэн хураахад цаг хугацаа хэрэгтэй. Солонгосын дайныг удахгүй зогсооно” гэж онцлон мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Солонгосын хойгт урт хугацааны бат бэх энх тайван тогтооход болон их удирдагч Ким Жон Унд аюулгүй байдлын баталгаа өгөх үүрэг хүлээснээ мэдэгдсэн байна.


САНАЛ БОЛГОХ