Засгаа муухай харагдуулж эхэлсэн сайдыг шалгуулахаар АТГ-т ханджээ

Улс төр


​Албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэв​


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ийн өгүүлэв.“ Захиргааны хэргийн шүүх байгуулах хуулийн төслийг 2004 онд УИХ-д оруулж ирээд, 2006 онд батлуулсан юм. УДШ-ийн хажууд байсан байшинд засвар хийж, Захиргааны шүүхийг оруулаад, 21 аймагт давж заалдах шатны шүүхийг нь байгуулж өгсөн хүн бол-Би” хэмээн УИХ-ын чуулганы танхим дүүрэн аархаад, үгийнхээ төгсгөлд сурсан зангаараа “Анх Захиргааны шүүх байгуулах саналыг гаргаж, батлуулж байсан миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгаж бас чадна шүү” хэмээн “заналхийлэв”. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль зүй, дотоод хэргийн яам санаачилж, УИХ-д өргөн барьснаас хойш хуульчдын дунд өрнөж буй хэлэлцүүлэг, онолын мэтгэлцээн, шүүгч, өмгөөлөгч, судлаачдын байр суурь Засгийн газарт, тэр дундаа Ц.Нямдорж сайдад таалагдахгүй байгаагийн тод илэрхийлэл түүний эл “дурсамж” байлаа. УИХ-ын хууль зүйн байнгын хороо хүртэл уг асуудлыг хэлэлцэхээ хойшлуулж, Засгийн газар хуулиас дээгүүр, хариуцлагаас хол байх эрхийг өөрсдөдөө олгохоор санаархлаа хэмээн буруутгасан. Гэвч уг төслийн эсрэг дуугарсан хэн бүхнийг хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “нохой” хэмээн хочилж, Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөхийн төлөө хатуу тэмцэхээ өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт уг төслийг өргөн бариад, маргааш нь хэлэлцүүлэхээр хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд гэнэт оруулсан байв С.Бямбацогт нарын асуудалд ул суурьтай ханддаг гишүүд эсэргүүцэж байж хойшлуулсан уг төсөл өнөөдөр мөн л хэлэлцэх асуудлын дараалалд багтсан байна. “Үүдээр гаргахаар тооноор орж ирлээ” гэдэг шиг. Үүнээс харахад Засгийн газар төслөө хаврын чуулган завсарлахаас өмнө парламентаар хэлэлцүүлж, “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэдэг заалтаа батлуулж авахаар улайрч байгаа бололтой. Гэвч хуульчид дахин шинэ факт гаргаж тавихаар шийджээ. Б.Ган-Очир, Д.Оросоо, Т.Баясгалан нарын нэр бүхий хуульч нар өчигдөр АТГ-т хандан, сайд Ц.Нямдоржийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан юм байна. Сайд Ц.Нямдорж улайрдгаараа улайрч, Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөхөөр ийнхүү зүтгэж, тэгэхдээ хувийн байр сууриа хүртэл илээр илэрхийлэх болсны цаана монгол улсын эсвэл Засгийн газрын эрх ашиг өчүүхэн ч харагдахгүй байгаа аж. Гагцхүү Ц.Нямдорж гэдэг хувь хүний эрх ашигтай холбоотой нь тодорхой байна хэмээн дээрх хуульчид үзжээ.

“Захиргааны шүүхийг татан буулгаж бас чадна шүү” хэмээн “заналхийлэв”
Энэ талаар хуульч Д.Оросоо тайлбар хийхдээ “Эрүүгийн хуульд заасанчлан хууль зүйн сайд нь албан тушаалаа ашиглан өөртөө илт давуу байдал бий болгохоор санаархсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ч ингэж үзэх үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлыг сайд Ц.Нямдорж ХЗДХЯ-н дээр зохион байгуулсан. ингэхдээ хэд хэдэн хууль зөрчлөө. Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийн төслийг боловсруулах ажил маш нарийн процедуртай байдаг. Гэтэл сайд Ц.Нямдорж албан тушаалын давуу байдлаа ашиглан, ашиг сонирхлын зөрчилтэйгээр уг төсөлд хандсан. Энэ нь цаанаа ойрын үед Засгийн газраас гаргах гэж байгаа өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой гэж хуульчид бид үзэж байна. Тиймээс сайд Ц.Нямдоржийн ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандаж байна” гэв. УИХ 2015 онд хууль тогтоомжийн тухай хуулийг баталж, зарим шинэчлэл хийсэн юм. Энэ дагуу хуулийн төслийг дур зоргоороо зохиодог байдал зогссон.

Гэтэл өмнө нь орондоо хэвтэж байгаад хууль засдаг гэсэн ярианд холбогдсон хууль зүй, дотоод хэргийн сайд энэ удаа ч ялгаагүй, нэг өдөр босч ирээд л ямар ч судалгаагүйгээр хуулийн төсөл санаачилж, түүнийгээ батлуулах гэж дайрч байгаагийн эсрэг зогсох ёстой гэдгээ тэд илэрхийлсэн юм. Мөн Засгийн газраас зохион байгуулалттай хэрэгжүүлэх гэж буй энэ ажиллагаанд хуульчид хатуу хяналт тавьсаар байна гэдгээ онцлов. АТГ уг гомдлыг хүлээн авч, “судалж үзээд хариу өгнө” хэмээн мэдэгджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн уг албан тушаалд очсоныхоо дараа ЦЕГ болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч, нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан хэрэгт нэр холбогдсон юм. Үүнээс гадна уих дахь ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй” гэж үзэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж байсан билээ.

САНАЛ БОЛГОХ