Говийн усыг үнэгүйдүүлсэн зусар тогтоолоо цуцал

Нийтлэлчийн булан


​Говийн ус сэргэхийг хүлээнэ гэвэл хүний байтугай галавын нас ч хүрэхгүй​


Дусал усны үнэ цэнийг хэн бүхнээс илүү мэдэх говийнхонд албан тушаалтнуудын ялихгүй зусар зан өөдөлж дэвжихэд нь томоос том гай болж буй аж. Энэ тухай Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар өнгөрсөн долоо хоногт манай сонинд өгсөн ярилцлагадаа тодотгосон юм. Сонсоход арай ч дээ гэмээр шийдвэрийг 2013 онд Засгийн газар гаргасан байх юм. 326 дугаар тогтоол гэгчийг гаргаж, усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоож, зарим төлбөрийг нь чөлөөлжээ. Чөлөөлөх үндэслэл нь унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгийг цэнгэгшүүлэн зөөлрүүлж ашигласан тохиолдолд гадаргын болон газрын доорх усны төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр болсон юм байна. Өдгөө энэ заалт “Оюутолгой” зэрэг говийн томоохон уурхайнуудад үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрс, алт, зэс, газрын тосны бүх л томоохон орд, уурхай ахуйд хэрэглэсэн усныхаа төлбөрийг төлдөггүй гэсэн үг. Говьд балга ус бүтэн өдрийн амьдрал байх тохиолдол олонтаа. Ус тэдэнд ямар ч алт эрдэнэс, зэс, нүүрснээс илүү үнэ цэнэтэй байдаг юм. Балга усаар говийнхон бараг бүх биеэ угааж чаддаг гэдэг нь зүгээр нэг хошигносон яриа, инээдэм ханиадам ч биш.

Энэ бол усны үнэ цэнийг амь амьдралаасаа илүү мэдэрсэн үед эрхгүй хэнээс ч гарах ухаан юм. Гэтэл уул уурхайн хөгжлийг даган усны үнэ цэнэ тоос тортог лугаа үнэлэгдэх цаг ирж байгаа бололтой. Хэрэглээ ч гэж тамтаггүй өслөө. өсөхийн хэрээр гамгүй хандаж эхэлсний гор хэзээ мөдгүй нүүрлэх нь. Тухайлбал, “Оюутолгой”-н уурхайн жилийн усны хэрэглээ ойролцоогоор 3-4 дахин нэмэгдсэн тоо баримтыг сүүлийн үеийн статистикаас харлаа. 2010 онд баталсан оюутолгойн ордын үйл ажиллагаанд ашиглах газрын доорх усны нөөцийн 2005 оны тайлангийн нэмэлт тодотголоор жилд 27.6 сая шоо метр ус ашиглах бөгөөд үүний 132 мянган шоог нь унд ахуйн хэрэглээнд зарцуулна гэж төлөвлөсөн байна. Харин холбогдох яамны эх сурвалжийн хэлж буйгаар “Оюутолгой” төслийн усны нийт хэмжээ жилд 110 сая шоо метр бөгөөд үүний 86 хувийг дахин ашигладаг. харин байгалиас олборлож байгаа усны хэмжээ 15.9 сая шоо метр байна. Үүнээс 378 мянгыг нь унд, ахуйн хэрэгцээнд зарцуулдаг аж. Өөрөөр хэлбэл, 326 дугаар тогтоолын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа усны хэмжээ сүүлийн долоон жилд бараг гурав дахин нэмэгдсэн байна.

Говьд 50 метрийн гүн дэх усны нөхөн сэргээгдэх хугацаа 10-20 жил, 100-150 метрийн гүнийх 30-40 мянган жил
Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл усны хэрэглээ цаашдаа ч нэмэгдэнэ. Нийслэлийн гэр хорооллын иргэд нэг шоо метр усыг 2000 төгрөгөөр худалдаж авдаг байхад говьд ус ийм үнэ цэнэгүй байна гэдэг хамгийн шударга бус явдал. “Оюутолгой” болон нүүрс, алт, газрын тосны бусад томоохон уурхай Галба-өөш долоодын сав газарт харьяалагддаг бөгөөд энэ дагуу унд, ахуйд хэрэглэсэн усныхаа шоо метр тутамд 50 төгрөг төлөх учиртай. Харамсалтай нь, элсэн цөлд усыг ийнхүү үнэ цэнэгүй болгожээ. “Маш их хэмжээний мөнгө эргэлддэг уул уурхайн салбарт усны төлбөрөөс чөлөөлөх тухай ойлголт байж болохгүй. Тухайн уурхайн ажилтны идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн уурхайн ашгийн төлөөх үйл ажиллагааны нэг хэсэг. Үүнийг амьдралын хэрэгцээндээ зориулж байгаа уснаас ялгаж салгах учиртай” хэмээн БОАЖЯ-ны газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган хэллээ. Уг нь ямар ч улс орны уул уурхайн бодлого усны үнэд түшиглэж явдаг. Гэтэл манайд л унд ахуйн төлбөрөөс чөлөөлөгддөг ганц салбар байгаа нь уул уурхай болж, уруу харсан жишиг үйлчилж буй юм. Үнэндээ мөнгө ихтэй уул уурхайн компаниудын хувьд ус олдож л байвал ямар үнэ, өртгөөр хэрэглэх нь тийм ч чухал биш аж. Чилийн зэсийн томоохон орд Эскондида уурхайд гэхэд далайн усыг цэнгэгшүүлэн, элсэн цөлөөр дамжуулан андын нуруу тийш татаж хэрэглэдэг бөгөөд зардал нь 3.5 тэрбум ам.доллараар хэмжигддэг.

Гэсэн ч үүнээс болж Чили хохироогүй, харин ч дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч хэвээрээ л байна. Манай оронд усны хамгийн том хэрэглэгч нь уул уурхайн компаниуд. тиймээс хувийн хөрөнгө оруулалтаар говийн бүсэд усны хайгуул идэвхтэй хийгдэж буй. “Монголын говь олон арван мянган жилийн өмнө далай байсан. Тиймээс гүний усны нөөцийн судалгаа эрчимтэй хийх ёстой” гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харамсалтай нь, үлгэр домог мэт сонсогдох тэр их усан далайг говийн гадаргууд гаргаж ирээд хэрэглэнэ гэдэг үнэндээ зөгнөлт санаа мэт бодогдох юм. Хэдийгээр уул уурхайн компаниуд тэдний үйл ажиллагаа ундны ус багасахад нөлөөлөөгүй, орон нутгийнхан давхар хяналт тавьдаг хэмээн тайлбарладаг ч нөгөө талаар худгийн ус доошилж байна, уул уурхайгаас болж булаг шанд ширгэлээ гэсэн малчид, оршин суугчдын хэлдгийг ч үгүйсгэх аргагүй. ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн дэд захирал, дэд профессор Н.Буянхишиг “Говьд 170 метрээс доош гүний усны хайгуул, судалгаа хийх шаардлагатай. Одоогоор ард иргэдийн ашиглаж буй худгууд 50 метрийн гүний уснаас ус татдаг бол уул уурхайн компаниуд хүчин чадал сайтай техник, хэрэгслийн ачаар 200 гаруй метрийн гүнээс ус татдаг. Гэхдээ говийн газрын гүний ус хоорондоо холбогддог сувагтай болов уу гэж анзаарагдсан. Хэрэв говь нутгийн газрын гүнд их ус байгаа бол чухам юунаас тэжээгдэж байгааг олж тогтоох хэрэгтэй” гэв. Өмнөговь, Дорноговь болон Дундговийг хамарсан Галба-өөш долоодын сав газарт зэсмолибдений “Цагаан суварга”, зэс-алтны “Оюутолгой”, чулуун нүүрсний “Тавантолгой”, газрын тосны “Цагаан элс” зэрэг усны хэрэгцээ хамгийн ихтэй ордууд байрладаг. Гэвч уул уурхайн үйл ажиллагааны улмаас томоохон ордуудын газрын доорх усны байгалийн горим алдагдаж, цаашид эвдэрсэн горимтой орд талбайн тоо өсөх хандлагатай болсныг мэргэжилтнүүд сүүлийн үед онцлох боллоо.

Дэлхийн банкнаас хийсэн үнэлгээгээр говийн бүс дэх усны хэрэглээ 2020 он гэхэд 10 жилийн өмнөхөөс тав дахин ихсэх тооцоо бий. Үүнд олборлох үйлдвэрлэл жин дарах төлөвтэй байгааг сав газрын ахлах мэргэжилтэн О.Азбаяр тэмдэглэсэн байна. Гэлээ гээд бид эдийн засгийн амин судас болсон уул уурхайг хориглох аргагүй. Харин ч усны хоёр дахь эх үүсвэр болсон “Орхон-говь”, “Хэрлэн-говь” зэрэг усны томоохон төслүүдээ хөдөлгөж, уул уурхай болон бүс нутгийн хөгжлийг зөв авч явах ёстой. Эдгээр төсөл уул уурхайн болон говийнхны усны хэрэглээг хангахаас гадна нийгэм, эдийн засгийн маш том үр дагавартай цөлжилтийн асуудлыг шийдэж, говийн уур амьсгал ч зөөлрөх учиртай. Зүүн өмнөд азийн тариачид бүгд л олон мянган км татсан хиймэл гол горхи, нуур цөөрмийн ачаар амьжиргаагаа залгуулж байна. Гэтэл бид Орхон, Хэрлэн голын урсацыг өмнө зүгт үсрээд л 1000 км татахад тулгамдсан олон асуудлыг шийднэ. Гэвч үе үеийн засаг дамжиж яригддаг эдгээр төсөл өнөөдөр популист улстөрч ч өлгөж авахаас ичмээр, улиг болсон сэдэв болж хувирсан нь харамсалтай. 2010 онд дэлхийн банкны мэргэжилтнүүд манай улсад говийн газар доорх усанд үнэлгээ хийхээр иржээ. Мэргэжилтнүүдийн онцолсноор бага гүнд байгаа усны байгалийн аясаар нөхөн сэргээгдэх нэг удаагийн мөчлөг 10-20 жил байдаг бол 100-150 метрийн гүнийх 30-40 мянган жилээр хэмжигддэг аж. Үүний дэргэд хүний амьдралын хугацаа ямар ахар богино гэдэг нь тодорхой юм. Маш энгийнээр хэлбэл, говь уух усгүй болж байна гэх айдас бодитой. Өчнөөн олон метрийн гүнд газраа ухуулж, усаа барчихаад дахиад сэргэхийг нь 30-40 мянган жил хүлээнэ гэвэл хүний байтугай галавын нас ч хүрэхгүй. Нэгэнт л алт эрдэнэс хөрсөн доороо нууж байгаа уудам говьд усны хоёр дахь эх үүсвэр байхгүй тул усны асуудалд болгоомжтой хандаж, Засгийн газар ч говийн усыг үнэгүйдүүлсэн 326 дугаар тогтоолоо эргэж харах хэрэгтэй байна. Усаа л үнэлж чадахгүй юм бол газрын хэчнээн их баялаг байгаад ч үр шимээс нь хүртэнэ гэдэг зангууны үлгэр лугаа бүтэшгүй хэрэг болоод байна.

САНАЛ БОЛГОХ