Зүүн өмнөд Ази ханшаа хамгаалж эхлэв

Мэдээ


Дэлхийн мөнгөний салхи эргэлээ. Мөнгөний зах зээлийн луужин болдог томоохон төв банкууд жанжин шугамаа өөрчилж, бодлогын жолоогоо татаж байна. Гэхдээ АНУ, Англи, Япон, Европын төв банкууд сүүлийн 10 жил замнасан бодлогоосоо нүд ирмэхийн зуур ухарсангүй. Харин аажим, алгуурхан бодлогын хүүгээ өсгөж эхэллээ. Ийнхүү мөнгөний бодлогын салхи эргэж буйтай зэрэгцээд үйлдвэрлэлийн үнээс өрхийн төсвийг хүртэл хөнддөг газрын тосны ханш чангарсаар. Хоёр жилийн өмнө 20-30 ам.доллар хүртлээ буурч байсан түүхий газрын тосны ханш хэд дахин өсөж, өдгөө 80 ам.долларт хэлбэлзэж байна. Ийнхүү бараа үйлчилгээний үнэ, ам.доллараар ахлуулсан голлох валютын ханш чангарахтай зэрэгцээд хөгжиж буй орнуудын рупи, бат зэрэг мөнгөн тэмдэгтийн ханш суларч эхэллээ. Ялангуяа, холбооны нөөцийн банк тэгтэй ойр байсан бодлогын хүүгээ хоёр хувь хүртэл өсгөж, цаашид ч нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа энэ үед Зүүн өмнөд Азийн орнууд валютын уналттай нүүр тулчихаад байна. Тиймээс мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалах аянд бүс нутгийн орнууд нэгдэж, бодлогын чиглэлээ эрс өөрчилж эхлэв. Эдийн засгийн өсөлтөөрөө цахиур хагалж буй Филиппин, Индонез, Малайз, Тайланд улс мөнгөний бодлогоо өөрчилж, сүүлийн хэдэн жил харагдаагүй зоримог алхам хэрэгжүүлж байна. Нэг бүс нутагт хамаарах хөгжиж буй эдгээр улс валютын ханшаа хамгаалж, мөнгөний гадагшлах урсгалыг тогтоон барих хүндхэн сорилттой тулгарууд байна. Тиймээс үүний эсрэг шил шилээ даран хариу арга хэмжээ авч эхэллээ.


Филиппин

Инфляцын түвшин
● Зорилтот 2-4 хувь
● Одоогийн 5.2 хувь

Филиппиний төв банк үнийн өсөлт, мөнгөн тэмдэгтийн уналттай нүүр тулчихаад байна. Тус улсын төв банк багаар бодоход хоёр, өслөө гэхэд дөрвөн хувьд барихаар төлөвлөсөн инфляцын түвшин нь өдгөө 5.2 хувь хүртлээ өссөн. Инфляц ийн төлөвлөснөөс ахихтай зэрэгцээд тус улсын мөнгөн тэмдэг болох песогийн ханш суларч, он гарснаас хойших хамгийн огцом суларсан мөнгөн тэмдэгтийн нэгд тооцогдож байна. Тиймээс мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд Филиппиний төв банк өнгөрсөн сарын 20-нд бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, 3.5 хувьд хүргэсэн байна. Хэдийгээр тус улсын инфляцын хүлээлт 2019 оны зорилтот түвшинд хүрэх төлөвтэй байгаа ч энэ онд улам өсөх магадгүй байгаа ажээ. Цаашид санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд бодлогын арга хэмжээ авахад бэлэн хэмээн тус улсын төв банкнаас мэдэгдсэн байна.


Индонез

Инфляцын түвшин
● Зорилтот 2.5-4.5 хувь
● Одоогийн түвшин 3.12 хувь


Рупигээ хамгаалахаар Индонезийн төв банк туйлын зоригтой алхам хийж буйг шинжээчид онцолж байна. Учир нь тус улсын төв банк тавдугаар сараас хойш гурван удаа бодлогын хүүгээ хөндөөд байгаа юм. Өнгөрсөн сард гэхэд бодлогын жишиг хүүгээ 0.5 нэгжээр өсгөж, 5.25 нэгжид хүргэлээ. валютын гадагшлах урсгалыг бууруулж, мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг тогтворжуулах шаардлага зүй ёсоор үүссэн. Тиймээс дотоодын санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг хадгалж, олон улсад үүсээд буй тодорхойгүй байдлыг даван туулахын тулд ийнхүү бодлогын чиглэлээ эрс өөрчилсөн хэмээн тус улсын төв банкнаас мэдэгдээд байна. Хэрэв богино хугацаанд тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байвал цаашид ч бодлогын хүүгээ өсгөнө гэж Bloomberg-ийн шинжээчид үзэж байгаа юм.


Тайланд

Инфляцын түвшин
● Зорилтот 1-4 хувь
● Одоогийн 1.38 хувь

Индонез, Филиппин мөнгөний бодлогоо эрс чангалж хэлсэн бол Тайландын төв банк бодлогын хүүгээ өсгөхөд бэлэн байна. Тус улсын төв банкны бодлого тодорхойлогчид бодлогын хүүг өнгөрсөн сарын 20-нд 1.5 хувьд хадгалсан ч дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийг дагана гэдгээ мэдэгджээ. Дайран дээр давс гэгчээр Тайландын батын ханш ам.долларын 1.6 хувиар суларсан. Мөн өнгөрсөн сард тус улсын инфляцын өсөлт саарсан ч цаашид нэмэгдэх хандлагатай байна. Томоохон орнуудын худалдаа болон мөнгөний бодлогын өөрчлөлт хөгжиж буй орнуудад эрсдэл дагуулж мэдэхээр байгаа бөгөөд цаашид ам.долларын ханш чангарах төлөвтэй байна. Тиймээс валютын ханшийг хамгаалж, батын үнийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг илүү нарийн ажиглана гэж мэдэгдээд байна.


Малайз

Тэгвэл Малайзын төв банк өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын жишиг хүүгээ 3.25 хувьд хадгаллаа. Ийнхүү харзнасан бодлого хэрэгжүүлж байгаа ч улс төрийн хүрээнд өөрчлөлт өрнөсөн нь мөнгө болон санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал дагуулаад байна. Учир нь тус улсын эрх баригч нам солигдсоны улмаас мөнгөний бодлого тодорхойлогчдыг шинээр томилох хүлээлттэй байгаа юм. Малайзын инфляцын түвшин өдгөө 1.8 хувь байгаа. Гэхдээ тус улсын бодлого тодорхойлогчид хэрэглээний үнийн индекст төдийлэн ач холбогдол өгөхгүй буйгаа мэдэгдсэн. Учир нь газрын тосны ханшийн өсөлт зарим талаар эерэг нөлөө үзүүлж байгаа аж. Түүнчлэн бараа, үйлчилгээний татварыг бууруулсан нь инфляцын дарамт энэ оны эцэс гэхэд багасна гэж тус улсын албаныхан үзэж байна. Гэхдээ хөрөнгийн гадагш урсгал болон валютын ханшийн уналтыг тогтоохын тулд бодлогын арга хэмжээ авахад бэлэн гэдгээ Малайзын төв банк мэдэгджээ.


Монгол

Инфляцын түвшин
● Зорилтот 8
● Одоогийн 2018.5) 6.1


Эдийн засгаа тэтгэж, бизнес идэвхжлийг дэмжихийн тулд сүүлийн жилүүдэд мөнгөний зөөлөн бодлого баримталж ирсэн Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнууд валютын ханш хамгаалах аянд нэгдлээ. Тэгвэл төгрөгийн ханш суларч эхэлсэн энэ үед Монголбанк харьцангуй харзнасан бодлого хэрэгжүүлж байгаа. Зургадугаар сарын 15-нд төв банкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалж, иргэдийн хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргасан юм. Ирэх саруудад эдийн засгийн идэвхжил илүү нэмэгдэнэ. Энэ хэрээр инфляци дунд хугацаанд зорилтот найман хувийн орчимд тогтворжих төлөвтэй байгаа аж. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байсан ам.доллартай харьцах төгрөгийн ханш эргэн суларч, 2460 нэгжид хэлбэлзэж байна. Хэдийгээр манай улсын экспорт нэмэгдэж байгаа ч үүнийг даган импорт өсөж буй нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гэж төв банкнаас үзэж буй юм.






САНАЛ БОЛГОХ