“Тавантолгой” төсөл урагшлах эсэхийг УИХ шийдэх л үлдлээ

Уул уурхай


“Эрдэнэс Тавантолгой”-н баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болсон


Засгийн газрын түвшинд “Эрдэнэс Тавантолгой” хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компани болоход алхам алхмаар ойртож байна. Тус компанийн нийт хувьцааны 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгон арилжих зураглал тодорхой боллоо. Тавантолгойн ордыг бүхэлд нь хөдөлгөх энэхүү хувилбарыг ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэнэ. Тэр үед хүлээлт үүсгэсэн “Тавантолгой” төсөл урагшлах эсэх нь тодорхой болох юм. 2.1 тэрбум тонн нүүрсний баталгаажсан нөөцтэй ордыг эдийн засгийн эргэлтэд иж бүрэн оруулахаар Засгийн газар зорьж байгаа. Сүүлийн найман жилийн турш гацаанд орсон мега төслийг хөдөлгөх амаргүй даалгавартай энэ засаг нүүр тулсан. Хэдий тийм боловч уих дахь МАН-ын бүлгээс дэмжлэг авснаар “Тавантолгой” төсөл одоо л урагшлах нь гэсэн эерэг мессеж хөрөнгө оруулагчдад хүрч байна. Гэхдээ “Тавантолгой” дайны төсөлд саад тотгор мундахгүй их. Энэ болгоныг даван туулж чадвал “Тавантолгой” төсөл сая хөдөлнө гэсэн үг. Уг төсөлд Ерөнхийлөгчийн дэмжлэг том хамгаалалт болох нь дамжиггүй.

“Эрдэнэс Тавантолгой” дотоод, гадаадын хөрөнгийн биржид гарахад шалгуур үзүүлэлтийнх нь 60-68 хувийг хангаж байгааг салбарын сайд онцолж байна. Хонконгийн хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” гарах боломжтой аж. Тэгвэл гаднын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд ихэнхдээ нийт хувьцааны 25 хувийг арилжаалах шаардлага тавьдаг аж. Энэхүү шаардлагатай Засгийн газрын хувилбар нийцэж байна. “Эрдэнэс Тавантолгой”г нээлттэй компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр нэгэн зэрэг IPO хийхээр засаг төлөвлөж байгаа. Үүнээс өмнө ордын нөөцийн нэгдсэн үнэлгээ хийлгэх шаардлагатай. Мөн компанийн бизнес төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, эрсдэлийн дүгнэлт хийх, нөхөн сэргээлтийн сан үүсгэх зэрэг Засгийн газрын хийх ажил цөөнгүй байгааг салбарын сайд тодотгосон юм. Энэ ажлын ачааны хүндийг хөрөнгө оруулалт горилж буй “Эрдэнэс Тавантолгой” өөрөө үүрнэ. Хамгийн наад зах нь, компанийн засаглалаа сайжруулж, худалдан авалтаа ил тод болгох хэрэгтэй. “Тавантолгой” төсөл урагшлах эсэхийг УИХ шийднэ гэж эхэнд дурдсан. Магадгүй цаг хугацаа алдах, улстөржих хамгийн том эрсдэл УИХ дээр үүсэж болох юм. Өмнөх оролдлогууд УИХ-ын босго давалгүй унаж байсан удаатай. Хэрэв төсөл хэрэгжүүлэх “тийз”-ийг Засгийн газар УИХ-аас авч чадвал IPO гаргах бэлтгэл ажил эрчимжинэ.

Хонконгийн хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” гарах боломжтой
Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлснээр хүлээгдэж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Үүнд төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц багтаж байна. Тухайлбал, эдгээрээс нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болжээ. “Оюутолгой”-н араас залгах хоёр дахь томоохон төсөлд “Тавантолгой” тооцогдож ирсэн. Уг төсөл хөдөлж байж иргэн болгондоо эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ нэмэгдэж, ногдол ашгийн сураг чимээ ойртохоор байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээр, “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 14.75 хувийг 2.5 сая иргэн эзэмшиж байгаа бол 0.05 хувь нь 486 аж ахуйн нэгжид байна. Үлдсэн 85.2 хувь нь төрийн мэдэлд байгаа юм. Компанийн дүрэмд нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр нэрлэсэн бөгөөд нийт 15 тэрбум ширхэг энгийн хувьцаа бий. Хэрэв УИХ “Тавантолгой” төслийн шинэ хувилбарыг олонхын саналаар дэмжлээ гэхэд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой ахиц гарна гэж Засгийн газар үзэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны урьдчилсан тооцоогоор IPO гаргаснаар 1.5-6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой.

УИХ-ын 2010 оны тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай 39-дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргахаар заасан байдаг. Уг тогтоол хүчин төгөлдөр байгаа тул Засгийн газрын хувьд илүү санаачилгатай байснаар “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г үр дүнд хүргэх боломж байгаа юм. С.Баяраас эхлээд зургаа дахь Ерөнхий сайд, уул уурхайн тав дахь сайд “Тавантолгой” төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн биржид гаргах талаар ярьж байна. Тавантолгой ордын эргэн тойронд үүссэн эргэлзээ, урьдын төвөгтэй нөхцөл бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд коксжих нүүрсний үнэ өндөр байснаар санхүүгийн үзүүлэлт нь эрс сайжирсан. Энэ оны тавдугаар сарын байдлаар тус компани 4.7 сая тонн нүүрс олборлож, 6.7 сая тонныг экспортолж, 328 сая ам.долларын борлуулалт хийжээ. Тухайлбал, 2018 оны гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг IPO гаргах бэлтгэл ажлын явц 37 хувьтай байгааг дуулгасан юм. Хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болохоор “зодоглож” буй тус компани энэ оны экспортын төлөвлөгөөгөө тодотгож, 13 сая тонныг экспортлохоо мэдэгдсэн юм. “Тавантолгой” төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд нэг тэрбум хүртэлх ам.долларын орлого оруулах, шууд болон шууд бусаар 5800, дам нөлөөгөөр 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болох тооцоо судалгааг эхний ээлжинд гаргажээ. Эдгээр боломжийг “чулуу” болгох сонголт УИХ-д үлдлээ.

САНАЛ БОЛГОХ