Хүн амын шилжилт эрдсийн ханш даган өөрчлөгдөж байна

Нийтлэлчийн булан


Эдийн засаг гэх “үл үзэгдэгч гар” хүн амын нүүдлийн замыг зааж байна​


Монголын хүн амын шилжилт хөдөлгөөн Лондоны металлын биржийн ханш даган хэлбэлздэг гэвэл та итгэх үү. Итгэхэд бэрх ч, ханшийн хөдөлгөөн, иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр харилцан хамааралтай болохыг үнийн муруй, тоон үзүүлэлтүүд баталж байна. Мэдээж, хүн амын шилжилт хөдөлгөөнд ган гачиг, зуд турхан, дэд бүтэц, эрчим хүчний хөгжил гээд олон хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ түүхий эдийн ханш, үүдээ нээсэн уурхайн тоо хүн амын нүүдлийн жимийг луужин адил заасан жишээ цөөнгүй байна. Олон улсад түүхий эдийн ханш өсөж, Монголд орд уурхайн үүд нээгдэхийн хэрээр нийслэл рүү шилжих иргэдийн тоо буурч, харин орон нутгийг зорих хүний тоо нэмэгддэг байна. Үүнийг цөөнгүй аймгийн хүн амын шилжилт, хөдөлгөөн харуулна. Эдгээрээс Баянхонгор, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн хүн амын сүүлийн 10 гаруй жилийн шилжилт хөдөлгөөн үүнийг мөн илтгэнэ. Уул уурхайн түүхий эдийн үнэ өндийж эхэлсэн жилүүдэд хотыг зорих иргэдийн тоо буурч, харин эрдсийн үнэ уруудав уу үгүй юү нутгаа орхих хүний тоо өссөн байгаа биз. Монголын уул уурхайн “зүрх” Өмнөговь аймгаар жишээ авъя. Уул уурхайн тэсрэлт энэ аймгийн хүн амын тоог бараг хоёр дахин өсгөжээ. XXI зууныг 40 мянган хүн амтай угтсан энэ аймгийн суурин хүн амын тоо өдгөө 80 мянга шүргэж байна.


Энэ хугацаанд эрдэс, ялангуяа, зэсийн үнэ уруудсан жилүүдэд өмнийн говиос “дүрвэх” хүний тоо нэмэгдсэн байгаа биз. Уул уурхай түшсэн энэ нутагт ханш даган савласан хөгжил, хүн амын хэлбэлзэл өрнөх нь тодорхой. Гэтэл эдийн засгийн бүтэц, боломж, нөхцөлөөрөө Өмнөговьтой адилгүй Сэлэнгийн нүүдлийг харцгаая. Олон улсад түүхий эдийн үнэ цойлж, эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс дээгүүрт бичигдэж байсан 2010 онд Сэлэнгэд ирсэн иргэдийн тоо 4000-ыг давж өмнөх онуудынхаас хэдэн дахин өссөн. Энэ бол Сэлэнгэ аймагт цөөнгүй орд уурхай эрчимжсэн үе. Болд төмөр Ерөө голын уурхай эрчимжиж, төмрийн хүдрийн орд түшиглэсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэзээ мөдгүй эрчимжих дөхсөн энэ үед Сэлэнгийг зоригсдын цуваа тасарсангүй. Гэтэл эрсдийн үнэ унаж, тив, дэлхийд гайхагдаж байсан макро эдийн засгийн өсөлт саармагц, нутгаа орхих нүүдэлчдийн тоо өсчээ. Харин Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлсэн 2016 оноос эхлээд нүүдлийн эрч эргэснийг та харж байна. Өнгөрсөн онд л гэхэд Сэлэнгийг чиглэсэн иргэдийн тоо нутгаа орхисон хүмүүсийнхээс давжээ.


Өмнөговьтой харьцуулахад олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, газар тариалан, хил орчмын худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн Сэлэнгэ аймагт хүртэл уул уурхай дагасан хүн амын шилжилт хөдөлгөөн ажиглагджээ. Тэгвэл олборлолт явуулж буй орд уурхай цөөн Баянхонгорыг харьцгаая. Хэдийгээр сүүлийн 10 гаруй жил энэ аймгаас явах иргэдийн тоо шилжин ирсэн үзүүлэлтээс нь өндөр байсан ч уул уурхай даган хүн амын шилжилт хөдөлгөөн өөрчлөгдөж, өгсөж, уруудсан уул шиг муруй Баянхонгорт ч давтагджээ. Хүн амын энэ нүүдэл нь Монголын эдийн засгийн толинд буусан тусгал. Сүүлийн хэдэн жил бид нийслэлийг чиглэсэн хүмүүсийн урсгалаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг төсөөлж ирсэн. Энэ урсгалыг ч сааруулахаар арга аашаа барсаар буй. Эцэстээ бүр, нийслэлд шилжин ирэх иргэдийг хаах хүртэл арга хэмжээ авчихаад байгаа. Гэтэл энэ зуур хөгжлийн боломж дагасан, амьдрал ахуйгаа өөд нь татах гэсэн иргэд нүүдэллэсээр. Товчхондоо, эдийн засаг гэгч гарт баригдаж нүдэнд харагдахгүй “үл үзэгдэгч гар” энэ нүүдлийн замыг зааж байна.


• Өнгөрсөн онд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт хамгийн олон хүн шилжин сууршжээ.

• Сэлэнгэд шилжин ирсэн иргэдийн тоо Говь-Алтай аймгийн үзүүлэлтээс тав, Говь-Сүмбэрийнхээс дөрөв, Дундговийнхоос гурав дахин өндөр байна.

• Эрсдийн үнэ унаж, тив, дэлхийд гайхагдаж байсан макро эдийн засгийн өсөлт саармагц, нутгаа орхих нүүдэлчдийн тоо өсчээ.


Өнгөрсөн онд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт хамгийн олон хүн шилжин суурьшжээ. Тухайлбал, Сэлэнгэд шилжин ирсэн иргэдийн тоо Говь-Алтайн үзүүлэлтээс тав, Говь-Сүмбэрийнхээс дөрөв, Дундговийнхоос гурав дахин өндөр байна. Улаанбаатарыг эс тооцвол сүүлийн арван жилд үлдсэн дөрвөн аймагт нийт 110 мянга гаруй иргэн шилжин ирсэн байх юм. Тэгвэл нүүдэлчин монголчуудыг татаж буй эдгээр аймаг нь зах зээл, бизнес, дэд бүтцийн хөгжил, худалдааны хүчин чадал, хөрсний үржил шим, өрсөлдөх чадвараараа орон нутгийг тэргүүлдэг. Нийслэлтэй харьцуулахад эдгээр аймагт шинээр суурьшсан иргэдийн тоо бага. Гэхдээ монголчуудын шинэ цагийн нүүдлийн урсгал салаалж, Улаанбаатарт л зөвхөн амьдрал буцалдаг иргэдийн сэтгэлгээ өөрчлөгджээ. Ган, зудад нэрвэгдэж, хариуцлагагүй уул уурхайд нутгаа талхлуулсан иргэд зах зээл, бизнесийн боломж эрэн, нүүдэллэж байна. Тиймээс их хэмжээний мөнгө эргэлддэг уул уурхайн томоохон орд, худалдаа, эдийн засгийн зангилаа боомт, томоохон говийн ай сав, үржил шимт хөрс даган, хөгжлийн хаяа түшсээр байна. Гэтэл сүүлийн арав гаруй жил манай бодлого тодорхойлогчид нийслэлийг чиглэсэн их нүүдлийн талаар ярилаа. 2020 он хүртэл хааж боогдуулахаар шийдчихээд байгаа. Харин эднийг ярьж, тэднийг шийдэх гэсээр байх зуур иргэд нүүдлийн чиглэлээ чимээгүйхэн өөрчилчихөж. Нүүдэл өдгөө зөвхөн нийслэлийг чиглэхээ больж, иргэд илүү боломж эрэлхийж, эдийн засгийн боломж, өрсөлдөх чадвар өндөртэй аймаг, хотуудыг зорьж эхэлжээ. Нэгэн цагт өвсний сор, усны цэнгэгийг даган нүүдэллэдэг байсан монголчууд өдгөө зах зээл, мөнгөний урсгал, хөгжлийн хаялга даган нүүдэллэж байна. Өөрөөр хэлбэл, ая тухтай, хангалуун амьдрахын төлөөх боломж хайсан эрэлчдийн цувааг эдийн засгийн өсөлт, хөгжил л чиглүүлэх нь. Хүн амын шилжилт хөдөлгөөн гэдэг хориглохоос илүү мөнгөний урсгал, хаа холын ханшийн хөдөлгөөн, саарал ордны шийдвэр даган хэлбэлзэж байгаа нь энэ.


САНАЛ БОЛГОХ