Бид арга мухардахад алгаа дэлгэх төртэй

Нийтлэлчийн булан


​Гадаадад эрх нь зөрчигдсөн иргэнээ хамгаалж болдгийг Ерөнхийлөгч харууллаа​


12 жилийн өмнө харийн нутагт, бусдын гарт амиа алдсан Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг монголчууд цагийн эрхээр мартаж эхэлсэн. Гэхдээ хар нялхаараа өнчирч хоцорсон хоёр хүү, төдийгөөс өдий хүртэл хэргийн үнэн мөнийг олохоор уйгагүй тэмцэж яваа аав, гэр бүлийнхнээс нь бусад нь. Хүний эрх, хууль хяналт, дипломат байгууллага, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуайд хандаагүй газар, татаагүй хаалга Монголд үлдээгүй. Гэвч Монголын төр иргэнийхээ амийг хөнөөсөн гэмт этгээдийг олж илрүүлэхийг Малайз улсаас тууштай нэхсэнгүй. Төрсөн охиноо харгис алуурчдын гарт алдсан хөөрхий эцэгт тус болж чадсангүй. Чадал нь багадсан уу, сэтгэл нь дутсан уу Монголын хууль хяналтын байгууллагууд “Бид эрх зүйн гэрээгүй учраас энэ хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэдэг ганц л хариулт Ш.Алтантуяагийн аавд өгсөөр өнөөдрийг хүргэжээ. Харин саяхнаас Малайзад болсон улс төрийн сонгуулиар энэ хэрэгт нэр холбогдсон өмнөх засгийн удирдлагууд суудлаасаа буув. Үүнтэй зэрэгцээд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинэ Ерөнхий сайд Махатир Бин Мохамадад хаяглан захидал бичиж, хэргийн үнэн зөвийг олох, гэмт хэрэгтнүүдийг шударгаар шүүж, зохих шийтгэл хүлээлгэхийг хүссэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын захидал очсоны дараа Малайзын холбооны улсын Ерөнхий сайд Махатир Бин Мохамад Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзсан байдаг. Тэр үеэрээ “Монгол эсвэл Малайз байхаас үл хамаарч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулна” хэмээн хэлсэн нь хүний насаар бол бүтэн нэг үе туулах хэмжээний хугацаанд охиныхоо амь насыг нэхэж яваа эцэг хүний сэтгэлд өчүүхэн ч гэсэн гэрэл асаав. Харин уржигдар Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монголд ирсэн Малайзын шадар сайд Дато Се Азаза Ван Исмайлтай уулзаж мөн энэ асуудлыг дахин хөндсөн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайз улсад хөнөөсөн хэргийг танай Засгийн газар анхаарч, шүүх байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ гэсэн өндөр хүлээлт үүссэн шүү” гэж Дато Се Азаза Ван Исмайлд сануулсан аж. Энэ талаарх мэдээллийг зөвхөн Монгол бус Малайзын хэвлэлүүд ч онцлон нийтэлж байна. Монголын Ерөнхийлөгчийн захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд Малайзын Засгийн газар ихээхэн анхаарч байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ үйлдэл Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг нэг тийш болгох, ар гэрийнхнийх нь цөхөрсөн сэтгэлийг бага ч атугай тайтгаруулж байгаа ч өргөн утгаараа Монгол Улс гадаад оронд эрх нь зөрчигдсөн иргэнээ хамгаалж болдгийг харууллаа.

• Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж бий ч, төсөвлөсөн цөөн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй талаар Гадаад харилцааны яамныхан хэлдэг.
• Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монголд ирсэн Малайзын Шадар сайд Дато Се Азаза Ван Исмайлтай уулзаж Ш.Алтантуяагийн амийг хороосон хэргийг дахин хөндсөн байна.
• Өргөн утгаараа Монгол Улс гадаад оронд эрх нь зөрчигдсөн иргэнээ хамгаалж болдгийг харууллаа.

Монголын төр гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдээ анхаарах нь чухал. Ямар ч асуудалд орооцолдсон байсан ямагт иргэнийхээ талд зогсож, бүх талаар хамгаалах ёстой. Бусад улс орон ч ийм л бодлого баримталдаг. 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И “гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ хаа ч байсан хамгаална” хэмээн мэдэгдсэн. Бүр Хятадын ГХЯ бүх дэлхийд консулын хамгаалалтын түргэн дуудлагын төв утас байгуулж, гадаадад байгаа эх орон нэгт хүмүүст туслах зам нээсэн талаараа хэлсэн юм. Манай хойд хөрш ОХУ ч сүүлийн жилүүдэд энэ чиглэлд ихээхэн ач холбогдол өгөх болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Одооноос эхлэн гадаадад оршин суугаа Орос иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдгийг бүгд ойлгоосой гэж хүсч байна. Үүний тулд бид улс төр, эдийн засгаас гадна боломжит бүхий л арга хэмжээг авах болно. Өөрөөр хэлбэл, олон улсын хүний эрхийг хамгаалах хууль болон өөрийгөө хамгаалах эрхийн дагуу үйл ажиллагаа явуулна” хэмээн мэдэгдэж байв.

Хэдийгээр тухайн үед Украйнтай харилцаа хурцадсан, Крым дэх Слав үндэстнүүдийн асуудал дэлхийн улс төр, геополитикийн тоглоомын өрөгт тавигдаж байсан ч энэ цагаас хойш бусад улс орон дахь Орос иргэдийн эрхийн асуудлыг ч орхигдуулалгүй, онцгой анхаарах болсон юм. Зөвхөн Монгол улсын хойд, өмнөд хоёр хөрш иргэнийхээ эрх, амь насыг хамгаалахын төлөөх бодлого, арга хэрэгслээс энд цухас дурдлаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, иргэн төвтэй бусад улсын талаар энд нурших нь илүүц биз. Харин Монгол улс гадаадад байгаа иргэдээ хэрхэн анхаарч, зөрчигдсөн эрхийг нь яаж хамгаалдаг вэ? Судалгаагаар манай 190 мянга гаруй иргэн хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч байна. Хилийн чанадад байгаа болон зорчиж буй иргэдийн дунд нас барах, осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өвчлөх, баримт бичиг, эд зүйлээ гээгдүүлэх, дээрэмдүүлэх, хулгайд алдах, эх орондоо буцаж чадахгүй болох, зэргээр хохирох явдал их гардаг. Хэрэг төвөг үйлдэн баривчлагдаж саатуулагдах, шийтгүүлж ял эдлэх тохиолдол ч бий. Ш.Алтантуяа шиг хохирч, амь насаа алдах тохиолдол ч цөөнгүй.

Энэ бүгдэд Монголын төрийнзүгээс иргэддээ хангалттай тусламж үзүүлж чадаж байгаа билүү. Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан гэж бий ч, төсөвлөсөн цөөн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй талаар гадаад харилцааны яамныхан хэлдэг. Зөвхөн БНСУ-д аж төрж, хар ажил хийж, хөлс хүчээ урсгаж яваа Монголчуудаас маш олон хүн амь насаа алдсан хэрэг гардаг. Гадаадад амь насаа алдаж байгаа монголчуудын дотор эмэгтэйчүүд цөөнгүй бий. Монгол эмэгтэйчүүд элдэв зар, зуучлалд хууртан гадаад хүнтэй гэр бүл болох нь элбэгшиж, улмаар амь нас нь хохирсоор байгааг Малайз, Солонгос, Хятад зэрэг улсад Монгол эмэгтэйн амь эрсэдсэн олон тохиолдол гэрчилнэ. Тэгвэл хөрөнгө санхүүгийн боломж, хууль эрх зүйн гэрээ байсан эсэхээс үл хамаарч Монгол улс иргэнээ хамгаалж болдог юм байна. Гадаадад ажиллаж, амьдарч яваа монголчууд хэдийгээр хувиа борлуулж, довоо шарлуулахаар бор зүрхээрээ зүтгэж, эрсдэл, сорил ихтэй ажиллаж яваа ч, Монгол Улсын иргэн хүн шүү гэдгээ санан, элдэв сураг чимээ чагнан аж төрж яваа гэдгийг мартах ёсгүй. Тэд аюулд өртсөн, арга мухардсан үедээ хамгаалуулахыг, туслуулахыг төр засгаасаа хүсэн хүлээж суудаг юм.

САНАЛ БОЛГОХ