Ёс зүйгүй байдал нь ард түмний төлөөллийн эрхтэй холбогдох учиргүй

Мэдээ


УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгааг олон нийт шүүмжилдэг. Мөн хуралдаанд оролцохдоо ёс зүйгүй байдал гаргадаг, бусдын өмнөөс санал өгдөг зэрэг зохисгүй үйлдлийг гишүүд гаргадаг. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий 14 гишүүн санаачилсныг төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцсэн юм.


Энэ талаар тус хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал сүүлийн үед ихээхэн хөндөгдөх боллоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гишүүдийн хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?


-УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, тэдний ёс зүй, УИХ-ын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой асуудлууд сүүлийн үед хамгийн хурцаар тавигдаж байна. Гишүүдийн ирц, бусдын өмнөөс санал өгөх, зарим асуудлыг хэлэлцэх явцад илүү өргөн мэдээлэл авах боломжийг гишүүдэд олгох зэргийг дэгийн хуульд нарийвчлан тусгахаар хоёр ч парламентын хугацаанд дамжин ярьж байна. Тиймээс нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан юм. Бид УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болгохоор төсөлдөө тусгасан. Хэрэв төслийг хаврын чуулганаар баталчихвал намрын чуулганаас хэрэгжиж эхлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, чуулганы завсарлагааны явцад хуралдааны танхимуудын тоног төхөөрөмжийг шинэчилж, гишүүд хэн нэгний өмнөөс санал өгдөг байдал цэгцэрнэ.


-Гишүүдийн ирцтэй холбоотой ямар зохицуулалт байгаа вэ. Чуулганы хуралдаанд огт үзэгддэггүй гишүүд өнөөгийн УИХ-д бий?


-Гишүүдийн ирц дээр нэлээд өндөр босго тавьж байна. УИХ-ын гишүүн Байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанд ирсэн байдлыг нь дүгнээд сануулах, цалингаар нь торгох, цаашлаад шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй цаг нь нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол бүрэн эрхийн асуудлыг хөнддөг байх зохицуулалт оруулж өгсөн. энэ бол УИХ-ын гишүүнийг илүү хариуцлагажуулах гэсэн алхам. Бусад улс оронд ч ийм зохицуулалтууд байдаг. Тухайлбал, Австралид сенатч хоёр сарын хугацаанд хуралдаан тасалсан бол тухайн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөнддөг. ОХУ-ын төрийн ДУМ-д 30 хоног ажлаа тасалбал ДУМ-ын гишүүнээс нь буулгадаг. Германы Бундестаг санал өгөх хуралдаанд ороогүй бол 200 еврогоор торгох гэх мэтээр гишүүдийн хариуцлагыг өндөрсгөх арга хэмжээ авдаг. Зарим улсад хуралдааны дэгийг сахиулах дэг сахигч гэж бүтэц хүртэл бий. Хуралдаанд зүй бус үг хэллэг хэрэглэх, бусдыг дайрч доромжилсон гишүүнийг танхимаас гаргах үүрэгтэй. Мөн тухайн хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхол давхцаж буй гишүүнийг хуралдаанд оролцуулахгүй байх зэрэг олон аргыг бусад улсын парламент хэрэглэдэг. эдгээрийн заримыг нь Монгол улс хэрэглэе, тийм шаардлага ч байна гэж үзсэн.


• Бид УИХ-ын гишүүд санал өгөх явцыг хурууны хээгээр өгдөг болгохоор төсөлдөө тусгасан.

• Холбогдолгүй асуудлаар үг хэлбэл нэг удаа сануулга өгнө, хүлээж авахгүй бол үг хэлэх хугацааг нь дуусгавар болгодог болно.

• Ажлын хэсгийнхэн ирээд дутуу дулимаг мэдээлэл өгдөг, нотлогдоогүй зүйл мэдэмхийрч хэлдэг байдал бий.

-Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндөж байна. Гишүүний дархан байдалд халдахгүй байх ямар зохицуулалт байгаа вэ?


-УИХ-ын гишүүн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа халдашгүй бүрэн эрхийг эдэлдэг субьект. Жишээлбэл, миний ард өвөрхангай аймгийн таван сумын 40-өөд мянган иргэн байна. Тэгэхээр миний хэлж байгаа үг тэдгээр 40 мянган иргэнийг төлөөлдөг гэсэн үг. Энэ талаас нь харвал миний эрхэд халдах нь тэр 40 мянган иргэний эрхэд халдсан болно. Тиймдээ ч УИХ-ын бүрэн бүтэн байдал, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь онцгой хуулиар зохицуулагддаг. Аль ч оронд тийм. Харин тухайн гишүүн хувь хүнийхээ зүгээс гаргаж байгаа алдаа нь өөрийнх нь хариуцлагын асуудал. Тухайлбал, хөрөнгө мөнгөний хэрэгт холбогдох ч юм уу. Тиймээс энэ заагийг маш зөв ялгах хэрэгтэй. Түүнээс биш асуудалд хайхрамжгүй, ёс зүйгүй хандаж байгаа их хурлын гишүүний үйлдэл олон түмний төлөөлөл гэсэн эрхтэй холбогдох ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, гишүүд үг хэлэхдээ хэлэлцэж байгаа асуудалтай ямар ч холбоогүй зүйл ярих нь олонтаа.


-Өмнөх парламентын үед тийм гишүүний микрофоныг шууд хаачихдаг байсан?


-Тийм. Харин өнөөгийн УИХ-ын дарга төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж байгаа иргэдийн эрх гэдэг утгаараа үгийг нь хэлүүлээд байдаг. Тиймээс нэг мөр журамлахаар төсөлд тусгалаа. Холбогдолгүй асуудлаар үг хэлбэл нэг удаа сануулга өгнө, хүлээж авахгүй бол үг хэлэх хугацааг нь дуусгавар болгодог болно.


-Хуралдааны дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргана гэсэн. Хэн гаргах вэ, УИХ-ын дарга уу?


-Санал хураагаад, гишүүдийн олонх шийднэ. өөрөөр хэлбэл, хуралдаан даргалагч санал оруулаад, олонхоороо шийдэх юм. Бүдүүлэг үг хэрэглэх, микрофонгүй хашгирах, зааланд зүй бус үйлдэл гаргах асуудлууд гардаг. тиймээс энэ мэт асуудлыг нарийвчилж шийдэх ёстой.


-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яг таны дээр хэлсэн заалтаар маргаан гараад байна. Тухайлбал, таны ард байгаа 40 мянган иргэний эрх ашгийг хөндсөн асуудлыг парламентаар хэлэлцээд, олонх нь эсрэг шийдвэр гаргаж болно. Тэр тохиолдолд та 40 мянган иргэний төлөөлөл гэдэг утгаараа ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлж таарна. Гэтэл олонхоороо санал хураагаад “таныг дэг зөрчсөн” гээд танхимаас гаргавал яах вэ. 40 мянган иргэний төлөөллийн эрхийг 76 гишүүний олонхийн саналаар хязгаарлачих юм биш үү?


-Яг төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж байгаа, тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж байвал энэ хуулийн заалт хамаарахгүй юм. Харин хэлэлцэж байгаа асуудалд холбоогүй, хувийн эрх ашгийн шинжтэй, ёс бус үйлдэл гаргаж байгаа, хуралдааныг санаатай үймүүлж тасалдуулсан тохиолдолд үйлчилнэ. Энэ бүгдэд гишүүд ялгаатай хандана.


-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс гадна хуралдаанд оролцож буй Ажлын хэсгийн талаар тусгасан гэлээ. Ажлын хэсгийнхнийг хариуцлагажуулах ямар зохицуулалт хийв?


-УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдаанд ирж мэдээлэл өгч байгаа хүмүүс үнэн зөв мэдээлэл өгөх, хариуцлагатай байх ёстой ажлын хэсэг буруу мэдээлэл өгснөөс болж бусад улсад сайдыг огцруулдаг, төрийн албан хаагчид хариуцлага тооцох тохиолдол байна. Харин манайд ажлын хэсгийнхэн ирээд дутуу дулимаг мэдээлэл өгдөг, нотлогдоогүй зүйл мэдэмхийрч хэлдэг байдал бий. Тэр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарчихдаг. Гэтэл тэр мэдээлэл дээр үндэслэж гаргасан парламентын шийдвэр буруу гарах нь ойлгомжтой. Тиймээс ажлын хэсгийнхэн хариуцлагатай байх ёстой. Энэ бол төр төлөвшүүлэх чухал алхам.


САНАЛ БОЛГОХ