Хэрэглээг хумьж, бизнесийг тэтгэнэ
Зах зээл
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоолоо
Дэлхийн төв банкууд бодлогоо шил шилээ даран тодотгож байгаа энэ үед Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос зах зээлийн жишиг хүүг энэ удаад 10 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Долоон гишүүнээс бүрдсэн тус хороо энэ сарын 11, 15-нд хоёр удаа хуралдаж, хамтын шийдвэр гаргасан. Хурлаар эдийн засгийн сэргэлт, инфляцын өсөлттэй уялдан зах зээлийн хөтөч хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Хэдийгээр олон улсын зах зээлд эрчим хүчний түүхий эдийн үнэ өсөж, эдийн засаг эрчимжиж буй ч инфяцын түвшин дунд хугацаанд тогтворжих төлөвтэй байна. Энэ оны тавдугаар сард 6.1 хувиар хэмжигдэж буй хэрэглээний үнийн индексийн өсөлт оны эцэст төв банкны зорилтот түвшин болох найман хувьд хүрнэ гэж Монголбанкны бодлого тодорхойлогчид таамаглаж байна. Үүнээс гадна тус хороо Монгол Улсын мөнгөний бодлогын түүхэнд анх удаа иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоолоо. Энгийнээр тайлбарлавал, өрхийн сарын нийт орлогын 70 хүртэлх хувьд хэрэглээний зээл олгохыг зөвшөөрчээ. Сүүлийн саруудад өрхийн орлого алгуур өсөж буй ч иргэдийн хэрэглээний зээл дээшилж, өрийн түвшин нэмэгдэж байгаа аж. Энэ оны тавдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээл 12 хувиар өсчээ. Үүний 10 хувийн өсөлтийг зөвхөн хэрэглээний зээл бүрдүүлсэн байна. Төв банкны тооцоогоор хэрэглээний зээлийн жилийн өсөлтийн хурд 40 хувьд хүрсэн байна.
• Энэ оны тавдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээл 12 хувиар өсчээ. Үүний 10 хувийн өсөлтийг зөвхөн хэрэглээний зээл бүрдүүлсэн байна.
• Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр 2019 оноос хэрэгжиж эхэлнэ.
• Сүүлийн саруудад өрхийн орлого алгуур өсөж буй ч иргэдийн хэрэглээний зээл дээшилж, өрийн түвшин нэмэгдэж байгаа аж.
Ийнхүү хэрэглээний зээл нэмэгдсээр буй нь өрхийн өрийн дарамтыг өсгөж буй аж. Энэ нь ирэх жилүүдэд өрх төдийгүй санхүүгийн зах зээлд томоохон сорилт болж болзошгүй. Тиймээс эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд дээрх шийдвэрүүдийг гаргасан гэж Төв банкны ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны гишүүн Н.Баяртсайхан тайлбарлаж байна. Хэрэглээний зээлийн tjuty mflflm, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох энэ шийдвэр 2019 оноос хэрэгжиж эхлэх аж. Одоогоор нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 8.8 хувьтай байгаа бол хэрэглээний зээлийнх дөрөв орчим хувьтай байна. Нийт зээлд эзлэх хэрэглээний зээл өндөр байгаа нь бизнест зээл олголт харьцангуй сул байгааг илтгэж буй. Тиймээс бодит сектор буюу бизнесийг чиглэсэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хэрэглээний зээлийг хязгаарлаж байгаа. Цаашид эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал сайжрах хэрээр бизнесийн зээлийн эрэлт өснө гэж үзэж байна хэмээн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэв. Төв банк бодлогын хүүг хоёр улирал дараалан бууруулсан. Гэхдээ өдгөө өндийж буй эдийн засгийн сэргэлтийг тогтвортой хадгалахын тулд зах зээлийн хөтөч хүүг хэвээр үлдээж байгаа аж. Тэгвэл АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ долоо хоногийн эхээр мөнгөний бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, хоёр хувьд хүргээд байгаа юм. АНУын эдийн засаг сэргэж буй тул өсөлтөө тогтвортой хадгалахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн гэж Америкийн төв банкнаас тайлбарласан юм.
Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүдээс шинэ шийдвэрээс үүдсэн зарим асуултад хариулт авлаа. Б.Лхагвасүрэн (Монголбанкны дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны гишүүн)
-Банкны салбарын хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээлд хязгаар тогтоолоо. Энэ нь банкны салбарт сөргөөр нөлөөлөх юм биш биз?
-Зээл олголт өссөн ч бизнес буюу бодит секторыг чиглэж буй нь бага байна. Тиймээс хэрэглээний зээлийг хязгаарлаж, үүнээс чөлөөлөгдсөн санхүүжилтээр бизнесийг тэтгэх юм. Хэрэглээний зээлийг задлаад харвал цалин барьцаалсан, тэтгэвэр, автомашины лизинг, гэр ахуйн тавилгын зээл өндөр байна. Энэ нь нэг талаас өрхийн төсвийг улам сахилга батгүй болгож, хэтдээ өрхийг өрийн дарамтад оруулна. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм алхам хийж байна. Нөгөө талд, эдийн засаг идэвхжиж буйгаас импорт өсөж, гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурлаа. Импорт цаашид ч өсөх хандлагатай. Үүнд уул уурхайн тоног төхөөрөмжөөс гадна хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байгаа. Тиймээс хэрэглээний зээлд хязгаар тогтоож буй нь дам байдлаар хэрэглээний импортыг бууруулахад нөлөөлнө.
Ц.Мөнхбаяр (УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх, Мөнгөний бодлогын хорооны гишүүн)
-Өрхийн зээлд хязгаар тогтоохоос гадна орлогыг нь нэмэгдүүлж байж өрхийн төсвийн зохистой харьцааг хангана. Тэгвэл өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах нь зүйтэй вэ?
-Хэрэглээний зээлээс тодорхой хэмжээний эх үүсвэр арилжааны банкуудад чөлөөлөгдөнө. Эдийн засгийн механизм талаас дэмжиж бизнес рүү оруулж байгаа. Өрхөд тулгамдаж буй зээлийн дарамт ирэх жилүүдэд эдийн засагт томоохон эрсдэл болж болзошгүй байгаа. Тиймээс урдчилан сэргийлэх үүднээс ийм хязгаар тогтоож, зөв зохистой орлого үүсэх нөхцөл рүү түлхэж байгаа. Эдийн засгийн хүндрэл бүх салбарт нэвчиж, орлого буурсан нь орлогоосоо давсан зээлийн эрсдэл бий болгосон. Тиймээс өрх гэр, банк санхүүгийн салбарт эрсдэл бий болгож байгаа. Тиймээс энэ шийдвэр эрсдэлийг бууруулахад чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, зээл авах боломжийг хязгаарлаж байна гэж харахаасаа илүү өрхийн зээлийг зохистой түвшинд хадгалахад чиглэж буйг ойлгох нь чухал. Төв банк зохицуулах байгууллага учраас ийм хязгаарлалт тогтоож байна. Харин Засгийн газар орлогоо нэмэгдүүлж байж өрхийн төсөв зохистой түвшинд хүрнэ. Үүнд ажлын байр, цалин тэтгэврийг нэмснээр дээрх нөхцөл бүрдэнэ. Зөвхөн өнөөдөр зээл аваад ирээдүйд орлогогүй болохоос сэргийлэхийн тулд ийм алхам хийжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй