Азид хотжилт дөнгөж эхэлж байна

Үзэл бодол


Хот суурингийн тэлэлт Австралийн газар нутагтай тэнцэж байна​


Шинэ мянганаас хойш Азид 200 гаруй сая хүн хот суурин газрыг бараадсан ч хөгжлийн хамгийн тэсрэлттэй гэгдэж буй тус бүс нутагт хотжилт дөнгөж эхэлж байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулж байна. Төв рүү тэмүүлсэн их нүүдлийн үр дүнд Зүүн Азийн хот суурингийн тэлэлт Австралийн газар нутагтай тэнцэж байгааг тус тайланд онцолжээ. Зүүн Азийн хотын хүн ам 2000 онд 579 сая байсан бол 2010 онд 778 сая давсан ба харин Европт ийм тооны хүн хотжиход 50 гаруй жил зарцуулсан аж. Хотын хүн ам нягтарч, 2010 оны байдлаар нэг ам метр талбайд 5400-5800 хүн ногдож байгаа бөгөөд Зүүн азийн нягтрах үйл явц дэлхийн дунджаас 1.5, АНУ-аас 50 дахин хурдтай өрнөж буй юм. Гэхдээ бүс нутгаар нь авч үзвэл эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх шилжилт хөдөлгөөн төдий л эрчтэй биш байгаа нь ирэх 10 жилд хотжилт улам тэлнэ гэх таамаг төрүүлж буй аж. Азийн хүн амын тэн хагас нь хотын оршин суугч бөгөөд 2050 онд гэхэд хотод амьдардаг хүмүүсийн тоо 3.3 тэрбумд хүрэх таамаг бий. Азийн хөгжлийн банкны хүрээлэнгээс хийсэн тооцоогоор энэ бүс нутагт өдөрт 127 мянган хүн хотод шилжин ирдэг аж. Харин Улаанбаатарын тухайд 2012 онд 317 мянган өрхийн 40.2 хувь нь орон сууц, 59.8 хувь нь гэр хороололд амьдарч байсан бол 2017 онд буюу таван жилийн дотор 386 мянган өрх болж нэмэгджээ. Харин орон сууцанд амьдардаг өрх 44.3 хувийг нь эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 70 мянган өрх өнгөрсөн таван жилийн хугацаанд нийслэлд нэмэгдсэн байна. Гэвч хотууд энэ их өсөлт, шилжилт хөдөлгөөнийг зөв удирдахын тулд шилжин ирэгсдийг орон сууцаар хангах зайлшгүй шаардлагатай. Ойрын жилүүдэд орлогын өсөлт, хотжилтыг даган азийн дундаж давхарга эрчимтэй өсөн тэлэх хандлагатайг олон улсын тинк танкуудын тооцооноос харж болно.

Азид хотжилт дэлхийн дунджаас 1.5, АНУ-аас 50 дахин хурдтай өрнөж байна
Дэлхийн хэмжээнд авч үзвэл 2030 он гэхэд дундаж давхарга гурван тэрбумаар нэмэгдэж таван тэрбумд хүрэх ч хот суурин газрын амьжиргаа доогуур иргэдийн тоо 863 сая болж нэмэгдэнэ гэсэн тооцоог Дэлхийн банк хийжээ. Үүнийг орон сууцны эрэлт талаас нь харвал 2030 он хүртэл өдөрт 96 мянга гаруй орон сууц зах зээлд нийлүүлж байж дээрх хүмүүсийг орон байраар хангана. Гэвч энэ бүхнийг санхүүжүүлэх эх үүсвэрийн эрэлд Ази даяараа гарч, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид шийдэл хайж байна. McKinsey хүрээлэнгийн хийсэн тооцоогоор одоогийн стандартын шаардлага хангахгүй амины сууцуудыг чанартай орон сууцаар хангахад зөвхөн барилгын зардалд 9-11 их наяд, газрын үнэд 19 их наяд ам.доллар шаардлагатай юм. Хэдийгээр энэ бүхнийг улс орнуудад, ялангуяа хотжилт хамгийн хурдтай явагдаж буй Азид төсвийн татаас болон хоёрдогч зах зээлд орон сууцаар баталгаажсан үнэт цаас гаргах замаар шийдэж ирсэн ч нэмэлт эх үүсвэрүүд бүр ч хэрэгтэй болох нь. Улс орнуудын ипотекийн зээлийн зах зээлийн хөгжлийг илтгэх чухал хэмжүүрийн нэг нь ДНБ-д эзлэх ипотекийн зах зээлийн хувь байдаг. 2016 оны байдлаар азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн улс орнуудын ипотекийн зах зээлийн хэмжээ дунджаар ДНБ-ний 18.2 хувийг эзэлж байна. Монгол улсын хувьд 13.9 хувь байгаа нь ипотекийн зээл олголтыг өсгөх шаардлага буйг илтгэж байна. Хүн амын насны бүтцийг харахад ч ирэх 5-10 жилд ипотекийн зээлийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр, шилжилт хөдөлгөөн эрчимтэй тэлж буй шалтгаан нь ядуурал хэмээн Азийн хөгжлийн банкны судалгааны хүрээлэн үзжээ. 1990-2000 онд нэг хүнд ногдох орлогын өсөлт зургаан хувь байсан нь энэ бүс нутагт баян, ядуугийн зааг ялгаа улам нэмэгдсэнийг харуулж буй юм. Тиймээс бүс нутгийн бага, дунд орлоготой иргэдийн дийлэнхэд албан ёсны санхүүгийн хүртээмж болон орон сууцны санхүүжилтийн урьдчилсан нөхцлийг хангах хүртээмж туйлын дутмаг байгаа нь моргейжийн зах зээлд тулгарч буй нэг сорилт юм. Улаанбаатар хотод ч гэсэн гэр хороололд амьдарч буй иргэдийн сарын дундаж орлого нь 400-600 мянган төгрөг бөгөөд үүнд нийцсэн орон сууц болон зээлийн бүтээгдэхүүн үгүйлэгдэж буй. Мөн орон сууцны өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой, тасралтгүй явуулах шаардлагатай. Тиймээс газар зохион байгуулалт, барилгын компаниуд чөлөөтэй өрсөлдөх орчныг бүрдүүлэх, өртгийг бууруулах замаар санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газруудын тулгарч буй сорилт болж буйг Азийн хөгжлийн банк тэмдэглэжээ. Мөн бага, дунд орлоготой иргэдэд орон сууцны хүртээмжийг сайжруулахын тулд зээлийн шалгуурыг уян хатан болгох зэрэг нь Баруун Европ, АНУ-д тулгарч, тэдгээрийг ч даван туулж байсан. Харин өдгөө азийнханд тулгарч буй сорилт юм.

САНАЛ БОЛГОХ