General Electric компани Dow Jones индексээс хасагдлаа
Зах зээл
1896 онд Dow Jones-ыг үүсгэн байгуулахад оролцогчдын нэг GE аж үйлдвэрийн групп уг индекс дэх байр сууриа Walgreens компанид алдлаа. Dow Jonesын аж үйлдвэрийн дунджид 100 гаруй жил багтаж байсан тус группийн оронд зургадугаар сарын 26-ны арилжаан дээр Walgreens Boots Alliance хэмээх эмийн сүлжээ орж ирэх аж. уг шийдвэр онцын бодит нөлөөгүй боловч сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн групп доройтож буйн илрэл болж байна. GE 1896 онд индексийг байгуулахад оролцож улмаар 1907 оноос хойш тасралтгүй гишүүний бүртгэлтэй байв. 1990-ээд онд эднийх зах зээлийн үнэлгээгээр АНУ-д хамгийн том компаниар шалгарч, 2009 онд дэлхийн таван том группийн жагсаалтад багтсан юм. Сүүлийн үед тус группт хийн шаталттай цахилгаан станц ба газрын тосны талбайн үйлчилгээний зах зээлийн уналт 2006 оны даатгалын үүргээ барагдуулах гэх мэт бэрхшээлүүд тулгарчээ. Өнгөрсөн жил өгөөжөө танахад хүрсэн нь 1938 оноос хойш хоёр дахь удаагийх болов. S&P Dow Jones индексийн хорооны захирал бөгөөд зөвлөлийн дарга дэвид Блицер GE-ийн оронд Walgreens-ийг бүртгэж авах тухай мэдэгдлээ. Тэрбээр “индексийг эдийн засаг ба хөрөнгийн зах зээлийн илүү нарийн хэмжээс болгохыг зорьж байна” гэсэн нь хэрэглэгч ба эрүүл мэндийн салбаруудыг онцолсон хэрэг юм.
Уг шийдвэр зах зээлийн үнэлгээнээс илүүтэй хувьцааны үнээр оролцогчдыг шалгаруулдаг Dow Jones-ын онцлогийг харуулж байна. 12 сарын дотор General Electric-ийн хувьцааны үнэ 54 хувь унаж, мягмар гарагийн арилжаан дээр нэгж нь 12.95 ам.доллараар хэмжигдэж байв. Энэ нь Goldman Sachs-ын хувьцааны үнэ 228 ам.доллар, Apple-ынх 186 гэх мэтээр өндөр үнэтэй байгаагаас онцын ялгаагүй. Dow-д хамрагдаж буй аж үйлдвэрийн бусад компаниудтай харьцуулахад GE-гийн үнэлгээ 113 тэрбум ам.доллар байгаа нь дээгүүр үзүүлэлт. Тухайлбал, Dow Jones Industrial-д багтдаг United Technologies ба Caterpillar компаниуд тус бүр 100 ба 86 тэрбумын үнэлгээтэй байгаа. Түүнчлэн илүү өргөн хүрээтэй S&P 500 индекст GE зах зээлийн үнэлгээгээр 44 дүгээрт жагсдаг. Дээрх мэдэгдэл гарсны дараа мягмар гарагт тус группийн хувьцааны үнэ 1.5 хувиар унаж, Walgreens-ийнх 4.4 хувь өслөө. Ийм бага өөрчлөлт ажиглагдсан нь Dow Jones-ыг хөрөнгө оруулагчид гүйцэтгэлийн үнэлэмж байдлаар бараг ашигладаггүйтэй холбоотой. S&P Dow Jones мэдээгээр Dow 29.6 тэрбум ам.долларын хөрөнгийг ажиглах хэрэгсэл болдог бол S&P 500 нь 9.94 их наяд ам.долларын хэмжээтэй хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэлийн шалгуур юм. General Electric энэ тухай мэдээлэхдээ “Бид боловсруулсан төлөвлөгөөний дагуу компанийн үйл ажиллагааг сайжруулахад төвлөрч ажиллана. өнөөдрийн шийдвэр илүү хүчтэй, үр ашигтай GЕ-ийг бий болгох бидний үүрэг хариуцлагыг өөрчлөхгүй” гэжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй