Газрын тос боловсруулах үйлдвэрийн тоолуур гүйж эхэллээ

Зах зээл


1.2-1.5 тэрбум ам.доллар хэмнэх үйлдвэр 10 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө​


Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шинэхэн саарал дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан тэр цагаас хойш даруй 20 гаруй жил хол өнгөрсөн байна. Энэ хугацаанд газрын тосны нэг ч үйлдвэр шинээр бий болсонгүй. Харин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох тухай чихэнд чимэгтэй яриа энэ хугацаанд тасралтгүй өрнөсөн билээ. Тэгвэл 2018 оны зургадугаар сарын 22-нд энэхүү хүсэл бодитоор биеллээ олох эхлэл тавигдлаа. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт сүндэрлэн босох газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил баасан гарагт эхэлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг сая нэг тавилаа. Дархан-Уул, Хэнтий, Дорнод аймагт барьж байгуулах талаар Засгийн газрын тогтоол өмнө нь удаа дараа гарч, тэр болгон нь буцаж байв. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барьж байгуулах тогтоол гаргаж байлаа. Үүний өмнө С.Батболдын Засгийн газар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байгуулахаар шав хүртэл тавьж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээлтэд нь оролцож байв.

Тэгвэл 2011 оноос хойш илүү эрчимтэй ярьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр урагшилж байна. “Монголд үйлдвэрлэв” шошготой шатахуун хэрэглэх тэр цаг алхам алхмаар ойртож байгаа нь энэ. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр 2022 оны эцэс гэхэд ашиглалтад орж, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас улсаараа гарахад ердөө дөрвөн жил үлдэж байна. Сүүлийн найман жилийн хугацаанд Монгол улс таван удаа газрын тос боловсруулах үйлдвэр барихаар “зодоглосон”. Өөрөөр хэлбэл, таван удаа оролдлого хийсэн байдаг. Гэвч хөрөнгө мөнгөний бололцоо, сонгууль, улс төрийн шалтгаанаар Засгийн газар солигдох болсноор багагүй цаг хугацаа, хөлс хүч зарж хийсэн техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж байлаа. Энэ болгонд цэг тавьж, олон жилийн турш яригдаж ирсэн үйлдвэр ямар ч байсан бодит ажил болох замдаа орлоо. Анхны хөрөнгө оруулалтаа ашиглалтад орсноос хойш эхний 10 жилдээ бүрэн нөхөх боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Монгол улсын Засгийн газар хариуцах бол үйлдвэр, хоолойн ажлыг БНЭУ хариуцахаар болов. Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд нэгэн цоо шинэ хуудас нээгдэж байна.

• Монгол Улс жилд дунджаар 1.2 тэрбум орчим ам.долларын шатахуун худалдан авч байна.
• Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр 2022 оны эцэс гэхэд ашиглалтад орж, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарна.
• Монгол Улсын нийт импортын 25-30 хувийг зөвхөн шатахууны импорт эзэлж буй.

Үйлдвэр ашиглалтад орсноор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломж бүрдэх төдийгүй монгол төгрөгийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Учир нь, үнийн хэлбэлзлээс хамаараад Монгол улс жилд дунджаар 1.2 тэрбум орчим ам.долларын шатахуун худалдан авч байна. Тэгвэл үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээний валют гадагшлах бус Монголбанкны гадаад валютын нөөцийг зузаатгана гэсэн үг. Ийм хэмжээний валют хэмнэнэ. Тэрчлэн гадаад худалдааны өндөр дүнтэй алдагдал буурч, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт холдох нь. Ялангуяа, инфляц нам түвшинд тогтвортой байхад шинээр ашиглалтад орох үйлдвэр голлох нөлөө үзүүлэхээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд инфляц 6.1 хувьтай тэнцэж байна. Инфляцын өсөлтөд шатахууны үнэ голлох нөлөө үзүүлж ирсэн. Энэ нөлөө багасах хэрээр эдийн засагт үзүүлэх инфляцын эрсдэл буурах юм. Уул уурхай, хот байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүд хөдөлж байгаа өнөө үед шатахууны хэрэгцээ улам өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Үүнээс гадна иргэдийн амьжиргааны түвшин сайжирч, өрхийн худалдан авах чадвар нэмэгдэх хэрээр шатахууны эрэлт, хэрэгцээ дагаад өснө. Үүнд Монгол улс бэлэн байх ёстой. Энэ утгаараа газрын тос боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн ач холбогдол илүү жин дарна. Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 20 гаруй талбай байна.



Энэ нь түүхий эдийн нөөц хангалттай байгааг илтгэнэ. Нөөц байгаа нөхцөлд үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллаж, шатахууны үнэ баяр болгоны өмнө өсөөд байхааргүй болж байна. Монгол улсын нийт импортын 25-30 хувийг зөвхөн шатахууны импорт эзэлж буй. Тэгвэл үүнд зарцуулж байсан дээр дурдсан нэг тэрбум гаруй ам.доллар гадаад өрийн дарамтыг нимгэлэхэд ч чухал үүрэг гүйцэтгэх нь лавтай. Улсын гадаад валютын албан нөөц гурав орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Валютын ханшийн нөлөөнд өртөмтгий улсын хувьд нэг тэрбум ам.доллар гэдэг их дүн байхаас аргагүй. Хэнээс ч гуйхгүй дотоодын хэрэгцээгээ хангана гэдэг маш том боломж. шатахуунаа үйлдвэрлэдэг болсноор жижиглэнгийн шатахууны үнэ хамгийн багадаа 20 гаруй хувиар буурах боломжтой аж. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ДНБ-ий үйлдвэрлэл даруй 15 хүртэл хувиар нэмэгдэх тооцоог уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулсан юм. Цаашилбал, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах үйлдвэрийнх 2.5 дахин нэмэгдэхээр байна. Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрөх аж.

Бүтээн байгуулалт эхэлсэн цагаасаа л ийнхүү нийгэм, эдийн засагт ашиг тусаа өгч эхлэх боловсруулах үйлдвэр нэг тэрбум ам.долларын өртгөөр босох юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч компани удахгүй тодорч, орон нутагт 500 гаруй ажлын байр бий болохоор байна. Монголчуудын өөрсдөө хийж, бүтээж чадаагүй, олон жилийн турш сонгуулийн өмнө тууз хайчлах төдий ярьж ирсэн газрын тос боловсруулах үйлдвэр Энэтхэгийн Засгийн газрын дэмээр цаасан дээр бус хөрсөн дээр ийнхүү бууж байна. Бүс нутгийн томоохон тоглогч болон тодорч буй Энэтхэг манай улсын үндэсний хэмжээний тулгамдсан асуудлаар ийнхүү түншилж байна. Төсөл хөдлөх нь түүхэн үйл явдал. Гэхдээ ТЭЗҮ-д тусгасан цаг хугацаандаа амжиж үйлдвэрээ ашиглалтад оруулах нь илүү чухал. Энэтхэгийн тал уг төслийн бүтээн байгуулалтад хяналт тавьж ажиллах учир Засгийн газрын ажилд багагүй дэм болох биз ээ. Үйлдвэр ашиглалтад орсноор авто бензин, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдэхүүнийг Монголдоо олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх юм. Үүнтэй зэрэгцээд шатахууны чанарын асуудал хөндөгдөж байна. Тэгвэл 1.5 сая тонн газрын тос боловсруулаад евро 4 стандарт хангасан 92-95 октантай авто бензин, онгоцны Let-A1 маркийн түлш, замын битум гаргаж авч болох аж. Газрын тос боловсруулах энэхүү үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологийг суурилуулсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах юм. Үйлдвэрийг дагалдаж цаашид Монгол улсад химийн үйлдвэр хөгжих үндэс тавигдах чухал ач холбогдолтойг газрын тосны салбарынхан онцолж байна.



САНАЛ БОЛГОХ