Энэ зун амжиж үзэх дэлгэцийн бүтээлүүд

Кино


ESCAPE PLAN 2: HADES

БНХАУ, АНУ-ын хамтын бүтээл Escape Plan 2: Hades буюу “Оргох төлөвлөгөө 2” нь үзэгчдийн тодорхой хүрээнд соёлыг түгээгч болсон Escape Plan киноны үргэлжлэл. Эхнийхийг нь найруулагч Микаэль Хофстрём найруулж, адал явдалт тулаант киноны хуучин одод болох Сталлоне, Шварцнеггер нар хамт тоглосон. Үргэлжлэлийг Стивен С.Миллер (Marauders) найруулж, Сильвестр Сталлоне элит группийн ахмад Рэй Брэслиний дүрээр эргэн ирлээ. Мөн эхний кинонд тоглоцгоосон олон жүжигчин хуучин дүрдээ хувилж, байж боломгүй хүнд хэцүү, аюултай даалгавар гүйцэтгэхээр цугларцгаав. Энэ удаад Рэй Брэслин дэлхийд хамгийн чанд хамгаалалт бүхий Hades шоронд хоригдсон хамтран зүтгэгч Шу Ренийг аврах хэрэгтэй боллоо. Шинэ үеийн шоронд хоригдсон нэгнээ оргуулахын тулд ямар ч бэрхийг давж чадах хүчирхэг хүмүүс бүхий тусгай баг бүрдүүлдэг. Багийн гишүүд ийм үүрэг даалгаварт гаршсан мэргэжлийн хүмүүс. Оргох тухай санахын ч хэрэггүй, орчин үеийн нарийн технологиор өвч тоноглосон шоронгоос анд нөхрөө гаргахын тулд тусгай баг түмэн бэрхийг туулна. Кинонд Сильвестр Сталлоне, Дэйв Батиста, Жэйми Кинг, Титус Уэлливер, Уэс Чэтем, Рэпер Кертис, 50 Cent зэрэг холливудын одод тогложээ. Нийт 20 сая ам.доллараар бүтсэн уг кино зургадугаар сарын 29-нөөс кино театруудын тайзнаа гарч эхэллээ.


ADRIFT

Найруулагч Бальтазар Кормакурын адал явдалт драм Adrift нь 1983 онд Номхон далайд дэгдсэн аймшигт Рэймонд хар салхины үеэр тохиолдсон бодит явдлаас сэдэвлэжээ. Дурлалт хос Ричард, Тами (Сэм Клафлин, Шэйлин Вудли) хоёр дарвуулт хөлгөөр Номхон далайг туулах романтик аялалд гарна. Гэвч аяллын зам дэлхийн түүхнээ тэмдэглэгдэж үлдсэн хамгийн хүчтэй хар салхины нэг рүү шууд хөтөлж аваачив. Дарвуулт онгоцыг сүйрүүлсэн аймшигт шуурганаас аялагч хоёр амьд мэнд үлдэнэ. Гэвч эх газраас холбоо тасарч, хоол хүнсгүй, онгоцны сэгтэй үлдсэн найдваргүй нөхцөлийг тами хүнд бэртсэн Ричардын хамт даван туулж хавайн эрэг хүрэх хэрэгтэй боллоо. Байгалийн хүчийг даван туулах хүний сэтгэлийн тэнхээг харуулсан романтик кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ зургадугаар сарын нэгнээс гарч эхэлсэн. Нийт 35 сая ам.долларын өртгөөр бүтсэн кино зардлаа бараг нөхөөд байна.


SICARIO: DAY OF THE SOLDADO

Гэмт хэргийн триллер Sicario: Day of the Soldado нь 2015 онд дэлгэцнээ гарч шуугиан дэгдээсэн, Дени Вильнёвын Sicario киноны үргэлжлэл юм. Стефано Соллима найруулсан шинэ киноны үйл явдал АНУ, Мексикийн хил дамнан ажилладаг мафи, холбооны агент, хар тамхины картелийн хооронд өрнөнө. Мексикт хилээр их хэмжээний мансууруулах бодис сэм оруулж байгаа нь АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх товчоонд тодорхой боллоо. Холбооны агентлаг мөрдөн шалгасны эцэст гэмт бүлэглэлүүд АНУ, Мексикийн хил доогуур ухсан хонгил ашиглан мансууруулах бодис, хууль бус цагаач, алуурчдыг зөөвөрлөж байна гэсэн дүгнэлт гаргав. Наркокартелийг зогсоох ажилд томилогдсон холбооны агент Мэтт Грэйвер (Жош Борлин) даалгавраа гүйцэтгэхийн тулд найдваргүй түнш Алехандро Гилликетэй (Бенисио дель торо) хамтран ажиллахаас аргагүй боллоо. Кинонд гол дүрийн хоёр лут одоос гадна Изабела Монер, Мэтью Модэйн, Кэтри Киннер зэрэг алдартай олон жүжигчин тогложээ. Өнгөрсөн сарын 28-наас дэлгэцнээ гарч эхэлсэн Sicario: Day of the Soldado нийт 35 сая ам.доллараар бүтсэн ба энэ сарын 15-ны байдлаар 59 сая ам.долларын орлого олоод байна.


JURASSIC WORLD: FALLEN KINGDOM

Зохиолч Майкл Крайтоны бестселлерт үндэслэсэн кино бүтээл, гэр бүлээрээ тухлан үздэг “Юрийн галавын цэцэрлэг” франчайзын тав дахь үргэлжлэл нь Jurassic World: Fallen Kingdom болж байна. Найруулагч нь Испанийн хуан антонио Байона. Жинхэнэ, амьд үлэг гүрвэлүүд бүхий амралт цэнгээний цэцэрлэг оршдог Исла-Нублар арлыг байгалийн гамшиг дайрах аюул нүүрлэв. Галт уул оргилж арлын байгаль орчин, амьдардаг амьтдыг хөнөөх аюултай болсон тул шинжлэх ухааны гайхамшгаар сэргээн амилуулсан бүхнийг эх газар луу нүүлгэх шаардлага тулгарлаа. Нүүлгэхдээ аймшигт махчин үлэг гүрвэлүүд өвсөн тэжээлт бусдыгаа төдийгүй хүмүүсийг идэх эрсдэл үүсгэх ёсгүй. Угаас мөхөж сөнөх тавилан дайрсан эрт галавын амьтдыг сэргээн хадгалахыг Конгрессын зарим гишүүн эсэргүүцэх болов. Тэгээд ч ийм амьтдыг хаана байлгах нь ноцтой асуудал. Гэвч амьдралд хэзээд шийдэл байдаг. Үлэг гүрвэлүүдийг аврахаар ирсэн Клэр, Оуэн хоёрын адал явдал дөнгөж л эхэлж байна. Доктор Йен Малькольм (Жефф гольдблюм) зэрэг “Юрийн галавын цэцэрлэг”-ийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон хуучин зарим дүр эргэн иржээ. Хүн, үлэг гүрвэл хоёр “Энх тайвнаар зэрэгцэн оршиж болно” гэсэн санаа энэ удаагийн бүтээлийг өвөрмөц болгож өглөө. Fallen Kingdom нь 2017 оны судалгаагаар шинэ онд үзэгчдийн хамгийн хүсэн хүлээж байсан киноны нэгээр нэрлэгдэж байсан юм. Киног бүтээхэд 187 сая орчим ам.доллар зарцуулжээ. Зургадугаар сараас кинотеатруудад гарч эхэлсэн бүтээл хэдийнэ 1.1 тэрбум ам.долларын орлого олоод байна. Стивен Спилберг тэргүүтэй бүтээгчид нь уг киноны үргэлжлэлийг 2021 онд гаргахаар төлөвлөжээ.


OVERBOARD


Overboard нь 1987 онд Курт Рассел, Голди Хоун нар гол дүрд нь тоглосон романтик комеди киноны орчин үеийн дахин шинэчилсэн хувилбар. Гол дүрүүдийг Америк жүжигчин Анна Фэрис, Мексик од Эухенио Дербес нар амилуулжээ. Олдсон ажил бүрийг хийж хэдэн хүүхдээ тэжээдэг ганц бие ээжид нэг удаа плэйбой тэрбумтны дарвуулт онгоц цэвэрлэх ажил таарчээ. Ядуу эмэгтэйд тэрбумтан тун ч цэвдэг, хүний мөсгүй хандав. Гэтэл хөлгийн тавцангаас усанд унасан баян эрхэм аврагдсан хойноо юу ч санахаа больсноор ганц бие ээжид өс авах сайхан далим гарав. Мексик тэрбумтныг эхнэр хүүхдээ тэжээх үүрэгтэй эр нөхөр мөн хэмээн итгүүлж ажилчин ангийн амьдралд хутгав. Эр нөхрийн толгой хуучнаа санах чадвартай болохоос өмнө гэр бүлийн хоёр элэг хөшөөм олон адал явдал туулна. Инээдмийн кино энэ оны дөрөвдүгээр сард бэлэн болсон ч Avengers: Infinity War-ын борлуулалтыг унагахгүйн тулд дэлгэцэнд гарахыг нь тавдугаар сарын 4 болгон хойшлуулжээ. Арван хоёрхон сая ам.доллараар бүтсэн киноны тасалбарын борлуулалт хэдийнэ 87 сая ам.долларт хүрээд байна.


САНАЛ БОЛГОХ