Монголчуудын хэрэглэдэг зүйлийг Японд борлуулах амаргүй

Мэдээ


Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока манай сонины зочноор уригдлаа. Японы гадаад харилцааны албанд 30 орчим жил зүтгэж буй энэ эрхэм Монголд суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Ирак дахь Японы ЭСЯ, Австралийн Сидней хотод Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Манай улсад Итгэмжит жуух бичгээ өргөн барьж, Элчин сайдын албыг хашаад жил хагасыг үдэж буй тэрбээр Монгол, Японы Стратегийн түншлэлийг илүү өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээн зүтгэж буй юм.


-Бидэнд цаг гаргасан эрхэм Элчин сайд танд баярлалаа. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны нэрийн хуудас болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсний хоёр жилийн ой хэзээ мөдгүй тохиох гэж байна. Хоёр жилийн ойн босгон дээрээс эргэн харвал энэ хэлэлцээр манай хоёр улсад эерэг үр дүн авчрав уу?


-“Засгийн газрын мэдээ” сонинд хэдэн сарын өмнө хэвлэгдсэн нийтлэлд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүссэн үр дүнд хүрээгүй талаар хөндсөн байсан. Тиймээс бид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд ямар үр дүн гарсныг эргэн харахад хүрлээ. Улс орнууд эдийн засгийн харилцаагаа улам зузаатгахын тулд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулдаг. Энэ хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлээд зогсохгүй хоёр орны харилцааг өргөжүүлэн тэлдэг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улс анх удаа Япон улстай байгуулсан. Энэ нь манай хоёр орны найрсаг дотно харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж буй. Ялангуяа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түншлэлийн хэлэлцээр маш чухал. Япон, Монгол Улсын олон талт харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн нягт харилцаа, томоохон гүүр болно гэж итгэж байна. Үүний томоохон тулгуур болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол, Японы бизнес эрхлэгчид манай хоёр орны нөхцөл байдлыг харилцан мэдэх шаардлагатай. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ чухал. Энэ үнийг тогтоон барихад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ихээхэн давуу тал олгож буй. Хэлэлцээр байгуулснаас хойших статистикийг харвал үр дүн нь өөдрөг бөгөөд эерэг байгаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон 2016-2017 онд тоон үзүүлэлт 34 хувиар нэмэгдсэн. Ялангуяа, 2016 оны зургадугаар сараас 2017 оны хооронд Японыг чиглэсэн Монголын экспорт 123 хувиар өсөж, 4.26 тэрбум иенд хүрсэн байна. Энэ өсөлтийг шууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнтэй холбоотой гэж хэлж чадахгүй. Гэхдээ уг хэлэлцээрийн үр дүн эерэг байгааг харуулж буй. Энэ хугацаанд хөнгөн цагаан бүтээгдэхүүн, нөмрөг, алчуур, сүлжмэл эдлэлийн экспорт өссөн. Түүнчлэн Монголын цөөнгүй аж ахуйн нэгж Японд салбар дэлгүүр нээж, зах зээлд нэвтэрсэн. Тухайлбал, Монголын ноолуурын салбарын түүчээ “Говь” компани Токиогийн “Ханэда” олон улсын нисэх буудалд салбар дэлгүүрээ нээсэн. Өдөрт 200 мянган хүн зорьчдог энэ нисэх буудал дахь “Говь”-ийн салбар дэлгүүрийн борлуулалт сайн байгаа гэж дуулсан. Мөн адууны махыг хатааж боловсруулан Япон улсад экспортолж байна. Энэ мэтчилэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт түшиглэн Монголын олон бизнес эрхлэгч Японы зах зээлд нэвтэрч байгаа.


-Тэгвэл Японы талаас Монголыг хэр сонирхож байна вэ?


-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “JICA”-аас МУИС-ийн харъяа Япон-Монгол төвд бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн томилон ажиллуулж, Монголын аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч байгаа. 2016 онд 25 аж ахуйн нэгж зөвлөгөө авсан бол 2017 онд 64 болтлоо өссөн гэж мэдээлсэн. Японы зах зээлийг танилцуулах зорилготой “FOODEX” арга хэмжээнд Монголын бизнес эрхлэгчид идэвхтэй оролцдог. Энэ арга хэмжээг зургадугаар сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сүүлийн үед Японы “Марубени” корпораци чулуун хөвөн үйлдвэрлэгч “Монголбазальт” компанийн бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохоор судалж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн Японы зар сурталчилгааны томоохон агентлаг болох “Дэнцү” компани Монголд судалгааны төвөө нээсэн гээд хоёр улсын хамтын ажиллагаа улам тэлсээр байна. Цаашид ч улам өргөжинө гэж найдаж байгаа.


Ажлаа уламжлуулан тайлбарлаж үлдээх “Хикицүги” төрийн үйл хэрэгт чухал


-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг маш том боломж гэж монголчууд үздэг. Энэ боломжийг илүү сайн ашиглахын тулд манай бизнес эрхлэгчид хэрхэх хэрэгтэй вэ?


-Монголчуудын хэрэглэдэг зүйлийг шууд Японд борлуулах амаргүй. Тиймээс Японы зах зээл, япончуудын хандлага, хэрэглээ, сонирхлыг танин мэдэх хэрэгтэй болов уу. Тэгж чадсан хүн бараа бүтээгдэхүүнээ борлуулна. Японы зах зээлийг сонирхож буй монголчуудад зориулсан бизнес сургалтууд Япон-Монголын төвд зохиогддог. Энэ сургалтад хамрагдаж Японы тухай мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх боломжтой.


-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас Монголын төсөв болон нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх санхүүжилт олгож байгаа. Энэ санхүүжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?


-Монгол Улс нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд ОУВС-тай тохиролцоонд хүрсэн. Монгол Улсад ОУВС, Дэлхийн банк, БНХАУ, Япон зэрэг олон улсын донорууд дэмжлэг үзүүлж буй. Япон улс гурван жилийн хугацаанд нийт 850 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Үүний эхний ээлжийн санхүүгийн дэмжлэгийг өнгөрсөн оны эцэст олгосон. Саяхан ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаад, хөтөлбөрийн дөрөв дэх шатны үнэлгээ хийлээ. ОУВС-гийн үнэлгээнээс үүдэн удаах санхүүжилтээ олгох эсэхээ шийдэх болно.


-Япон улс монгол хүний хөгжилд чиглэсэн олон талт дэмжлэг үзүүлдэг. Боловсролын салбарын хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж байна вэ?


-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд монголчууд авъяастай, оюуны өндөр чадамжтай ард түмэн болохыг мэдсэн. Үүнийг улам хөгжүүлэхэд Япон улсаас олгож буй боловсролын тусламж дэмжлэг үр дүнгээ өгөөсэй гэж хүсэж байна. Инженер, технологийн салбарт олон улсад өрсөлдөхүйц 1000 инженер бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр энэ онд Улаанбаатар хотод дөрвөн сургууль барьж эхэлнэ. Эдгээр сургууль нь олон улсын стандартыг хангасан, жишиг бүтээн байгуулалт болох юм. Мөн АШУҮИС-ийн харъяа Япон, Монголын сургалтын эмнэлэг барьж байгаа. Япон улсын буцалтгүй тусламжаар барьж буй энэ эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилготой. Энэ мэтчилэн Монгол Улсын боловсролын салбарт Япон улсын санхүүжилттэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Аливаа улсын хөгжлийн тулах цэг нь хүний хөгжил. Тиймээс монгол хүний хөгжилд чиглэсэн тусламж дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Япон улс хүчин чармайлт гаргасаар ирсэн билээ. Одоогоор Япон улсад 2000 гаруй монгол оюутан суралцаж байна.


-Японы бизнес эрхлэгчид Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл юу байна вэ?


-Өнөөг хүртэл бидэнтэй хамтран ажиллаж, холбоо харилцаатай байсан Японы аж ахуйн нэгжүүд Монголд бизнес хийхэд дүрэм журам нь амархан өөрчлөгддөг, хөрөнгө оруулахад багагүй эрсдэлтэй гэдгийг илэрхийлж байсан. Учир нь хамтран ажиллахаар ярьж байсан түнш ялангуяа, төрийн албанд ажилладаг хүмүүс богино хугацаанд солигддог. Тиймээс Монголд тогтвортой бизнес хийхэд нэлээд бэрхшээлтэй гэсэн санал сэтгэгдэл ирж байсан. Монгол Улсын Засгийн газрын бүтэц амархан өөрчлөгддөг, төрийн албан хаагчид нь ч солигддогоос тухайн албан тушаалд шинээр томилогдсон хүнд ажлаа дахин шинээр тайлбарлах хэрэг гардаг гэх гомдол бий. “Зууны мэдээ” сонинд “JICA”-ийн төслийн ахлагч М.Ямашита долоо хоногт тутам нийтлэл бичдэг. Тэрбээр нэлээд хэдэн сарын өмнөх дугаарт ажлаа уламжлуулан тайлбарлаж үлдээх “Хикицүги”-ийн талаар нийтлэл бичиж байсан. Ажлаа орхиж буй хүн өнөөг хүртэл хийж ирсэн ажлын агуулгыг нэг бүрчлэн бичээд, цаашид юун дээр анхаарах ёстой гэдгийг тэмдэглэл хөтөлж үлдээж байх нь чухал болохыг онцолсон байсан. Үүнийг бодууштай гэж үзэж байна.​


-Гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд төдийгүй монголчууд ч тогтвортой бодлого хүсэж буйгаа илэрхийлдэг. Таны хувьд бодлогын залгамж халаа, тогтвортой байдлыг хангахын тулд юу хийх нь чухал гэж бодож байна вэ?


-Энэ тал дээр монголчууд өөрсдөө бодож, цаашид хэрхэхээ шийдэх нь зүйтэй болов уу. Гэхдээ хийнэ гэж хэлсэн бол хэлэхээсээ өмнө хийх ажил, үйл явцаа сайтар төлөвлөсөн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нарийн төлөвлөсний дараа хийнэ гэж хэлэх нь хамгийн зөв алхам гэж үзэж байна.


-Өдрөөс өдөрт өргөжин тэлсээр буй Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд та цаашид юунд анхаарах вэ?


-Хоёр улсын хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх нөөц боломж харагдаж байна. Энэ боломжийг ашиглахын тулд Японы зах зээлийг сайтар судлах нь чухал болов уу. Мөн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал. Энэ салбарыг хөгжүүлэх өргөн боломж байсаар байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үүрэг оролцоо багагүй бий. Үүнийг дагаад Монголыг чиглэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Жуулчдыг татахын тулд Монгол Улс дэд бүтцээ мөн сайжруулах хэрэгтэй.


-Эдийн засгийн түншлэл, шинэ нисэх буудлаас гадна Японы тал Монголоос томоохон төсөл, хөтөлбөр сонирхож байгаа юу?


-Яг одоогоор Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын нээлт, цаашдын үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна.


-Хүн төрөлхтний баяр цэнгэлийн дээд болсон Олимпийн наадам Японы Токио хотод болно. Наадмын бэлтгэл ажил болон энэ чиглэлийн Монгол Улстай холбоотой хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?


-Хэдхэн хоногийн өмнө Японы Изүнокүни хотын захирагчтай уулзсан. Энэ үеэр 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөх жүдо бөхийн тамирчдын бэлтгэлийг хангахад хамтран ажиллаж байгаа гэсэн. Зөвхөн энэ хот гэлтгүй Монгол Улсын тамирчдыг хүлээн авч, бэлтгэл сургуулилалт хийлгэж буй хотууд цөөнгүй байна. Монголчууд спортын талбарт нэлээд нэр хүндтэй байгааг үүнээс харж болно. Ялангуяа бокс, туялзуур сэлэм буюу фенсингийн тамирчид Японд бэлтгэлээ хийж эхлээд байна. Япон улс 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Жүдогийн спортоор манай хоёр улс ид өрсөлддөг шүү дээ.


-Та жүдогийн спортыг хэр сонирхдог вэ?


-Японы тамирчин барилдаж байвал сонирхолгүй яахав.


-Цаг гаргасанд баярлалаа, Танд.


САНАЛ БОЛГОХ