БНХАУ-тай түншилж, АНУ-ыг тулах боломж бий

Зах зээл


Монгол Улс өнөө хэр түүхий ноолуурын бэлтгэн нийлүүлэгч хэвээр

Монгол улс зах зээлийн замаар замнасныг нь үнэлэн чөлөөт эдийн засгийн эцэг гэгддэг АНУ 1990 оны эхээр экспортын хөнгөлөлт эдлэх эрх олгож байлаа. Худалдаа хийхдээ гарамгай Америкчууд Монголоос авч болох хамгийн боломжит бүтээгдэхүүнээр оёмол сүлжмэл эдлэлийг нэрлэж, татваргүй нийлүүлэх эрх олгосон юм. Гэвч Америкийн хишгийг бид хүртэж чадаагүй. Харин “дүү”-дээ хишиг хүртээснийг мэдсэн урд хөршийн бизнес эрхлэгчид Монголыг зорьж, ноолуурын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн билээ. Ийн манайд шинэ үйлдвэрүүд шил шилээ даран босч, урд хөршийн иргэд Монголын эрхийн дор АНУ руу экспорт хийдэг байв. Хятадууд чамлахааргүй орлого олсон гэж учир мэдэх хүн дурсаж байсансан. Гэвч АНУ худалдааны бодлогоо өөрчилж, илүү нээлттэй болгосноор бидний экспортын эрх хаагдсан юм. Ингээд хэдэн хятад хэтэвчээ түнтийлгэж аваад нутаг буцав. Харин бид олсон орлого ч үгүй, экспортын эрх ч үгүй хоосон хоцорсон гашуун түүх саяхных. Ер нь АНУ-ын шагнал Хятад төдийгүй гадаадын олон орны хөрөнгө оруулагчийн харааг булаасан байдаг. 1992 онд Их Британийн “Тэмүүжин мэнч” Монголд жижиг дунд оврын оёдлын үйлдвэр байгуулж, Америк руу экспорт хийхээр зорьсон. Гэвч үйлдвэр ашиглалтад орсноос хэдхэн сарын дараа тэнд бослого гарч “тэмүүжин мэнч” тэр дороо Монголыг орхисон хэмээн нийтлэлч Баабар “гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд IV буюу оёдлоос тос хүртэлх намтар” нийтлэлдээ өгүүлжээ. Ингэж АНУ-ын өгсөн чихрийг долоохоор чармайсан гадаадын цөөнгүй бизнес эрхлэгч байв. Ер нь газар нутагт хол ч гэлээ ардчилал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг, зах зээлийн загвар болсон Монгол улсад АНУ хэзээнээсээ элгэмсэг хандсаар ирсэн. Гэвч энэ боломжийг нь мэдлэг мэдээлэл, туршлага дутмаг бид тэр болгон бүрэн ашиглаж байсангүй.


Гэхдээ өдгөө бидний байдал өөрчлөгдөөд буй. Нэгэн цагт боломжоо бусдад ашиглуулсан манай оёдол сүлжмэл ялангуяа, ноолуурын салбар өнөөдөр дэлхийн энд хүрсэнтэй хэн ч маргахгүй. Өдгөө ноолуурын үйлдвэрлэл уул уурхайн дараа орох экспортын орлогыг Монголын эдийн засагт авчирж, манай хөнгөн үйлдвэрийн нэрийн хуудас болж байна. Гэвч төлждөг нөөцтэй энэ салбарт өргөн боломж байсаар. Хэдийгээр Монгол улс ноолуурын зах зээлийн том тоглогч ч гэлээ дийлэнхийг нь түүхийгээр гадагш гаргадаг. Өнгөрсөн оны дүнгээр нийт ноолуурынхаа ердөө 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд л хил давуулжээ. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол улсын энэ түүхий эдийн экспортоос олдог мөнгө уул уурхайн орлогын хаана ч хүрэхгүй. Түүхий болон боловсруулсан, эцсийн бүтээгдэхүүн болгосон бүх ноолуурын экспортын орлогоо нийлүүлээд тооцоход нүүрсний экспортын ердөө 10 хувьтай тэнцэж байна. Хэдийгээр Монголын ноолууран бүтээгдэхүүний чанар чансааг дэлхийд гайхуулж буй “Говь”, “Гоёо” зэрэг үйлдвэрлэгчид маань өсөн дэвжиж байгаа ч өнөө хэр Монголчууд ноолуурын зах зээлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төдий хэвээр. Иймд энэ салбарыг түүхий эд бэлтгэгчдээс үйлдвэрлэгч болгож, өсөн дэвжиж буй үндэсний үйлдвэрлэгчдэдээ өргөн боломжийн үүдийг нээхээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгойлон анхаарч эхэлсэн. тэрбээр Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хүсэлтийг АНУ-ын Конгресс болон Ерөнхийлөгч Дональд Трампт хүргүүлсэн. Мөн энэ чиглэлээр Конгресст нь том лобби бүлэг үүсээд буй аж. Ийнхүү Ерөнхийлөгчийн санал АНУ-ын Конгресст хүчээ авч буйтай зэрэгцээд төрийн тэргүүнийг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монголын ноолуурын үйлдвэрлэлийг шинэ түвшинд авчрах нэгэн чухал санал тавьсан юм. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг хангадаг Монгол, БНХАУ хүч хавсрах талаар санал тавьсан нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн ноолуурын зах зээлд онцгой үйл явдал болсон. Уг саналыг ч Монгол улсын Ерөнхийлөгч нааштай хүлээн авсан. Энэ зах зээлийн хүчтэй өрсөлдөгчид болох Монгол, Хятад хамтарснаар дэлхийн ноолуурын зах зээлд дийлдэшгүй болох талтай. Дэлхийн ноолуурын хамгийн том хоёр нийлүүлэгчийн нэгдэл хэн хэнд нь ашигтай гэж урд хөршийн тал үзэж буй. Тэд хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд экспортлох боломж ч бий аж. Харин урд хөршийн тавьсан гэнэтийн санал бас учиртай. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Хятад гол худалдан авагч болох АНУ-тай тарифын маргаан дэгдээгээд буй.


• Хэдийгээр Монгол Улс ноолуурын зах зээлийн том тоглогч ч гэлээ дийлэнхийг нь түүхийгээр гадагш гаргадаг.
•Өнгөрсөн оны дүнгээр нийт ноолуурынхаа ердөө 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд хил давуулжээ.
• 25 сая хүн амтай АНУ манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зорилтот зах зээл байсаар ирсэн.


Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны хориг өдгөө улам бодит болж, урд хөршийн 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоохоор болчихоод байгаа юм. Бас энэ дүнг 200 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн хатуухан сануулж байгаа. АНУ-ын тариф тогтоох бараа, бүтээгдэхүүний тоонд оёмол сүлжмэл эдлэл багтахаар байгаа тул БНХАУ, Монголтой хамтрахаар зэхэж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын худалдааны маргаан манайд зарим таатай боломжийг нээж магадгүй байна. Үүнтэй зэрэгцээд АНУ нааштай хариу илэрхийлбэл манай ноолуурын салбарт эргэлт болж мэдэх нь. Учир нь 325 сая хүн амтай АНУ манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зорилтот зах зээл байсаар ирсэн. Дэлхийн томоохон хэрэглэгчдийн нэг энэ улс Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонез, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолдог. Энэ аварга зах зээлд гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлбэл ноолуурын компаниудад том дэм болно гэж Монголын ноос, ноолуурын холбооноос мэдэгдэж буй. Тэрчлэн Засгийн газар “Ноолуур” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ноолуурын экспортыг 5.7 дахин өсгөж, 4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөж байна. Эцэст нь хил залгаа хөрш орон төдийгүй дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүртэл манай оёмол сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлд боломж олгож байна. Харин эргэлт авчрах энэ “шар тос”-оо өмнөх гашуун түүхүүд шигээ харсаар суугаад хоосон хоцрох эрх бидэнд үгүй. Өөрсдөө идэвх санаачилга гарган, хөнгөн үйлдвэрийн салбартаа хувьсал хийх эсэх нь биднээс л шалтгаална. Ингэж чадвал нөхөн төлжиж байдаг нөөц баялгаа ашиглан уул уурхайтай энэ зэрэгцэхүйц эдийн засгийн тулгуур салбарыг цогцлоох боломж нээгдэнэ.


САНАЛ БОЛГОХ