Д.Тогтохсүрэн: Тавантолгойг хөдөлгөсөн нь чуулганы гол амжилт
Байр суурь
Нүүрсний үнэ өндөр байгаа үед “Тавантолгой” IPO хийх нь зөв
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Хаврын чуулган завсарлаад удаагүй байна. Өнгөрсөн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Гурван сарын хугацаанд хуралдсан хаврын чуулганы үр дүнг би сайнаар үнэлнэ. Энэ тухайд би гуравхан зүйл хэлье. Нэгдүгээрт, Тавантолгойг хөдөлгөхөөр болсныг юуны түрүүнд дурдах нь зүйтэй. Олон жил талцаж маргасан асуудлыг нэг тийш болгож, олон түмний хяналт дор, нээлттэй, ил тод байдлаар төдийгүй олон улсад мөрддөг дүрэм журмынх нь дагуу хөрөнгийн биржид хувьцаа гарган, 30 хувийг нь худалдах шийдвэр гаргалаа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа үед хөрөнгийн зах зээлд гаргах нь цаг үеэ олсон чухал шийдвэр болсон. Одоо гагцхүү хэрэгжилт нь хэр үр дүнтэй байх, цаашлаад үр өгөөжийг нь ард түмэнд хэрхэн хүртээх вэ гэдэг л чухал. Хоёрдугаарт, Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ бол бүртгэлийн системд хийж буй эрх зүйн томоохон шинэчлэл. Бүртгэлийг хүнд сурталгүй, шуурхай болгоход нэлээд ахиц дэвшил гаргасан хууль болсон. Эцэст нь, УИХ ард иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд нэлээд үр дүн гаргасан гэж хэлнэ. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Үүгээр бид цалин, хөлс, тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэх нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн. Цаашлаад банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүртээх шаардлагатай гэж үзээд шийдвэр гаргасан. Энэ агуулгаараа хаврын чуулган үүргээ гүйцэтгэсэн.
-Хаврын чуулганы хугацаанд хэд хэдэн томоохон ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох байсан ч амжсангүй. Тухайлбал, “Оюутолгой”-н ажлын хэсгийнхэн шалгалтаа дууссан ч Засгийн газраас бичиг хүлээж байна гэх шалтгаанаар чуулганыг өндөрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр тал ойлголцолд хүрээгүй…
-Хаврын чуулган эхлэхээс өмнө “Оюутолгой”-той холбоотойгоор ард иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэл гарсан. Тиймээс УИХ-аас 2009, 2015 онд “Оюутолгой”-той байгуулсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг байгуулсан. Сүүлд өргөжүүлээд явсан, хажуугаар нь дэд ажлын хэсгүүдийг ч ажиллуулсан. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ УИХ-д албан ёсоор өргөн бариагүй. Явцын талаар мэдээлж байгаагаас харахад “Оюутолгой”той холбоотой тодорхой зөрчил цөөнгүй юм билээ. “Оюутолгой”н хувьд миний байр суурь тун тодорхой. Тухайлбал, 2015 онд байгуулсан Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Энэ гэрээний хүрээнд Монгол Улсын эрх ашиг хохирсон. Түүнээс биш 2009 онд байгуулсан гэрээг засч сайжруулах зүйл бий. Харин хүчингүй болгож болохгүй. Учир нь энэ гэрээ Монгол Улсын эрх ашигтай салшгүй холбоотой. Цаашлаад олон улсын тавцанд манай улс хэн болж харагдах вэ гэх зэрэг олон зүйл бий. Ээлжит бус юм уу намрын чуулганаар энэ асуудлыг нэлээд нухацтай ярих байх гэж бодож байна.
-УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал энэ хугацаанд нэлээн хөндөгдсөн. Яг ийм асуудлаас болж парламентын нэг гишүүн бүрэн эрхээсээ буугаад байна. Тиймдээ ч УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилсөн байх. Гэвч чуулганы гуравны нэгт нь УИХ, байнгын хорооны хуралдаанд суугаагүй бол эгүүлэн татах заалтыг гишүүд дэмжсэнгүй. Тус хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажилласны хувьд энэ заалтыг унасан талаар ямар тайлбар өгөх вэ?
-Бид энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд гурван зүйлийг тодорхойлохоор шийдсэн юм. Нэгдүгээрт, УИХ-ыг, гишүүдийг хариуцлагажуулъя. УИХ-аас гаргаж буй хуулийг чанаржуулахаар зорьсон. Энэ агуулгаар гишүүд хурлаа таслаад байвал эгүүлэн татдаг болох, байнгын хорооны хуралд гурав ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр суухгүй бол хасъя гэх мэтээр хариуцлагын заалтыг оруулсан л даа. Хамгийн гол нь хүний өмнөөс кноп дардгийг болиулаад хурууны хээгээ уншуулдаг болох заалт багтаасан.
Үндсэн хуулиар хотын статусыг бий болгож байна
Гэвч хэлэлцүүлгийн явцад эгүүлэн татах, байнгын хорооны гишүүнээс хасах заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд болиулчихсан. УИХ-ын бүрэн эрхэд халдана гэж үзсэн хэрэг. Гэхдээ энэ заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтааж өгсөн. Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэдгийг дашрамд дуулгая. Гэхдээ хүний өмнөөс ирц өгдөггүй байх, хуралдаа суухгүй бол цалин хасдаг байх, сануулга өгдөг гэх хариуцлагын заалтыг баталж чадсан. Сахилга хариуцлагыг УИХ өөрөөсөө эхлэх хэрэгтэй учраас Дэгийн хуулийг цаашдаа улам боловсронгуй болгоход анхаарч ажиллана.
-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэн төслөө боловсруулахад бэлэн болсон. Одоо Засгийн газар, ҮАБЗ зэрэг зарим субьектээс санал авна гэсэн. Үүнд хэр хугацаа шаардах вэ. Таны хувьд орон нутгийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ тухайд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Миний хариуцаж байгаа орон нутагтай холбоотой хэсэг буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн дөрөвдүгээр бүлэгт концепцын гурван том өөрчлөлт бий. Нэгдүгээрт, “хот” гэдэг статусыг нэмж байна. 1992 оны Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш л гомдол маргаан дагуулсан олон асуудал нь хоттой холбоотой. Тиймээс “Хот” гэдэг үгийг нэмнэ. Ингэхдээ нэг нь улсын зэрэглэлтэй, нөгөөх нь орон нутгийнх байна. Улсынх нь Дархан, Эрдэнэт. Орон нутгийнх нь аймгийн төвүүд. Дараагийнх нь өөрчлөлт ард түмнээс санал асуухад гарсан. Тодруулбал, орон нутгийн Засаг даргыг иргэдээр сонгуулдаг болох. Энэ агуулгаар нь сум, дүүргийн Засаг даргыг иргэд томилдог болох юм. Харин баг, хорооны болон аймаг, нийслэлийн Засаг даргыг дээд шатных нь хүн буюу Ерөнхий сайд томилдог болъё гэж байгаа юм. Мөн орон нутагт улс төрийн намаас хүнээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн гурван том өөрчлөлт оруулахаар бэлдсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрх мэдэл өргөжих давуу талтай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй