Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, парламентынхыг хумина

Мэдээ


Сайд нар гишүүдтэй зэрэгцэж “томрох”-гүй


Сүүлийн дөрвөн ч удаагийн Монголын парламентыг дамжин яригдаж буй мөнхийн сэдэв бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Бүгд л бүрэн эрх нь хэрэгжиж эхлэнгүүт хамгийн түрүүнд УИХ дээр Ажлын хэсэг байгуулна, баахан судалгаа хийнэ, санал авна. Тэгсээр байтал бүрэн эрхийнх нь хугацаа дуусчихдаг юм. Одоогийн УИХ ч иймэрхүү л хурдаар ажиллаж буй. Гэхдээ “хүрд эргүүлэх” боломж шавхагдаагүй учраас зөв өөрчлөлт хийчихээсэй гэсэн найдлага тасраагүй байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийг ахмад парламентч Д.Лүндээжанцан ахалсан. Өмнөх парламентад Л. Цогийн ахалсан Ажлын хэсэг хоёр жил гаруйн турш ажиллахдаа энэ хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг тодруулсан юмдаг. Эцэст нь “Шаардлага байна” гэсэн дүгнэлт гаргаад өөрчлөх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинээр байгуулав. Эрхэм гишүүн Н.Батбаяр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, АН-аас С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, МАН-аас Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАХН-аас Л.Цог, ИЗНН-аас С.Оюун нар багтсан.


Гэвч тэд гарт баригдах бэлэн төсөл боловсруулж өгөлгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад тарсан. Харин энэ удаагийн УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар орон даяар хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийснээ тайлагнасан.


Улмаар Үндсэн хуульд долоон чиглэлээр 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлэн болгосон аж. Л.Цог, Н.Батбаярын үед ч, түүнээс өмнө нь ч, одоо ч Үндсэн хууль тойрсон олон санал хөвөрч буй. Тэд 15 санал дэвшүүлж дараагийн багтаа үлдээсэн юм байна. 2000 онд оруулсан “дордохын долоо”-н заалтыг цуцлах санал хамгийн түрүүнд явна. Эдгээрээс УИХ-ын гишүүн сайдаар ажиллах эрх нээсэн заалт өнөөгийн засаглалын хямралын гол буруутан болдог юм. Үүнийг цуцлах оролдлого хийсэн хэд хэдэн ч хуулийн төслийг өмнөх УИХ-ын үед гишүүд өргөн барьж үзсэн. Зөвхөн Ерөнхий сайдыг эсвэл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг УИХ-аас томилох гэх мэтээр харьцангуй зөөлрүүлсэн санал ч их. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн Ажлын хэсэг дараах саналуудыг тусгажээ.


“Давхар дээл”-тэй ерөнхий сайдын давхар эдлэх эрх


Зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл” өмсөнө. Мөн “Сайд нараа ч бас тэр өөрөө сонгох нь зөв, гэхдээ парламентын гаднаас” гэдэг байр сууриар төслийг боловсруулжээ. Одоо бол УИХ- ын гишүүн сайдад шаардлага тавих хэцүү. “Загнаж” бүр барахгүй. Учир нь тэр яг адилхан эрх мэдэлтэй, УИХ- ын гишүүн. Тиймээс зэрэгцээд л “томорчихдог” зовлон бий. “Давхар дээл”-ийг тайлах энэ зохицуулалт дараа дараагийн сайн жишгийн эхлэл болно. Ерөнхий сайд танхимаа өөрийн хүсэл, сонголтоор бүрдүүлнэ, дараа нь хариуцлагаа хүлээнэ. Мөн улсын төсвийг хэлэлцэж байхдаа парламент нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэхийг хориглох аж. Энэ мэт УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж, Засгийн газар нь бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зөв гэж тооцсон аж. Хэрэв “шүд сугалах” замаар сайдуудыг нь огцруулах гэж оролдох, тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн дээврийг засуулах гэж төсвийн төслийг дур мэдэн өөрчлөх гэж оролдвол УИХ-ын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох санал оруулах эрх Ерөнхий сайдад байх юм байна.


Нийгмийн шаардлагад нийцүүлсэн “насны босго”


УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах зэрэг заалтыг оруулж өгчээ. Мөн анхаарал татаж буй нэг өөрчлөлт нь УИХ-д нэр дэвших насны доод хязгаар заах. Төсөлд тусгаснаар 30. Өмнө нь гучин насны босго алхаагүй байхдаа төрийн түшээ болсон гурван тохиолдол байдгийн хамгийн сүүлийнх нь саяхан УИХ- ын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосон Д.Гантулга. Харин түүний өмнө С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 27, 28 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Ганц хоёр насны наана цаанад хувь хүний төлөвшил, мэдлэг чадварын шальтай ялгаа гарахгүй ч Д.Гантулга гишүүний асуудлаас үүдэн УИХ-д нэр дэвших насны босго тавьж өгөх нь зөв гэсэн нийгмийн шаардлагад нийцүүлсэн нь энэ бололтой.


Хууль батлах саналын тоог нэмнэ


УИХ-ын чуулган 50 хоног хуралддагийг 75 хоног болгон сунгах санал төсөлд оржээ. Мөн УИХ-ын чуулганд 39 гишүүн оролцоод олонхоор хууль баталдаг байсныг өөрчилж, 39-өөс дээш гишүүний саналаар хууль батлах өөрчлөлт оруулсан нь хууль чанаржихад чухал үүрэгтэй гэж үзсэн байна.


САНАЛ БОЛГОХ