Хэнэггүй зан-хүүхдийн ослын гол шалтгаан

Нийтлэлчийн булан


Баяр наадмын өмнөхөн бага насны хүүхдүүд бараг өдөр дараалан цаг бусаар өөд болсон. Тэдний араас олон нийтийн сүлжээгээр сүртэй нь аргагүй халаглаж байсан харуусал, эмгэнэл баяр наадмын хөл хөөрцөгт дарагдаж, монголчууд нүдээ аньж, чихээ бөглөөд хэд хоног сайхан наадлаа. Эмгэнэлтэй нь энэ их баяр хөөрийн дунд дахин нэг хүүхэд усанд осолдож хорвоог орхив. Аав, ээжийнхээ гараас хөтлөөд, шулганаад явдаг насан дээрээ усанд осолдож, нас барсан хүүхдийн тоо он гарснаас хойш 10 болоод байна. Өнгөрсөн бямба гарагт Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд осолдож нас барсан бол зургадугаар сарын 27-нд мөн Маршалын гүүр орчимд 10 настай эмэгтэй хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Цагдаа болон онцгой байдлын газраас дулааны улирал эхлэнгүүт иргэдэд үер уснаас болгоомжлохыг анхааруулж, хэвлэл мэдээллийнхэн ч түүнийг нь эрвийх дэрвийхээрээ мэдээлдэг. Мөн аврах албаныхан зуны турш эргүүл хийж, дуудлагаар үйлчилдэг ч осол эндэгдэл багасах янз огт алга. Наадмын өмнөхөн, үерлээд улаанаар эргэлдэж буй хэрлэн голын эрэг дээр 2-3 хүн жижиг, том нийлсэн зургаан хүүхдээ тэр чигт нь мартаж, гар утсаа маажаад хэвтэж байхтай таарав. Ач, зээгээ дагуулаад явж байгаа болов уу гэмээр нас тогтсон хүмүүс харагдсан, уг нь.

Гэвч хараажаар үертэй, эрэг нь огцом хэрлэн гол үр, хүүхдийг минь урсгаад аваад явчих вий гэсэн анхаарал болгоомж тэдэнд алга. Хүүхдүүдийн хамгийн том нь 10-12 насных, бага нь хөлд ороод удаагүй бололтой тэнтэр тунтар алхах нь юу юугүй л эрэг рүү хальтраад орчих вий гэмээр эв хавгүй харагдсан. Бидний хэдэн нөхөд хүүхдүүдийг хараад тайван сууж чадахгүй, гол руу хамаагүй ойртож болохгүй шүү гэдгээс өөрөөр болгоомжлуулах учраа олоогүй юм. Хэдийгээр хүүхдүүд аюулд ойрхон байсан ч аз болж тэдэнд муу зүйл тохиолдоогүй. Гэвч сониуч зандаа хөтлөгдөн голд осолдсон хүүхдийн тоо жилд 10, 20-оор тоологддог. 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд усанд осолдон нас барсан нь ЦЕГ-ын статистикт бий. Харин оны эхний хагас жилийн байдлаар усанд осолдож, халуун амиа алдсан таван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Долдугаар сарын 13-ны байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 39 удаа гарч, 48 хүн амиа алдсаны ес нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа талаар ОБЕГ мэдээллээ. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсноос осолддог гэдгийг ОБЕГ анхааруулдаг. Ерөөс тус газарт хандаж буй иргэдийн дуудлагын дийлэнхийг усанд осолдсон тохиолдол эзэлдэг байна.


• Сониуч зандаа хөтлөгдөн голд осолдсон хүүхдийн тоо жилд 10, 20-оор тоологддог.

• 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд усанд осолдон нас барсан.

• Аминаасаа илүү харж хандах учиртай алаг үрсээ мартаад байгаа нь энэ бүх осол эндэгдлийн шалтгаан болжээ.


Иргэд анхаарал болгоомжоо дээшлүүлэхгүй, үр хүүхдээ голын эрэг дээр мартаж, өөрсдөө зугаацаж, биеийн амрыг харж хэвтдэг байдал өөрчлөгдөхгүй байгаа нь юутай харамсалтай.Монголд хүүхэд эндэх олон шалтгаан бий. Эхийнхээ хэвлийд хүн болж чадаагүй нь жилд 500 хүрч байгаа бол таван нас хүртлээ 1300 гаруй нь энддэг гэх эрүүл мэндийн статистик бий. Эдний тэн хагасаас илүү нь нэг хүртэлх насандаа амьсгал болон мэдрэлийн тогтолцооны эмгэг, төрөлхийн гажиг, ходоод гэдэсний өвчнөөр хорвоог орхидог аж. Харин үлдсэн нь золгүй байдлаар эндэж байгаагийн дийлэнх нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлын хар гай, ээлгүй орчны балаг гэлтэй. Тухайлбал, гэмтэл, согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт жилд 0-5 насны 2500 гаруй хүүхэд түлэгдэлтийн улмаас яаралтай түргэн тусламж авч эмчлүүлдэг. Үүний 80 хувь нь халуун тогоонд түлэгдсэн байдаг бөгөөд энэ бол цэвэр эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг нийслэлийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Батсүх хэллээ.

Тэрбээр “Цагдаа болон холбогдох байгууллага эрвийх, дэрвийхээрээ хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа явуулж байна. Гэвч нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдлыг тэдний хууль ёсны асран хамгаалагч болох эцэг, эхийн хариуцлагаас салгаж ойлгох аргагүй” гэв. Түүнчлэн энэ жилийн баяр наадмаар нийслэлийн хэмжээнд, наадмын тайлбайд 64 хүүхэд төөрч, алга болсныг цагдаагийн алба хаагчид олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн. Мөн орон нутгийн замд гарч буй осол, унаач хүүхдүүдийн бэртэл гэмтэл, эцэг, эхчүүд голын эрэгт үр хүүхдээ умартан, зугаацаж цэнгэхээ урьтал болгодгоос “Цагаан сар ба хар нулимс”-тай адил эмгэнэлт хувь тавилан найр наадам ид хавтгайрсан зуны дэлгэр цагт монголчуудад тохиолддог бололтой. Томчууд бид гар утас зэргээ гэртээ мартсанаа, машинаа зөвшөөрөөгүй газар зогсоовол ачуулдаг гэдгийг мэддэг, тэвддэг атлаа аминаасаа илүү харж хандах учиртай алаг үрсээ мартаад байгаа нь энэ бүх осол эндэгдлийн шалтгаан болжээ. Хатуудсан зэмлэл гэж үүнийг буруушаах нэгэн үгүй биз. Амарч зугаалж, баясаж цэнгэхээр гараад үр хүүхдээ үүрд алдаж, цангинасан инээдийг нь дахиж сонсохгүй, булбарай гарнаас нь хэзээ ч хөтлөхгүй болохоос илүү хагацал гэж энэ хорвоод үгүй. Хүүхэд бол гэнэн томоогүй, сониуч, анхаарал болгоомжгүй гэдгийг бид бүхэн мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс ч тэднийхээ эрүүл энх, аюулгүй байдлыг хангах нь бидний журамт үүрэг болохоос биш цагдаа, хүчнийхнээр заалгаад байж таарахгүй. Тэгэвч ийм болтлоо ухамсар доройтсон нь юутай гачлантай. Өврөөсөө ч гарч амжаагүй өөдөсхөн үрсээ үл тоодог хэнэггүй занд хариуцлага нэхэх ухамсар суулгахын тулд хэчнээн үрс хорвоог орхих ёстой юм бэ.


САНАЛ БОЛГОХ