Зах зээлийн хөгжил 20 жилээр ухрах вий

Зах зээл


Эдийн засгийн “эрүүл мэнд”-ээс зээлийн хүү шалтгаалдаг


Зах зээлийн эдийн засагт нийтээрээ шилжсэн атлаа зээлийн хүүд дээд хязгаар хүчээр тогтоох гэж оролдож байгаа нь өөрөө ухралт юм. Чөлөөт эдийн засгаар замнасан байтлаа өнөөдөр үүнийхээ эсрэг хууль батлах гэж байгаа улс дэлхийд манайхаас өөр байхгүй биз ээ. Өнгөрсөн хаврын чуулганаар оруулж ирсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл эдийн засагт гажуудал үүсгэх, улмаар зах зээлийн дэг жаягийг эвдэх хэмжээний сөрөг нөлөөтэй гэж шинжээчид анхааруулж буй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос дэмжлэг авалгүй бүдэрсэн хуулийн төсөл намрын чуулгантай золгож байна. Зээлийн хүүг нэг түвшинд хүлэх боломжгүй. Чухамдаа инфляц, төгрөгийн ханш, шатахууны үнэ, төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, өр гээд эдийн засгийн чухал үзүүлэлтүүд зээлийн хүүг тогтоодог. Тиймээс эдийн засгийн "барометр"-үүд байнга хувьсан өөрчлөгдөж, тэр хэрээр зээлийн хүүд ирэх дарамт харилцан адилгүй. Зээлийн хүүг төр биш зах зээл тодорхойлдгийг эдийн засгийн суурь мэдлэгтэй хэн ч түвэггүй ойлгоно. Дэлхий нийтийн жишиг ч ийм хойно бид урсгал сөрнө гэдэг эрсдэл. Манай улсын эдийн засаг сэргэж, эрүүлжих хэрээр зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, зээлжих зэрэглэл ахиж, төгрөгийн ханш тогтвортой байснаар хүүгийн эрсдэл багасна.

Тэрчлэн иргэдийн санхүүгийн боловсрол, хариуцлага эргээд зээлийн хүүд хамаатай болж байгаа юм. Монгол улс төсвийн алдагдалгүй, өрийн дарамтгүй, эдийн засаг тогтвортой байснаар зээлийн бүтээгдэхүүн хямдрах боломжтой гэдэг. Ялангуяа, эдийн засгаа төрөлжүүлж, орлогын олон эх үүсвэртэй болсноор бид мөнгөний хомсдолоо шийдэж, зөв бүтэцтэй эдийн засагтай болох нь илүү чухал байгаа. Ингэснээр санхүүгийн салбар дахь эрсдэл багасаж, үүний цаана хүү буурах орон зай гарах юм. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг болсноор гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг тэлж томрох учиртай. Банкууд зээлийн хүүгээ бууруулснаар зах зээлийн дундаж хүү 20 хувь руу ороод ирсэн. Монголбанкны бодлогын хүү 10 хувьтай тэнцэж байгаа нь хүүд нөлөөлж буй. Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулсан. Энэхүү стратеги биеллээ олоход эдийн засгийн тогтвортой өсөлт жанжин шугам нь болж байна. “Зээлийн хүү өндөр байгаа нь манай эдийн засгийн эрсдэлийн түвшин ямар өндөр байгааг илэрхийлж байна” хэмээн төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлж байсан. Тэрбээр “Зээлийн хүүд хязгаар тогтоогоод явах нь зохисгүй” гэж мэдэгдсэн юм. Зээлийн хүүд хязгаар тогтоосноор иргэд хадгаламжаа татах, улмаар банкууд зээлийн эх үүсвэрийн хомсдолд орох, санхүүгийн эх үүсвэр хумигдах зэрэг эрсдэл харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүд санхүүгийн эх үүсвэр олж авч чадахгүй байдалд хүрнэ гэсэн үг. Тэрчлэн зээлийн хүүгийн хязгаар тогтоосноор санхүүгийн зуучлал хязгаарлагдаж хумигдах эрсдэлтэй. Дэлхий нийтээр санхүүгийн зуучлалыг хүн бүрт хэрхэн хүргэх тухай ярьж байхад бид үүний эсрэг алхам хийхээр завдаж сууна. Дэлхийд 76 орон зээлийн хүүд хязгаар тогтоож байсан туршлага бий.

Гэвч төсөөлж байснаас эсрэг үр дүн өгсөн нь олон. Хүүг хүчээр тогтоох захиргаадалтын арга нь зээлийн хугацаа богиносох, зээл олголт зөвхөн барьцаа хөрөнгө ихтэй, орлого сайтай хамгийн найдвартай зээлдэгч рүү чиглэх, далд хэлбэрийн өндөр хүүтэй зээлийн зах зээл бий болгох зэрэг сөрөг нөлөө ихтэй байсан нь өдгөө гашуун туршлага болсон. Эл буруу шийдвэрийн уршгаар орлого багатай иргэд хохирохоос гадна нийт эдийн засагтаа ч зээлийн нийлүүлэлт буурах, санхүүгийн хүртээмж багасах, эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөн түүх олон. АНУ, Герман, Англи, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудад зээлийн хүүд хязгаар тогтоогоод бүтэлгүйтэж байсан билээ. Зах зээлийнхээ зарчимтай барилцаж авах нь одоо хүрсэн байгаа түвшнээсээ ухрахын нигуур. Гэтэл өнөөдрийн түвшинд хүрэх гэж бид 20 гаруй жил болсон. Зээлийн хүү зэмлэхээр буурдаг зүйл биш. Харин эдийн засгаа төрөлжүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах нь хүү буурахад бодит нөлөө үзүүлэх арга хэрэгсэл. Зээлийн хүүд хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүч, авлига, хүнд суртал хүртэл нөлөөлдөг. дэлхийн улс орнуудыг сүүлийн 10 жилийн зээлийн нэрлэсэн хүүгийн дунджаар нь харьцуулахад манай улс эхний 15-д жагсдаг. Монголд зээлийн жигнэсэн дундаж хүү 1990-ээд оны эхэнд 300 хувь давж байсан үе бий. Тэгвэл 2000 оны эхээр 40 хувь болж, сүүлийн 10 жилд үргэлжлэн буурсаар байгаа. Зээлийн эх үүсвэрийн зардал өндөр байгаа нь банкны салбарт томоохон сорилт болж буй. Улсын эдийн засгаас, зээлжих зэрэглэлээс, гадаад өрөөс, улстөрчдийн соёл, хандлагаас хүртэл зээлийн хүү шалтгаалж байна.

Байр суурь

Хуультай зууралдах бус татвараа шударгаар хураах хэрэгтэй
Б.Найдалаа /Эдийн засагч/

-Зээлийн хүү бол төв банк ч юм уу, аль нэг арилжааны банк буулгачихдаг зүйл биш. Зах зээлийн жамаар тогтож байгаа бидний ажлын үр дүн. Хууль гаргаад зээлийн хүүг буурууллаа гэхэд сөрөг үр дүн гарна. Хүүг хүчээр тогтоовол өндөр хүүтэй ч зээл аваад бизнес хийгээд амьдралаа авч яваа иргэд, жижиг, дунд үйлдвэрүүдэд зээл олдох нь багасна. Банкууд зээлийн шалгуураа өндөрсгөх учраас “жижгүүдэд” зээл олдохгүй. Зээлийн хүүг бууруулахын тулд хуультай зууралдахын оронд Засгийн газраа тогтвортой ажиллуулах, татвараа шударгаар хураах, авлигыг таслан зогсоох, шүүх тогтолцоог шударга, хурдан болгох, банкуудын үр ашгийг сайжруулах гэх мэт цогц арга хэмжээ авах шаардлагатай. Маш олон муу зүйлийг цэгцэлж сайжруулж байж, зээлийн хүү буурна.

Илүү өндөр хүүтэй санхүүжилт олох шаардлагатай тулгарна
Ц.Батсүх /СЭЗИС-ийн багш/

-Зээлийн хүүг хүчээр тогтоолоо гэхэд зээлийн зах зээлийн хомсдол нь банкны системийн гадуур “илүү өндөр хүүтэй” өөр нэг далд зээлийн бизнес хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх болно. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын хүү банкнаас бараг хоёр дахин өндөр тогтоохоор тусгасан нь банкны бизнес энэ төрөл рүү шилжих нь зайлшгүй алхам болно. Эсвэл хадгаламж зээлийн хоршооны төрөл рүү шилжинэ. Энэ тохиолдолд жижиг аж ахуйн нэгж, иргэд илүү өндөр хүүтэй зээлийн зах зээлээс санхүүжилт олох шаардлагатай тулгарна. Нөгөө талаас, өндөр хүүтэй хадгаламж татсан арилжааны банкууд үйл ажиллагаа явуулах орон зай хумигдана.

Эдийн засгийн нөхцөлөө сайжруулахаас өөр гарцгүй
Б.Түмэнцэнгэл /Монголбанкны Мөнгөний бодлогын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал/

-Ер нь хүүг хүчээр тогтоох захиргаадалтын арга нь зээлийн хугацаа богиносох, зээл олголт зөвхөн барьцаа хөрөнгө ихтэй, орлого сайтай хамгийн найдвартай зээлдэгч рүү чиглэх, далд хэлбэрийн өндөр хүүтэй зээлийн зах зээлийг бий болгох гэх зэрэг сөрөг нөлөө ихтэй. Зарим оронд хэт мөлжлөгийн шинж чанартай, төлж чадахааргүй өндөр хүү тулгахын эсрэг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүгийн хязгаарыг хуульд тусгах тохиолдолд зах зээлийн хүүтэй зөрчилддөггүй. харин зах зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн үндсэн нөхцөлүүдээ сайжруулахаас өөр гарцгүй, товчлох хялбар замгүй юм.

САНАЛ БОЛГОХ