Ц.Батбаяр: Куба орныг сонирхох монголчууд олширч байна
Мэдээ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяртай ярилцлаа.
-Монголчууд Куба руу 30 хоног визгүй зорчдог. Кубын аялал жуулчлалын онцлох газруудын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Кубын аялал жуулчлалын энэ оны яармаг тус орны үзэсгэлэнт газруудын нэг Вилла Клара хотоос холгүй орших Каёо Санта Мариа хэмээх газар боллоо. 1989 онд эхэлсэн энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Кубын арлын эх газрыг Каёо Санта Мариа хэмээх далайн бүлэг жижиг арлуудтай холбосон. Тодруулбал, далай дундуур авто зам, 40 гаруй гүүрийг арван жилийн хугацаанд барьж байгуулсан. Харин өдгөө таван одтой 40 орчим зочид буудал тэнд үйл ажиллагаа явуулж, жилдээ хагас сая орчим жуулчин хүлээн авч байна. Түүнчлэн дэлхийд алдартай Варадеро амралт, зугаалгын бүс нь гавана хотоос 130 километрт оршдог. Куба улс жилдээ нийт таван сая жуулчин хүлээн авах чадалтай. Жуулчдын 45 хувийг Варадеро дангаараа хүлээн авдаг. Варадеро амралтын бүс цав цагаан элс, номин хөх ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхийд алдартай.
-Сүүлийн жилүүдэд монголчууд тус улсад аялах нь нэмэгдэж байгаа вэ?
-Монгол, Кубын хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна. Кубын аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзахад Кубын хилээр Монголоос ирж буй жуулчид болон Кубын зах зээл, бизнесийн орчинтой танилцахыг хүссэн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдсэн талаарх судалгааг танилцуулж байсан. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Ц.Ганхүү нарын баг нэг жилийн өмнө Кубад энэ улс, ард иргэдийнх нь тухай нэвтрүүлэг хийж Монголын телевизээр цацсан. Энэ нь Куба орныг сонирхох Монголчуудын тоог нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Жуулчид далайд амрахаас гадна Гавана хот, ялангуяа хуучин Гавана дүүргээр явган аялж, тус хотын 500 жилийн түүхтэй танилцах дуртай байдаг. Энэ бол Испани, Италийн колониал, неоклассик, арт деко загварын архитектор бүхий XVII-XIX зууны барилга байгууламж бүхий дүүрэг. Гаваны боомт болон Сан Франциско Исис, Армас, хуучин зэрэг талбай, Гаваны төв Кафедрал, Обиспо гудамж, Хятад хороолол зэргээрээ алдартай. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1982 онд бүртгэгдсэн. Гавана хотод ирж буй жуулчдын очих дуртай газар. ЮНЕСКО-гоос өгдөг 3-5 сая ам.долларын санхүүжилтийн хөрөнгөөр Кубын Засгийн газар жил бүр дүүргийн тодорхой хэсгүүдийг сэргээн засварладаг.
-Гавана хотын Хувьсгалын талбайд нэг сая хүн багтдаг, цагтаа тус улсын удирдагч Фидель Кастро тус талбайн индэр дээрээс найман цаг илтгэл тавьдаг байсан гэж ярьдаг. Хосе Мартигийн цогцолборын хөшөөнд Төрийн тэргүүн, Элчин сайд нар цэцэг өргөдөг. Та ч гэсэн цэцэг өргөж байв уу?
-Кубын Нийслэл гавана хотын төв талбай нийт 72 мянган квадрат метр. Тус талбайг тойроод Кубын төрийн зөвлөлийн ордон, Засгийн газрын яамдууд байрладаг. Талбайн төв хэсэгт Хосе Мартигийн цогцолбор бий. Тус цогцолборыг 1958 онд барьж, ашиглалтад оруулсан. Цогцолбор нь таван хошуу хэлбэрийн цогцолборын цамхаг, зургаан багана бүхий Хосе Мартигийн хөшөө, цэцэрлэгээс бүрдэнэ. Цамхагийн өндөр нь нийт 109 метр болдог юм билээ. Гавана хотын дурсгалт газрууд, Морро цайз буюу Сан Карлосын бэхлэлт, Капитол барилга, их театр зэрэг байгууламжууд бас их алдартай. Морро цайз бол Испани улсаас Латин Америкийн бүс нутагт байгуулсан хамгийн том бэхлэлт. Гаваны булангийн зүүн эрэгт байрладаг. Нийт 15 километр урт байгууламж. Энэ байгууламж овор хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт ордог. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Өдөр бүр оройн 21.00 цагаас эртний түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн Гаваны боомтын хаалгыг хаах дохио өгөх ёслолын үйл ажиллагаа, ёслолын буудлага болдог. Жуулчид ихээр очдог газар. Одоо энэхүү бэхлэлт цайз нь жил бүрийн олон улсын номын үзэсгэлэн, худалдаа, Латин Америкийн гар урлалын үзэсгэлэн, худалдаа, Биеннал олон улсын урлагийн үзэсгэлэн зохион байгуулагддаг. Цайзын яг хажууд исүс христийн цагаан гантиг хөшөө сүндэрлэдэг. Цайзын архан талд хүйтэн дайны оргил үе болох 1962 оны Карибын хямралын дурсгалд зориулсан цогцолбор байрладаг. Энэ гурван газрыг хамтад нь үзэх боломжтой.
-Харин Капитолын тухайд юу хэлэх вэ?
-Капитол нь 1929 онд баригдсан бөгөөд Кубын хувьсгалаас өмнө тус улсын Сенат, төлөөлөгчдийн танхим байрлаж байсан. АНУ-ын Капитол хиллээс гурван метр өндөр боловч нийт овор хэмжээгээрээ 25 хувь бага. Капитолын дотор байрлах Афин Пала бурхны дүр бүхий Бүгд найрамдахчуудын цул хүрэл хөшөө нь дэлхийд өндрөөрөө нэгдүгээрт ордог. Хотын ихэнх дүүргээс Капитолын орой харагдана. Кубын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны яам тус байранд 1959- 2011 хүртэл байрлаж байсан. Харин 2011 онд Кубын төрийн зөвлөлөөс тус улсын үндэсний ассамблейг оруулах шийдвэр гаргасан. Капитолын яг хажууд Кубын их театр байрладаг. Архитекторын хосгүй бүтээл. Кубын их театр 1838 онд анх нээгдсэн, Гавана хотын хосгүй уран барилгын нэгт тооцогддог. 2003 оноос гурван жил их засвар хийгээд дахин нээсэн. Гавана дахь ЭСЯ Монгол оюутнуудаа 500 жилийн түүхтэй Гавана хотын түүх дурсгалын газруудтай танилцуулах соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд их театртай танилцуулж, дэлхийд алдартай Кубын балетын урлагийн тоглолт үзүүлсэн байгаа.
-Үнэхээр үзэж, харах зүйл ихтэй орон юм. Монголоос шууд нислэг байдаггүй байх аа?
-Шууд нислэг бол байхгүй. Хятадын “Air China” агаарын зорчигч тээврийн компани Бээжин-Монреаль-Гавана чиглэлийн шууд нислэгийг долоо хоногт хоёр удаа үйлдэж байна. Мөн туркийн “Туркиш Айрлайнз” компани Истанбул-Гавана-Истанбул чиглэлээр байнгын нислэгээ хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн.
-Удирдаач Б.Лхагвасүрэн Кубын үндэсний симфони оркестртой бие даасан концерт тоглосон тухай мэдээ сошиалаар гарсан. Маш олон мянган хүн түүний концертын бичлэгийг үзсэн байсан. Тэгэхээр Монгол, Кубын хооронд соёл, урлагийн хамтын ажиллагаа хэр өөдрөг байна вэ?
-Гаванад сууж буй Монгол улсын ЭСЯ-наас санаачлан удирдаач Б.Лхагвасүрэнгийн Кубын үндэсний симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиолуудыг Куба үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг үндэсний театрт зохион байгуулсан. Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэй. Үүнийг тус улсын Соёлын яамны дэд сайд Фернандо Рохас концертын дараа хэлж байсан. Цаашид гавана хотод Улаанбаатар хотын соёлын өдрийг зохион байгуулах, Гавана хотын аль нэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбайг Улаанбаатар хотын нэрэмжит болгох зэрэг ажлыг ЭСЯ-наас санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
-Боловсролын салбарт ямар ахиц байна. Манайхаас жил бүр цөөн тооны монгол оюутан Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд голдуу ямар чиглэлээр суралцдаг юм бэ?
-МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Гаванагийн их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар энэ оны хоёрдугаар сард тус улсад айлчилсан. МУИС-д Испани хэл, орон судлалыг эрчимжүүлэх, сургуулиуд хоорондын багш, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан судалгаа хийх, хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилготой айлчлал байсан.
-Кубад Монголоос хэчнээн иргэн байдаг юм бэ?
-Нийт 25 монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Үүнээс 15 оюутан, нэг иргэн докторант мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Тэд голдуу анагаахын чиглэлээр суралцдаг. Кубын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр хоёр оюутанд анагаах ухааны мэргэжлийн хуваарь олгодог байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил оюутны тоог гурав болгон нэмэгдүүлсэн байгаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй