Ардын засгийн хувьчлалыг авах эзэд нь хэн бэ
Улс төр
Хувьчлал хуудуутай болсон ч Захиргааны ерөнхий хууль хаацайлах байв
1990 оноос хойш Монгол Улс маш өргөн хувьчлал хийсэн. Өнөөг хүртэл хувьчлал хийхдээ гурван чиглэл баримталж байгаа. Эхэндээ төрөөс өөр өмчгүй байсан Монгол Улс хувийн хэвшлийг бий болгох зорилгоор 475 компанийг их ба бага хувьчлал нэрийн дор ягаан ба цэнхэр тасалбараар өгчихсөн. Ингэхдээ нийт 10000 төгрөгөөр хувьцаа худалдан авч хувийн компанийн эзэн болох боломжийг иргэдэд олгож байв. Гэвч малыг малчдад нь, орон сууцыг иргэд нь хувьчилж чадсанаас бус зах зээлийн амин сүнс болсон хувийн компаниудыг хүртээмжтэй хэлбэрээр иргэдэд хувьчилж чадаагүй гэж өдгөө дүгнэдэг. Дараагийнх нь төр ачаанаасаа салах үүднээс алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээсээ салах чиглэл баримталж ирсэн юм. Мөн төсөвт орлого оруулах үүднээс хийсэн хувьчлал нь гурав дахь чиглэл байж болох. Харин энэ удаагийн хувьчлал дээрх гурван чиглэлийн алинд нь хамаарах вэ. Манай улсын экспортолдог гол нэрийн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн нь өнгөрсөн жилийн төсвийн орлогыг давж биелэхэд нөлөөлсөн.
Тодруулбал, 2017 онд 6.1 их наяд төгрөгөөр төсөөлсөн ч 7.2 их наядыг олсон. Энэ жил ч нүүрснээс гадна алт, зэсийн үнэ улам “гялалзах” магадлалтай тул төсөв тасалдах төлөв одоогоор харагдахгүй байна. Харин өнгөрсөн жил олсон шигээ 7.2 их наяд төгрөгөөр төсөөлсөн төсөв давж биелэх боломжтойг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байгаа. Тэгэхээр Засгийн газар тавдугаар сард болсон /05 дугаар сарын 23/ хуралдаанаар баталсан 20 гаруй аж ахуйн нэгжийн хувьчлалын зорилго төсөвт орлого оруулахад чиглээгүй байх. Тийм шаардлага ч алга. Мөн алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжээсээ салах үүднээс хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж хэлэхэд өрөөсгөл. Учир нь хувьчлах жагсаалтад орсон зарим аж ахуйн нэгж алдагдалтай бус харин ч ашигтай ажилласан нь бий. Тухайлбал, Төрийн банк, МИАТ компани. Төрийн банк гэхэд л 220 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, бүх суманд салбартай. Гэтэл Засгийн газар тус банкийг ердөө 70 тэрбум төгрөгөөр хувьчлахаар өргөн барив. Тэгвэл энэ удаагийн хувьчлалын зорилго нь юу вэ. “Захиалгат хувьчлал” гэсэн тодорхойлолт дор энэ талаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Нэгэнт хувьчилбал шүүхээр маргах эрх зүйн үндэсгүй болно
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж 600 тэрбум төгрөгийн активтай 20 гаруй компанийг 200 хүрэхгүй тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байна хэмээсэн юм. Тэрбээр “Хоёр компанийг дурдаж болно. Хөрөнгийн биржийн газрыг зарахад баталгаатай 30 тэрбум төгрөг хүрнэ. Гэтэл 20-хон тэрбумаар хувьчилна гээд оруулж ирж байна. Хоёр дахь нь Төрийн банк. Нийт актив нь 2.3 их наяд. ХААН банк 7.2 их наяд. Гэтэл Төрийн банкны ашиг 12.4 тэрбум. ХААН банкных 139.9 тэрбум. Актив нь 3.2 дахин их мөртөө ашиг нь 11.2 дахин их байгаа юм. ХААН банкны жишгээр ажиллах юм бол өнгөрсөн онд 42 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан. Гэтэл ердөө 12.4 тэрбумын ашигтай ажиллаж, 30 тэрбум нь албан тушаалтан, дарга, сайд нарын хамаатан садан авч алга болгосон гэсэн үг. Тэндээс барьцаагүй зээл их гардаг.
Тэгэхээр Төрийн банкийг хэн авах вэ гэдгийг би хэлье. Нямдоржийн Алтан гэдэг хүн авна. 75 тэрбум төгрөгөөр дуудаж байгаа. 80 гээд дуудаж байтал Алтжин гэдэг нөхөр орж ирээд 91.5 гэхэд бүх хүн зогсоно. Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөгийн төлбөр авах асуудлыг хий бичилт хийж байгаад авахаар шүүхээс шийдсэн. 91.5 тэрбум төгрөгөөсөө 51.5 тэрбум төгрөг хасахаар үндсэндээ 40 тэрбум төгрөгөөр Нямдоржийн бүлэглэл авна. Тийм учраас хувьчлалынхаа асуудлыг тодорхой болго” гэлээ. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулж буй хуулийн төсөл цаагуураа хувьчлалтай холбогдож буйг ч хуульчид хэлж байна. “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны шийдвэр, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй” гэсэн ганц заалтаар эрх баригчид хуулиас гадуур хүссэнээ хийх боломжоо бүрдүүлэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулаад авсан байхад бусдад нь хэн ч хяналт тавихгүй. “МИАТ” компанийг хэнд хувьчлуулах, “Монгол шуудан”-г хэдээр өгөх нь Засгийн газрын мэдлийнх болох юм. Нэгэнт хувьчилчихвал түүнийг дагасан маргааныг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шүүхээр шийдэх эрх зүйн боломжгүй болох гэж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй