Төгрөгийн ханшид эдийн засгийн дарамт бага байна
Зах зээл
Эдийн засагт энэ онд 850 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байна
Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 2462.82 төгрөгтэй тэнцлээ. Үүнийг нэг сарын өмнөхтэй харьцуулбал, ам.долларын ханш даруй 50 төгрөгөөр чангарсан байна. Ханшийн зах зээлд үүссэн энэхүү огцом хөдөлгөөнийг намжаах зорилгоор төв банк өнгөрсөн сарын 22-нд гадаад валютын дуудлага худалдааг ээлжит бусаар зохион байгуулж, 88.7 сая ам.доллар захад нийлүүлсэн билээ. Энэ өдрөөс хойш төгрөгтэй харьцах ам.долларын ханш ялимгүй буурч, дээрх түвшинд тогтворжоод байна. Монголбанкны гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Энэ нь импортын 9.3 сарын хэрэгцээг хангах хэмжээний үзүүлэлт аж. Олон улсад гадаад валютын албан нөөцийн доод хэмжээг тухайн улсын гурван сарын импортын хэрэгцээг хангах түвшин гэж үздэг.
Тэгвэл манай улсын нөөц уг шалгуурыг дөмөгхөн хангаж байна. Төв банкны тооцооллоор, энэ онд эдийн засагт 850 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгаа юм. Үүнд “Оюутолгой” төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалтыг нэмж тооцоогүй бөгөөд зөвхөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хөрөнгө оруулалтыг урьдчилан таамаглажээ. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт энэ онд 1.2 тэрбум ам.доллараар яригдаж байгаа бөгөөд сар тутам санхүүжилт нь орж ирж байна. Ханшийн төлөв байдлыг төлбөрийн тэнцэл тодорхойлж байдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр энэ оны эхний улиралд төлбөрийн тэнцэл 42.2 сая ам.долларын алдагдал хүлээсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар буурчээ.
Төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарах төсөөлөлтэй байна
Оны хоёрдугаар хагаст төлбөрийн тэнцэл сайжирна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл хэллээ. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1.8 хувиар чангарсан нь улирлын нөлөө гэж үзэх эдийн засагч цөөнгүй байна. Учир нь, оны хоёрдугаар хагаст барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, импорт тэр хэрээр өсөж эхэлдэг. Импорт өсөх тусам гадаад валютын гарах урсгал идэвхжиж, валютын эрэлт нэмэгдэх нь бий. Гэхдээ энэ онд манай эдийн засагт валют хомсдох эрсдэл байхгүй гэдгийг холбогдох албаныхан үзэж буй. Төсвийн орлогыг бүрдүүлэх уул уурхайн гол нэрийн түүхий эдийн үнэ тогтвортой байгаа нь төгрөгийн өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Нүүрсний экспорт сайн байгаа төдийгүй оны эцэст 30 сая тонныг давахаар байгаа аж. Валютын нөөц нэмэгдэх хэрээр дотоодын валютын зах зээл тогтворжиж, улмаар валютын төгрөгтэй харьцах ханш зах зээлийн уян хатан зарчмын дагуу тогтох нөхцөл бүрддэг давуу талтай. Тэгвэл Монголбанк энэ онд алт худалдан авалтаа нэмж, 22 тоннд хүргэхээр зорьж байна. Өнгөрсөн онд алт тушаалт 20 тонныг давж, валютын нөөц 700 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн юм. Ханш тогтвортой байхад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр нөлөө жин дарахаар байна. Тус сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөрийн дөрөв дэх шатны үнэлгээг саяхан хэлэлцэж баталсан. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол улсад ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор болсон юм. Ингэснээр донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байна. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас нийт 184.55 сая ам.долларын санхүүжилт олгогджээ.
Байр суурь
Төгрөгийн ханш сулрах шалтгаан харагдахгүй байна
Ж.Дэлгэрсайхан /СЭЗИС-ийн багш, эдийн засагч/
-Төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөө аваад үзэхэд төгрөгийн ханш ойрын хугацаанд сулрах шалтгаан харагдахгүй байна. Энэ он гэхэд алт тушаалт нэмэгдэхээр байгаа. Мөн эдийн засгийн суурь үзүүлэлт сэргэж эхэлсэн. Тиймээс өнөөдрийн ханшийн өсөлт түр зуурын шинжтэй. Гэхдээ “Дим сам” бондын эргэн төлөлт хийгдэж байгаа тул хүлээлт болон зах зээлд ялимгүй нөлөө орж ирсэн. Нөгөө талаасаа эдийн засаг сэргэх хэрээр импорт эрс нэмэгдэж байна. Энэ нь валютын ханшид нөлөөлнө.
Шинэ хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Н.Энхбаяр /Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх/
-ОУВС-гийн ээлжит санхүүжилт эдийн засагт орж ирэхээр боллоо. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ. Төсвийн алдагдал буурч байна. “Дим сам” бондыг эс тооцвол энэ оны хувьд цаг хугацаа нь тулсан гадаад өрийн эргэн төлөлт байхгүй. Том төслүүдээ төлөвлөсөн хугацаанд нь хөдөлгөвөл өр төлбөрөө барагдуулах валютын нөөцийг дунд хугацаанд бүрдүүлэх боломжтой. Эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна.
Төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрдсэн
Л.Оюун /МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч/
-Төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаа. Үүнд ОУВС-гийн хөтөлбөр болон уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ нөлөөлж байна. Мөн томоохон дүнтэй өрийн эргэн төлөлт хийгдсэн нь төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна манай улсын зээлжих зэрэглэл сайжирч байгаа. Тэр болгоныг дүгнэж хэлэхэд, төгрөгийн ханш богино болон дунд хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдсэн байна. Тиймээс эдийн засгийн дарамт бага тул төгрөгийн ханш цаашид чангарах магадлалтай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй