Хүчирхийлэл нийгэмд нэвчсэнийг баталлаа
Сурвалжилга
Монголын өнцөг булан бүрд амьдарч буй 7300 гаруй эмэгтэй өмнө нь хэнд ч ярьж байгаагүй эмзэг асуудлаа асар зориг гарган дэлгэснээр монголчууд бид хүчирхийллийн нүцгэн үнэний талаар бодит мэдээлэлтэй боллоо. Эр нөхрийнхөө харгис авир, хүчирхийлэлд цөхрөлөө барсан нэгэн эмэгтэй судалгаанд оролцсоныхоо дараа “Та нар 10 жилийн өмнө хаана явсан бэ” гэж асуухад судлаач хэлэх үггүй гацаж, хоёулаа уйлж суусан гэдэг. Энэ тухай НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн тархалтыг үндэсний хэмжээнд тогтоосон анхны судалгааны үр дүнг танилцуулах үеэр онцолсон юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын хүн амын сан, ШХА-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэй хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааны үр дүнд хүчирхийллийн тухай сэтгэл сэрдхийлгэмээр тоон үзүүлэлт танилцууллаа. Тухайлбал, 15-64 насны гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртөж байсан, үүний нэг хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь үр хөндүүлж байсан байна. Тус судалгааг ахалсан ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тооноос улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл ямар байгааг мэдэж болно” гэсэн өр эмтэлмээр дүгнэлтийг оролцогчдод хандан хэлсэн юм. Мөн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд зан байдлын доголдолтой болдог нь тус судалгаагаар тодорхой харагдлаа. хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийллийг харж, сонсож, хүчирхийлэлд өртөх нь насанд хүрсэн хойноо хүчирхийлэгч болох магадлал өндөр гэдгийг албан ёсны тоон мэдээлэл харуулж буй юм. Хүн амын суурь боловсролын түвшин харьцангуй өндөр, хүйсийн тэгш оролцоо ч боломжийн байдаг манай улсад жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл дэлхийн дунджаас их бөгөөд Зүүн өмнөд азийн болон зарим арал улсын үзүүлэлттэй ойролцоо гарч байгаа юм байна. Тухайлбал, жендерт суурилсан хүчирхийлэл Вьетнам, Тувалу болон Кука арал улстай, гэр бүлийн хүчирхийлэл Бутан, Мьянмар, Шриланк болон Тонга арлынхтай бараг ижил түвшинд байгааг газрын зурагт тодоор тэмдэглэн харьцуулсныг харахад харамсалтай санагдаж байлаа. Уг нь манай улсад эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох, үг хэлэх эрх 1924 оны анхны үндсэн хуулиар буюу АНУ-ын эмэгтэйчүүд ийм эрхээ олж авснаас таван жилийн дараа баталгаажсан гэдэг.
Хүчирхийлэл дэлхийн дунджаас их бөгөөд зарим арал улсын үзүүлэлттэй ойролцоо байна
Гэхдээ эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөлтийн тархалт, нөхцөл байдлыг ийм тодорхой гаргана гэдэг нийгмийн эерэг өөрчлөлтийн үүд хаалгыг нээж буй бөгөөд үүнд л уг судалгааны гэрэл гэгээ, ач холбогдол оршиж байгаа юм. Үүний үр дүнд л хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслах үйлчилгээ үзүүлэх үндэсний хэмжээний тогтолцоо бүрдүүлнэ гэдгийг донор болон хууль тогтоох байгууллагын төлөөлөл хэлж байсан. Хамгийн гол нь судалгааг аль болох түргэн эргэлтэд оруулж, шаардлагатай өөрчлөлтийг эрчимтэй хийвэл 20 жилийн дотор монголчууд хүчирхийллээс ангижирсан үндэстэн болох найдвар байгааг социологич Ц.Заяхүү хэллээ. Харин дараагийн ээлжид хүчирхийллийн шалтгаан нөхцлийг лавшруулан судлах шаардлагатай гэж хүний эрхийн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн. Бид уг арга хэмжээг сурвалжлах үеэр хүмүүсийн нэг хэсэг нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг эрх мэдэл дэх жендерийн тэгш бус байдалтай холбоотой хэмээн тайлбарласан.
Харин нөгөө хэсэг нь Монгол улс шилжилтийн үед эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн үйлчилгээг орхигдуулж, эмэгтэйчүүдэд хэт анхаарснаар нийгэмд гажуудал үүсэж, өнөөдрийн эмзэг асуудлыг бий болгосон гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч хүчирхийллийг таслан зогсооход эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь чухал гэдгийг судалгааны бодлогын зөвлөмжид тусгасан байна. Мөн жендерт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан нь эмэгтэй хүнийг дорд үзэх сэтгэхүйн хандлага бөгөөд үүнийг эмэгтэйчүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдгийг судалгааны үр дүн харуулж буйг албаныхан онцолсон. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 7860 өрх хамрагдсанаас 7319 эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна. Харин чанарын судалгааг үндэсний судалгааны MMCG гүйцэтгэж, нийт 392 иргэнтэй зорилтот бүлгийн 64, гүнзгийрүүлсэн 87, мэргэжилтнүүдийн 59 ярилцлага зохион байгуулжээ. Судалгааны дэлгэрэнгүй электрон хувилбарыг НҮБ-ын хүн амын сангийн цахим хуудаснаас авч болох бөгөөд зарим үр дүнг инфографикаар үзүүллээ.
Байр суурь
Судалгааны дүн таамгаас муу гарсан /НҮБ-ын Хүн амын сангийн суурийн төлөөлөгч Наоми Китахара/
-НҮБ 2030 он гэхэд жендерт суурилсан хүчирхийллийг бүр мөсөн устгах зорилт тавьсан. Ази номхон далайн бүсийнхтэй харьцуулбал монгол эмэгтэйчүүд харьцангуй өндөр боловсролтой, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж их. Тиймээс анх судалгааг эхлэхдээ хүчирхийллийн түвшин бусад орныхоос доогуур байгаа болов уу гэж таамаглаж байсан ч эсрэгээрээ гарсан. Хамтрагчийн үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн хувьд Монгол улс Ази номхон далайн бүсийн бусад орнуудтай харьцуулбал дунджаас дээгүүр түвшинд байна. Харин энэ бүс нутаг болон Африк тив энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь өмнө нь хүчирхийлэлд өртсөн талаараа хэнд ч хэлж байгаагүй гэж хариулсан. Олон эмэгтэй өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэдгээ ойлгохгүй, хүчирхийлэгчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь харамсалтай.
Хүчирхийллийн зүй тогтол, учир шалтгааныг лавшруулан судлах хэрэгтэй /ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал/
-Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн талаас илүү нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Хүчирхийлэлд зан үйл, мэдлэг боловсрол гэх мэт олон зүйл нөлөөлж байгаа бол архидалт өдөөгч хүчин зүйл болж байна. Манай эмэгтэйчүүдийн боловсрол сайн учраас бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүчирхийлэлд өртөж буйгаа нээлттэй илэрхийлсэн. Энэ нь бусад улстай харьцуулахад Монголд хүчирхийллийн түвшин өндөр гэсэн үр дүн гарахад нөлөөлсөн байх талтай. Гэхдээ хүчирхийллийн нарийн шалтгааныг хэлэхэд эрт. Энэ удаа хүчирхийлэл ямар түвшинд байгааг бодитоор гаргахыг зорьсон. Харин үндсэн шалтгааныг нарийвчилж, арай өөр аргаар зүй тогтлыг нь судлах хэрэгтэй.
Хууль хэрэгжүүлэхэд монголчуудын хандлага саад учруулж байна /УИХ-ын гишүүн А.Ундраа/
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд хамгаалах байр, түүнд ажиллах сэтгэл зүйч, өмгөөлөгч зэрэг хүний нөөцийн хомсдол тулгамдаж байна. Зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, сумдад хүний нөөц, төсөв маш их хэрэгтэй байгаа. Үндэсний хэмжээнд явуулсан энэ судалгааны тоо, баримтыг ашиглан аль аймагт ямар арга хэмжээ авч, хэдий хэмжээний төсөв зарцуулахыг тооцох боломжтой боллоо. Нөхцөл байдлыг төсөвтэй уявал зөв шийдвэр гаргахад дөхөмтэй. НҮБ-ын тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох жендерийн тэгш эрх, наймдугаар зорилт болох эмэгтэйчүүдийн ажлын байр, зохистой хөдөлмөрийн асуудлыг салгаж ойлгоход түвэгтэй. Энэ бүх зорилтод хүрэхэд та бүхний судалгааны үр дүнг ашиглана.
Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий болдог /МУБИС-ийн багш, профессор С.Түмэндэлгэр/
-Нийслэл, аймгийн төвд хохирогчийг хамгаалах байр бий. Харин сум, хөдөөд нэг ч алга. Хүчирхийллээс айсан эмэгтэйчүүд өөрийгөө, хүүхдээ хамгаалахын тулд гэрээсээ зугтах, айлд тэр бүү хэл хээр хоносноос биеийн зарим хэсэг нь хөлдсөн тохиолдол ч бий. Хамгийн гол нь хүчирхийлэл үйлдэж байгаа эрэгтэйчүүдийн зан үйлд чиглэсэн нөлөөллийн ажил хийхгүй байна. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий, ууртай, өөртэй итгэлгүй, зожиг зантай, сэтгэл зүйн хямралтай болсон гэж ээжүүд нь судалгааны үеэр хэлж байсан. Мөн ийм зан авиртай болоход нь эрэгтэй хүн ууртай, хатуу чанга байх ёстой гэсэн нийгмийн хандлага маш муугаар нөлөөлж байна. Бага насны хөвгүүдэд боловсролын хөтөлбөрөөр дамжуулж ямар мэдлэг олгож байна вэ гэхээр хэлэх зүйл алга. Хэрэв үүнд өнөөдөр төсөв зарцуулж чадвал 10 жилийн дараах хүчирхийллийг бууруулахад эерэг нөлөөтэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй