Хотуудын дарга нар зовлонгоо ярилцлаа

Байр суурь


​Тэд асуудлаа шийдэж байхад бид гараан дээрээ зогссон хэвээр​


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалт “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд болж байна. Улаанбаатар хотод гурав дахь удаагаа болж байгаа энэхүү арга хэмжээнд зургаан орны 18 хотын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотын түвшинд бууруулах арга замыг хэлэлцэж, туршлага солилцож байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Жун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков, Чита хотын дарга О.В.Кузнецов тэргүүтэй хотын мээрүүд, Монгол, Япон, БНАСАУ, БНСУ, ОХУ, БНХАУ-ын байгаль орчны мэргэжилтэн, судлаачид цуглаж хотынхоо зовлонг ярилцлаа. Тус арга хэмжээнээс манайхан гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлоо бууруулахад тохирох технологийн шийдлүүд хийгээд арга замуудыг эрэлхийлж байна. Эдийн засгийн чадавх, цаг уур, хүн амын амьдралын хэв маягаас шалтгаалж Зүүн хойд Азийн агаарын бохирдлын түвшин, түүнд хандаж байгаа өнцгүүд өөр өөр байна.

Зарим хот агаарын бохирдлын асуудлаа амжилттай шийдсээр одоо хамгийн нарийн ширхэгт тоосонцорт санаа зовж яваа бол зарим нь бидний нэгэн адил дөнгөж нүүрсний утааг багасгах тухай төлөвлөгөө ч ярьж байна. Гэхдээ манай нийслэл шиг агаарын бохирдолд нэрвэгдэж, шийдлээ олохгүй мунгинаж яваа хот алга. Бээжин хот хэдхэн жилийн өмнө РМ10 буюу нүүрсний утаа, нарийн ширхэгт тоосонцрын бохирдолд нэрвэгдэн харагдах орчин нь хүртэл хязгаарлагдаж байсныг уншигчид санаж буй бизээ. Гэтэл тэд 2013 оноос таван жил шат дараалсан арга хэмжээг авсны үр дүнд агаарын бохирдлоос салсан амжилтаар улаанбаатарыг хол орхижээ. Тэдний хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан гол зам нь захиргаадалт. Бээжин хотыг тойрсон хүнд үйлдвэрүүд, нүүрс түлдэг 1100 ААН-ийн үйл ажиллагааг зогсоосноос үүнийг харж болно. Гэхдээ зөвхөн захиргаадаад зогсохгүй 40 гаруй хууль, тогтоомжид “салхи оруулж”, хөрөнгө оруулалтын түвшнийг байнга ахиулсаар ирсэн нь үр дүнд чухал нөлөөлжээ. Бээжин хотын гэр хорооллыг хийн түлшинд холбож, цахилгаан станцуудыг сайжруулсан түлшээр хангаснаа түүхий нүүрсний хэрэглээг 5.5 сая тонноор багасгажээ. Одоо тэдний дараагийн зорилго РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцороос хамгаалахад чиглэгдэж байна. 2022 онд зохиогдох өвлийн олимпт бэлтгэх үүднээс агаарын РМ2.5 бохирдлыг эрс бууруулахаар ажиллаад эхэлжээ.

Улаанбаатарт тохирох технологи, “ноу хау”-г сонгох нь чухал
Үүнээс гадна РМ2.5 гэгдэх нарийн ширхэгт тоосонцортой тэмцэж буй хот бол Сөүл. Энэ хот иргэдийнхээ саналд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн байна. Хотын агаарын бохирдлыг бууруулах саналыг олон нийтийн дунд нээлттэй явуулсны үндсэн дээр 3000 гаруй саналыг ажил хэрэг болгохоор ажиллажээ. Нүүрсний цахилгаан станцын бохирдлыг бууруулахын тулд ард иргэд нь хавар, зуны улиралд цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохыг дэмжсэн нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн байна. Мөн дизель түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийг хотын төвд явуулахгүй байх шийдвэрийг хэрэгжүүлсэн нь өнөөгийн амжилтад маш дөхөм болжээ. Мөн 8.3 сая хүн амтай БНХАУын Шэньян хот 100 мянган сайн дурынхныг агаарын бохирдлыг бууруулахад татан оролцуулснаар төрөөс явуулж байгаа бодлогоо амжилттай болгожээ. 200 гаруй ТББ-ын төлөөллийг агаарын бохирдлыг бууруулахад “ашигласан” байдаг. Одоо тэнд 80 гаруй салхин сэнс, 100 мянга гаруй нарны зайн үүсгүүр, хог боловсруулах гурван ч үйлдвэр ажиллаж, эрчим хүч, дулааны эх үүсвэр үйлдвэрлэж байна. Энэ мэтчилэн манай нийслэлд санаа авч хэрэгжүүлэхэд боломжтой хувилбарууд чуулга уулзалтын үеэр дурдагдаж байлаа. Хонконгт агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг иргэдээ одоо ч нийтийн тээврээр үнэгүй зорчуулах эдийн засгийн хөшүүрэг бий.

Бээжин хотод 16 жил шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэхэд нийгмийн оролцоо, тэндээс тавьж байгаа шаардлагыг мэдэрч татварын дэмжлэг үзүүлсэн нь маш чухал байсныг ч ярьж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бусад орны туслалцаа бий. Хонконг хотынхон угсармал байшингуудыг дулаалах ажилд тус хүргэж байгаа бол Сөүл хотын орлогч дарга хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрт хамтарч байгаагаа хэлсэн. Үүн дээр нэмээд Азийн хөгжлийн банкны 83 сая ам.доллараар хэрэгжиж буй Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвийг нэрлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд манайхаас бусад хотууд нүүрсний хэрэглээгээ цэвэршүүлж, дизель түлшээр хөдөлдөг болгоноо халаад дараагийн шатанд гарчихаж. Гэтэл Улаанбаатар хот саяхнаас л дизель түлшнээс салж нийтийн тээврийн хэрэгслийг өөр стандартад хүргэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын хуульдаа тусгаж УИХ-д санал оруулж байна. Мөн ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй гэж шийдвэрлэсэн. Сүүлийн үед цахилгаан халаагуураар зуух, халаалтыг орлуулах санал хүчтэй яригдаж байгаа ч цахилгаан үйлдвэрлэгчийн зүгээс 20 хувийг л хангах чадал бийг анхааруулаад байгаа юм. Улаанбаатарын утааг арилгах нэрээр хөвөнтэй туурга, хөөлдөггүй яндан, асдаггүй шахмал, амьдралд таараагүй зуух гээд үр дүнгүй олон ажлыг энд нуршиж бухимдахаас илүүтэй одоо хэрхвэл зохилтойг тус чуулганаас олж авах нь чухал. Зүүн хойд Азийн хотууд агаарын бохирдлыг бууруулахад өнөөдөр дижитал, бүр роботод суурилсан технологийг судлаад эхэлсэн байна. Манайх бүс нутагтаа бусад хотуудын араас явж байгаа ч, тэдний туршлагаас өөрийн хотод тохирох технологи, “ноу хау”-г оновчтой сонгож чадвал ойрын хугацаанд агаарын бохирдлоо бууруулаад зогсохгүй дижитал эх үүсвэр судлаад “томорч” байх цаг ойрхон буй.

Байр суурь

Ойн санг нэмэгдүүлж бохирдлыг бууруулсан /ОХУ-ын Чита хотын дарга О.В.Кузнецов/:

-Танайх агаарын бохирдлын асуудлаа хэрхэн бууруулсан бэ?

-Зүүн хойд Азийн хотууд цаг агаар, уур амьсгалын хувьд адил байдаг учраас тулгамдаж байгаа зүйл нэг гэж үзэж байна. Чита хотын хувьд эхний ээлжид хувийн зуухнуудыг багасгаж нэгдсэн системд оруулан, түүхий нүүрсийг экологийн боловсруулсан түлшээр солих аргыг хэрэгжүүлж байна. Мөн ойн сангаа нэмэгдүүлсэн нь агаарын бохирдол буурах гол нөхцөл болсон. Танайхыг бохирдол багатай технологид хурдан шилжих талаар судлаасай гэж бодож байна.

ДЦС-д сайжруулсан түлш хэрэглэх шийдлийг сонгосон /ОХУ-ын БНБУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков/:

-ОХУ агаарын бохирдлыг бууруулах ямар шийдэл хэрэгжүүлсэн бэ?

-Агаарын бохирдлын асуудал бүс нутгийн түвшинд бэрхшээл дагуулж байна. Улаан-Үд хотын хувьд салхи багатай байдаг учраас агаарын бохирдол ихэсдэг. Тиймээс цахилгаан станцуудад түүхий нүүрсний хэрэглээг халах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглэх шийдлийг сонгоод байгаа.

Түүхий нүүрсийг хориглосон шийдвэр зөв /БНСУ-ын Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч жун бён Юн/:

-Сөүл хотод агаарын бохирдлын ямар тулгамдсан асуудал байгаа вэ?

-Манайх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван ажил хийж байгаа. Нүүрс түлдгийн хувьд дулааны цахилгаан станцаас ялгарч байгаа бохирдлыг бууруулах, автомашинаас гарч байгаа хортой хийг багасгах, айлуудын дулааны хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэгтгээд, 2030 гэхэд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байгаа. Бид Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа төсөл, төлөвлөгөөнүүдтэй танилцсан. Тэр дундаас хотод түүхий нүүрс оруулахгүй гэдэг шийдвэр гаргасан нь таалагдсан. Үүний хамт дулааны цахилгаан станцад сайжруулсан нүүрс боловсруулах технологи нэвтрүүлж чадвал 200-хан мянган өрхтэй гэр хорооллын утааны асуудлыг шийдэж болно гэж бодож байна. Мөн манай Сөүл хотод амжилттай хэрэгжүүлсэн төсөл болох хотыг бүсчилж хуваагаад дэд бүтцүүдийг байгуулан байгальд хоргүй хийн түлш болон танай нөхцөлд тохирсон түлшээр хангахад сайн үр дүн ойрхон харагдаж байна. Тийм технологийг бидний зүгээс санал болгоно гэж бодож байгаа.

Гэр хорооллын айлуудын янданд шүүлтүүр тавина /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд/:

-Энэ чуулганаас Улаанбаатар хотын хувьд тулгамдаж байгаа агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх арга замыг юу гэж харж байна вэ?

-Агаарын бохирдлын асуудал бол зөвхөн улаанбаатарын асуудал биш дэлхий нийтийнх. Манай Улаанбаатар хотын хувьд эдгээр орнууд, хотуудын тэргүүлэх шийдэл, бололцоо нөхцөл нь юу байх вэ талаар хэлэлцдэг механизмыг бий болгох нь чухал гэж бодож байна. Өнгөрсөн жил бид сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын бохирдлыг бууруулахад ахиц гаргасан. Одоо бид нүүрсхүчлийн давхар ислийг бууруулахын тулд бусад хотууд цахилгаан тээвэрт яаж шилжиж байгааг судалж байна. Яваандаа цахилгаан автомашиныг түлхүү хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх юм. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Тэр утгаараа дулаан халаалтын хангамжийг нүүрс түлэх замаар шийдэж ирсэн. Ийм замаар цахилгаан эрчим хүчийг ялгаруулахдаа тэргүүний технологийг ашиглах шаардлагатай байгаа. Мөн гэр хороололд дэд бүтцийн төвүүдийг бий болгох замаар агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. “Эхлээд эмэгтэйчүүд, дараа нь эрчүүдийн сэтгэлгээг эмчилж байж нийгмээ өөрчилнө” Монголын нийгэм удахгүй өөрчлөгдөнө гэдэгт би бүрэн итгэдэг

САНАЛ БОЛГОХ