Хөрөнгийн биржийн хувьчлалын өмнөх тоонууд

Зах зээл


МХБ шиг бүтэцтэй бирж дэлхийд тун цөөн үлдсэн​


Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэнэ. Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн 28 байгууллагын “хувь заяа” хаашаа эргэх нь тодорхой болох юм. Эдгээрийн нэг нь Монголын хөрөнгийн бирж. Сүүлийн найман жилийн турш энэ байгууллагыг хувьчлах тухай яриа гарч, тэр болгон нь замын дундаа замхарсан. Харин энэ удаад хөрөнгийн биржийн хувьчлал үр дүнтэй болж чадах болов уу?

Монголын санхүүгийн зах зээлийн гол ноён нуруу нь хөрөнгийн бирж. Энэ утгаараа биржийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө, оролцоо тэр хэрээр жин дардаг. Ялангуяа, компаниуд хөрөнгийн зах зээлд шинээр гарах болсноор хувьцааны зах зээл илүү идэвхжиж байгаа. Тухайлбал, энэ оны эхний хагаст гарсан гурван компанийн IPO амжилттай болж, захиалгын дүн нь нийлүүлэлтээсээ давсан билээ. 2.4 их наядаар үнэлэгдэх хөрөнгийн зах зээлд 2017 оноос сэргэлт ажиглагдаж, 2011 оны оргил цаг эргэн тохиосон. үүний тусгал хөрөнгийн биржийн санхүүгийн үзүүлэлт илт сайжрах эхлэл болсон. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд 1.9 тэрбум төгрөгийн орлого олж, 1.2 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан. Энэ нь 2016 онтой харьцуулахад огцом өөрчлөлт авчирсан юм. Тухайлбал, биржийн орлого тайлант хугацаанд 60 гаруй хувиар нэмэгдэж, зардал нь 40 хувиар буурсан билээ. Ингэснээр улсын төсөвт нийт 418.1 сая төгрөгийн татвар төлж, үйл ажиллагаа нь хямралын жилүүдтэй харьцуулахад эрчимжсэн.

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2017 оны турш 67.4 хувиар өссөн. ТОП 20 индексийн өсөлт мөн хугацаанд 70 хувь руу ойртсон юм. Хөрөнгийн биржийн арилжааны дүн өнгөрсөн онд нэг их наяд төгрөг рүү нэлээд дөхсөн байдаг. Тодруулбал, 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийснээр өмнөх амжилтуудаа 2017 онд эвдсэн. Хувьцааны арилжааны дүн гэхэд 76.4 тэрбум төгрөгт хүрч, анхдагч зах зээлийн арилжаа хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Зах зээлийн үзүүлэлт эерэг байх тусам биржийн өөрийн алдагдал буурч ирсэн. 2017 онд 681.5 сая төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Ийнхүү орлого, өсөхөд хөрөнгийн биржийн захирал Х.Алтайн үүрэг их. Түүнийг өмнөх удирдлагуудаас тохой илүү ажиллаж, уг төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар санхүүгийн үзүүлэлт нь хувьчлалын өмнө эрс сайжирсан гэдгийг салбарынхан хэлж байна.

• Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэнэ.
• Сүүлийн найман жилийн турш энэ байгууллагыг хувьчлах тухай яриа гарч, тэр болгон нь замын дундаа замхарсан.
• Бирж 2017 онд улсын төсөвт 418.1 сая төгрөг төвлөрүүлсэн

УИХ-ын гишүүн Л.Элдэвочир “Хөрөнгийн биржийг хамгийн түрүүнд хувьчлах хэрэгтэй” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийг Ази дахь стратегийн түншээ хэмээн зарлаж байсан цаг саяхан. Тэр үед хөрөнгийн биржийн ирээдүйд итгэх хүлээлт илүү өндөр байлаа. Монголын хөрөнгийн биржийн арилжааг шинэ шатанд гаргах учиртай “Миллениум Ай Ти” систем нь дэлхийн хамгийн хурдан арилжааны сүлжээ гэдэг. Гэвч Монголын хөрөнгийн зах зээлд нэг л нутагшиж өгөхгүй байна. Лондоны талтай эхлүүлсэн Монголын хөрөнгийн биржийн түншлэл дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэхэд чиглэж байсан юм. Монголын хөрөнгийн биржийг 10 жилийн өмнө ази тивдээ тэргүүлсэн, уул уурхайг түшиглэсэн, жижиг, дунд үйлдвэрийн хөрөнгийн биржийн дүр төрхийг олсон байхаар Лондоны тал зураглаж байлаа. Мэдээж, хөрөнгийн биржид сайжруулах, зайлшгүй хийх ажлууд бий.

Тухайлбал, олон улсын хөрөнгийн зах зээлд индекстэй болсноор дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын бүртгэлтэй компаниудыг гадаад зах зээлтэй холбож өгөх зэрэг таатай орчин бүрдэх юм. Хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн статустай. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь сангийн яам. Ийм бүтэц, зохион байгуулалттай бирж дэлхийд цөөхөн үлдсэн. Хамгийн амжилттай яваа биржүүд бүгд л хувьчлалаар хувийн хэвшилд шилжсэн байдаг. Ийм биржүүд өнөөдөр хөрөнгийн зах зээлд гол тоглогч нь болж байна. Манайх олон улсад хөрөнгийн зах зээлийн индекс тодорхойлогч FTSE –тэй 2011 оноос өнгөрсөн жил хүртэл хамтран ажилласан. Давхар бүртгэлтэй анхны компани энэ онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон. Монголчуудыг дэлхийн хөрөнгийн далайтай холбосон анхны “суваг” нээгдсэн нь 2018 оны төдийгүй манай хөрөнгийн зах зээлийн түүхэн үйл явдлын нэг. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж буй Erdene Resource Development хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээсэн. Гэхдээ уг төрийн өмчит компани Лондоны хөрөнгийн биржид одоо хүртэл өртэй байгааг хувьчлалын өмнө нэг тийш шийдэх шаардлагатай болж мэднэ.

САНАЛ БОЛГОХ