САНАЛ

Мэдээ

Засгийн газрын алдаатай шийдвэрийг шүүхээр хянан хэлэлцэх суурь хууль болох Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэмжээлшгүй эрхт Засгийн газар байгуулах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж, өргөн бариад байна. Энэ хуулийн төсөл батлагдвал Засгийн газрын гаргасан аливаа шийдвэрийг аль ч шатны шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй болох юм. Өнгөрсөн жил л гэхэд Засгийн газрын шийдвэртэй холбоотой 1908 хэрэг шүүхэд шийдвэрлэгдэхэд 57 хувьд нь Засгийн газар түүний харьяа байгууллагууд иргэний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь батлагдаж, ялагдал хүлээн, иргэд эрхээ сэргээлгэсэн байдаг. Монголын хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хороо иргэдийн эрхээ хамгаалах суурь болсон энэ хуульд ноцтой өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцэн мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.


(Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд)

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт болон түүний тайлбар, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн яам албан ёсны цахим хуудсандаа (http://mojha.gov.mn/Bolovsruulj-bui-tusul.html) олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлсэн байна.

Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсад хуулийн засаглалыг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй хуульчийг өөрийн эгнээндээ нэгтгэсэн, мэргэжлийн гишүүнчлэл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд болохын хувьд, 2018 оны 6 дугаар сарын 12-14 -ны өдрүүдэд уг төслийг Захиргааны эрх зүйн хорооны гишүүдээр хэлэлцүүлэн энэхүү Саналыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газар захиргааны байгууллага мөн эсэх, түүний шийдвэрийг иргэд, хуулийн этгээд шүүхээр хянуулах боломжтой байх эсэх тухай маргаан нийгэмд өрнөж, улмаар энэхүү маргаан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг өөрчлөх түвшинд хүрээд байгааг Монголын хуульчдын холбооны гишүүд, хуульчид анхааралтай ажиглаж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу аливаа захиргааны байгууллагын (тодруулбал Засгийн газрын) улс төрийн буюу бодлогын шинжтэй үйл ажиллагаа нь тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар зохицуулсан. Тиймээс Засгийн газрын улс төрийн буюу бодлогын шинжтэй үйл ажиллагаатай холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэхгүй байхаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааглаж өгсөн нь ач холбогдлоо алдаагүй байна. Тухайн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэхгүй байх эсхүл буруу хэрэглэж буй тохиолдол байвал энэ нь уг хуулийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа салбарын материаллаг хуулиудаас судалж үзвэл дэлхийн бусад орны Засгийн газартай харьцуулахад Монгол Улсын Засгийн газар нь иргэнд шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах хууль зүйн боломж маш өндөр байдаг бөгөөд улс төрийн бодлогын шинжтэйгээс бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагааныхаа хувьд Монгол Улсын Засгийн газар нь захиргааны байгууллага болох юм. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс үзвэл одоо мөрдөгдөж байгаа 3.1.7 дахь заалтыг, тайлбарын хамт бүхэлд нь өөрчлөн найруулахдаа “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” гэж томъёолжээ. Хэрэв энэ өөрчлөлт батлагдахад хүрвэл Засгийн газрын аливаа шийдвэр, түүнчлэн түүнийг хэрэгжүүлэхээр гарсан төрийн захиргааны төв байгууллагын буюу яамны, төрийн захиргааны бусад байгууллагын, мөн нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, эдгээр шийдвэр үйл ажиллагааны улмаас иргэд хуулийн этгээдийн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох, сэргээх боломжгүй болохоор байна.

Ийнхүү одоо байгаа иргэдийн эрхийн хэрэгжилтийн хууль зүйн хамгаалалт, баталгааг дордуулж, захиргааны байгууллагын хэрэгжүүлдэг захиргааны болон улс төр, бодлогын шинжтэй үйл ажиллагааны зааг хязгаарыг алдагдуулснаар Засгийн газар болон түүний харьяа яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс гаргадаг иргэнд шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээлгэхээр гаргасан иргэний нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч хянан хэлэлцэх боломжгүй болох ноцтой уршигтай үр дагавар бий болохоор болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхийг баталгаатай эдлэх учиртай. Нөгөө талаар, энэхүү баталгааг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу төр хангах үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ цагт Засгийн газрын захиргааны шинжтэй шийдвэр, үйл ажиллагаа, цагт засгийн газрын захиргааны шинжтэй шийдвэр, үйл ажиллагаа, түүнчлэн бусад бүхий л захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл түүнийг тогтоолгохоор шүүхэд хандаж, зөрчигдсөн тохиолдолд эрхээ сэргээлгэх тогтолцоо ажиллах ёстой нь гарцаагүй. Энэ нь Монгол Улсын сүүлийн 26 жилийн турш байгуулахыг зорьж буй ардчилсан, эрх зүйт төрийн суурь зарчим юм. Монголын Хуульчдын холбоо иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэхийг шүүхээр хянуулах, зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх тогтолцоог үгүйсгэж огтхон ч таарахгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдийг сайтар харгалзан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт болон тайлбар, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг өөрчлөхөөр бэлтгэсэн “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг энэ агуулга, томьёололоор УИХ-д өргөн барихгүй байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамаар уламжлан Монгол Улсын Засгийн газарт санал болгон уриалж байна. Захиргааны эрх зүйн салбарын мэргэшсэн хуульчдаас энэхүү хуулийн төслийг Үндсэн хуулийн болон өөр бусад зөрчилгүй, илүү боловсронгуй болгох ажилд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлье.

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр


САНАЛ БОЛГОХ