Аж үйлдвэржилтийн эрч суларчээ
Мэдээ
Одоогоос 3-4 жилийн өмнө, эх орны өнцөг булан бүрт шинэ үйлдвэрүүд шил шилээ даран үүдээ нээж, үйлдвэржилтийн галт тэрэг дуу хангинуулан урагшилж байсан нь саяхан. Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тэтгэгдсэн үйлдвэржилтийн хоёр дахь давалгаа ийн эрчээ авч байв. Гэвч эдийн засгийн толь, бизнесийн итгэлийн барометр болдог шинэ үйлдвэрүүдийн сураг чимээ сүүлийн жилүүдэд суларч, ховорхон сонсогдох болсон. Харин энэ оноос үүдээ нээж, өрхөө татаж буй үйлдвэрүүд нэмэгдээд байна. Гэхдээ энэ нь үйлдвэржилт эрчимжиж байсан үетэй харьцуулахад цөөн байгаа гэж албаныхан хэлж байна. Тэгвэл цөөн хэдий ч хэзээ мөдгүй зах зээлд “мэндлэх” үйлдвэрүүдтэй танилцъя. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Анд энерги” компани LED гэрлийн шинэ үйлдвэрээ энэ сарын сүүлчээр өлгийдөн авахаар төлөвлөж байна. 2017 онд анхдагч зах зээлд IPO хийсэн тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 40-50 хувийг шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулахаа мэдэгдсэн. Тэгвэл өдгөө бүтээн байгуулалтын ажил нь шувтарч, хүчин чадлыг нь 10 дахин өсгөх шинэ үйлдвэрээ “Анд энерги” ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Үүнээс гадна өнгөрсөн сард шаваа тавьж, шангаа татсан “Говь”, “Гоёо” компанийн ноолуурын анхан шатны цогцолбор ирэх сарын сүүлчээр ашиглалтад орох товтой.
Монгол улсын хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа, ноолуурын салбарт түлхэц болох энэ үйлдвэр 470 хүнийг ажлын байраар хангана. Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх “үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, таван жилийн хугацаанд 100 шинэ үйлдвэр байгуулахаар зураглажээ. Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 60 төсөлд хөнгөлөлттэй санхүүжилт олгосны дийлэнх нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон эргэлтийн хөрөнгийн дэмжлэг байжээ. Ирэх онд төр, хувийн хэвшил болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 40 орчим үйлдвэрт дэмжлэг үзүүлэхээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тэрчлэн Монголын хөнгөн үйлдвэрийн салбарын нэрийн хуудас болсон ноолуурын салбарыг дэмжихээр төр засгаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд гэхэд салбарын яам арилжааны таван банк болон хөгжлийн банктай хамтран ноолуурын аж ахуйн нэгжүүдэд 195 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
“Анд энерги”-ийн шинэ үйлдвэр энэ сарын сүүлчээр ашиглалтад орно
Хөнгөн үйлдвэрлэлийн дүр зураг ийм байна. Тэгвэл одоо хүнд үйлдвэрлэл рүү өнгийе. Энэ чиглэлийн үйлдвэрүүд нь ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацаа шаарддаг учраас үүдээ нээж буй нь харьцангуй цөөн. Гэхдээ нүүрс угаах хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимжих гэж буй. Үүний нэг нь “Чинхуа-МАК-Нарийнсухайт" компанийн нэг сая тоннын хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэрийг нэрлэж болно. Тус үйлдвэр гүний ус ашиглахгүй. Үерийн усыг хуримтлуулан, нэг сая шоо метр орчим усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөжээ. Мөн SouthGobi Sands компанийн хоёр сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалт дууссан. Тохируулгын ажлаа хийж буй бөгөөд нүүрсийг баяжуулснаар экспортын шаардлага хангадаггүй бүтээгдэхүүний чанарыг нэг ангилал дээшлүүлэх юм байна. F ангиллын нүүрсийг B ангилалд хүргэх боломжтой гэдгийг SouthGobi Sands-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат хэлсэн юм. Түүнчлэн “Өсөх зоос” компани нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ сараас барилгын ажил нь эхэлнэ.
Мөн Дархан-Сэлэнгийн бүс нутагт монголчуудыг ган хайлдаг үндэстэн болгох “уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор”-ын төсөл хэрэгжиж байгаа. Хоёр үе шаттай хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд энэ онд 500 мянган тонн шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн бэлтгэл ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Шинээр эдгээр үйлдвэр үүдээ нээх товтой байна. Тэгвэл өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орсон. Тухайлбал, Японы Мegatech корпораци Дорноговь аймгийн Сайхандулаан суманд цахиур олборлох, баяжуулах үйлдвэр байгууллаа. Дорноговийн Сайхандулаан суманд орших 400 жилийн нөөцтэй ордод түшиглэн байгуулсан энэ үйлдвэр сард 200-400 тонн цахиур баяжуулах хүчин чадалтай. Боловсруулсан бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх аж. Үүнээс гадна Мандалговь хотод барилгын хуурай хольцийн үйлдвэр үүдээ нээжээ. 2000 оны эхэн үетэй харьцуулахад Монгол улсад үйлдвэржилт сэргэж эхэлсэн. Гэхдээ нийт үйлдвэрлэлийн 95 хувийг нам дор түвшний бүтээгдэхүүн эзэлдэг, түүхий эдээ зарсан мөнгөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг монголчууд аж үйлдвэрээ илүү арчилж, аж үйлдвэрийг илүүтэй дэмжих шаардлага тулгарсаар байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй