Хуралдаа суудаггүй гишүүд төсвийн мөнгө үрсээр байх уу

Улс төр


УИХ-ын гишүүдийг ажилд нь бараг л албадаж ирүүлэх хэмжээнд яригдаж байна


УИХ-ын гишүүд хурлаа таслах, хүний өмнөөс кноп дарах, ирц бүрдэхгүй байх асуудал үе үеийн парламентад чихнээс хонх уясан асуудал байсаар ирсэн. Аргаа барсан олонхын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан хэдэн гишүүн дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ирцийг бүртгэх, парламент, байнгын хороогоор хэлэлцэж буй асуудлаар санал хураахдаа гишүүдийн хурууны хээг таниулах зохицуулалт хийх төсөл өргөн барьсан. Улмаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Гэвч энэ нь хурлын дэгийг сахиулж, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж байна гэхээс илүү өнөөгийн парламентын гишүүд үүрэгт ажлаа ухамсарлах чадамжгүй болсны илэрхийлэл юм. Байг гэхэд одоогийн парламентын гишүүд өнгөрсөн хугацаанд уих болон байнгын хорооны хуралдааныг тасалсан цагийг хар. 1012 цаг. Ийм олон цагаар үүрэгт ажлаа хийлгүйгээр эрхмүүд хаана юу хийж явсан байж таарах вэ. Үүний цаана орон нутагт ажиллаж байгаа, эрүүл мэндийн асуудалтай, гадаадад томилолттой...гэх мэт шалтгаанаар шалтаг хийж, сул тэнэж явсан тохиолдол ихэнх нь байдгийг уих-ын тамгын газрын тайлангаас харж болно. Хүний урманд хуралдаа хагас дутуу ч сууж харагддаггүй атлаа УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээ эдэлж л яваа тэднийг ажилд нь ирүүлэхийн тулд төсвөөс мөнгө зарж, төрийн ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж байгаа нь ээлжит эмгэнэл болоод байна.


Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан ажлаа тодорхой хугацаагаар тасалсан тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх заалт мөрдөгддөг. Гэтэл энэ чуулганы хугацаанд гишүүдийн ажлаа тасалсан 1072 цагаас нэг гишүүнд 13 цаг ногдож байна. Хуулиа дээдэлдэг улс бол парламентаараа “ажлаасаа халагдах” цаг болчихож. энгийн нэг хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа хүнд ийм зохицуулалт үйлчилж байхад ард түмний итгэлийг авч, төрийн ажилд томилогдсон, дархан эрх эдэлж байгаа этгээдүүдэд үүнээс илүү хариуцлага ногдох ёстой юу гэхээс бага байх ёсгүй. Ард түмний итгэлийг өвөртлөн, төрийн ордонд “тухалж” буй гишүүдээс чуулганы танхимд бараг харагддаггүй нь ч бий. Хамгийн алдартай нь Б.Наранхүү. Түүний санаачилсан хууль, ахалсан ажлын хэсэг, боловсруулалцсан баримт бичгийн талаар сонссон нь нэгээхэн ч үгүй. Төрийн ордон дахь албан өрөө нь л түүгээр “авторладаг” байх. Гэхдээ байнга шахуу түгжээтэй. Уг нь байнгын ажиллагаатай парламентын гишүүний үндсэн үүрэг нь хууль боловсруулж, батлуулах байдаг. Гэхдээ ёс зүйгүй, үүрэг, хариуцлагаа умартсан гишүүн УИХ-д Б.Наранхүү ганцаараа биш гэдгийг өдгөө парламентаар хэлэлцэж буй дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нотолно.

Нэртэйгээр нь төрийн албан хаагч өдөрт найман цаг ажилладаг хуультайг өдөр бүр гишүүдэд сануулъя
Гишүүд хурлаа таслах нь үнэхээр дэндэж, хууль батлах үйл явцад саад учраад байгаа тул төрийн ордны тоног төхөөрөмжийг шинэчилж, цахим картаар ирц бүртгэдэг, санал өгдөг болгосон нь саяхан. Гэтэл гишүүдийнхээ өмнөөс карт нь ажил хийгээд байгаа тул ийн хурууны хээг нь таниулах арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн бололтой. Ийм болтлоо арчаагаа алджээ, манай төрийн түшээд. Уг нь УИХ-д энэ төвшний ёс зүй, сахилга хариуцлагатай хүмүүс л сонгогдох босго өндөр газар биш бил үү. Гэтэл цэцэрлэг, яслийн хүүхэд шиг “эрхэлж” байгаа тэднийг яах ёстой юм бэ? Нэртэйгээр нь төрийн албан хаагч өдөрт найман цаг ажилладаг хуультайг өдөр бүр тэдэнд сануулж байвал яасан юм. Засаг огцруулах, сайдыг чөлөөлөх үед “долоовор” хуруугаа ашигладаг, улстөржихөөс өөр ажил сэддэггүй, дандаа буруу талаас нь хардаг, боломж л гарвал өөрийгөө л рекламддаг нөхдүүд энэ парламентад бишгүйдээ нэг байна. Энэ мэт эрээвэр хураавар олон “өнгө”-нөөс бүтсэн парламентад эрхбаригчид нь ч эрх баригчид шиг, сөрөг хүчин нь ч сөрөг хүчин шиг харагдахгүй байгаа нь нууц биш. Өөрийнхөө өмнөх үндсэн ажлаа хийхгүй мөртлөө Засгийн газраа ажил хийлгэдэггүй, гүйцэтгэх засаглалынхаа бүхий л асуудалд хошуу дүрж, тендер, төсөл, ТЭЗҮ-ээс өөрийг бодохоо больсон ийм парламентад хэн хариуцлага тооцох вэ.

Ямар сайндаа л “ийм парламент байснаас тарсан нь дээр” гэх Ерөнхийлөгчийн санаачилга тэр үедээ тэгж их өндрөө авах билээ. “Түүхэн дэх хамгийн сул гишүүд сонгогдсон, сахилга батгүй парламент ажиллаж байна” гэх тодорхойлолтыг УИХ-ын гишүүдийн зарим нь хүлээн зөвшөөрдөг. Уг нь тэдний хийх ёстой ажил нь улстөржихөөс гадна бас улс оронд чухал хуулиудыг хэлэлцэж батлах явдал шүү дээ. Парламентын хүлээлгийн танхимд, УИХ-ын даргын өрөөний хаа нэгтээ дарагдсан олон хуулийн төслийг уих хэзээ амжиж хэлэлцэх нь тодорхойгүй байна. Бүрэн эрхийнхээ ихэнх хугацааг эрх мэдлийн хэрүүлд зарцуулсан тэдэнд хэлэлцэх асуудал, батлах хууль толгойтой үснээс их баймаар. Зөвхөн өнөөдөр, маргааш хуралдах нэгдсэн чуулганаар гэхэд 30 орчим асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ. Үнэндээ ийм олон хуулийг хоёрхон өдрийн дотор хэлэлцэж амжихгүй бөгөөд үйл явдлаас харахад бөөндөхөөр шийдсэн бололтой. Ээлжит чуулганы ихэнх хугацааг үндсэн үүргээсээ өөр зүйлд зарцуулсан УИХ-ын хавар, намрын чуулганы төгсгөлд ингэж хуулиудыг бөөнддөг жишиг тогтсоныг энэ удаа ч давтаж буй нь тэр юм. Ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг олж авсан хүн тэр хэмжээгээр өөртөө хувь хүний ёс зүйг ухамсартайгаар илэрхийлж байх ёстой. Гэтэл өнөөдөр уихын гишүүдийг ажилд нь бараг л албадаж ирүүлэх хэмжээнд яригдаж буйг ойлгох ухаан алга. Тийм байж төрөө хүндэл, хуулиа сахь, биднийг сонс гэж сонгогчид руу хашгирсаар байх уу?

САНАЛ БОЛГОХ