9.6 мянган гадаад ажилтан бий гэх тоо хэр бодитой вэ

Мөнгө ба бизнес


ДНБ-ий өсөлт, уналтаас гадаадын ажиллах хүч хамааралтай байна​


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, хөдөлмөрийн гэрээгээр Монгол улсад гадаадын 92 орны 9.6 мянган иргэн ажиллаж байна. Тэдний 69.6 хувь нь өмнөд хөршөөс иржээ. Үлдсэн нь Австрали, БНСУ, ОХУ, АНУ, Канад, Филиппин улсын харьяат иргэд байна. 2017 онтой харьцуулахад энэ оны эхний хагас жилд манай ажиллах хүчний зах зээлд зургаан орон шинээр нэмэгджээ. Харин ажилчдын тоо 10.3 хувиар буурсан байна. Монголчууд өөрсдөө гадаадад гарч ажиллах нь нэмэгдэж байгаа энэ үед манай улсад мөн адил хөдөлмөрийн гэрээтэй гадаад иргэдийн тоо 10 мянга руу ойртжээ. Гэхдээ бодит нөхцөл байдлыг үзвэл 9.6 мянга нь маш бага тоо юм. Энэ оны эхний хагас жилд хөдөлмөр эрхэлж буй Австрали улсын иргэд 27.7 хувь, Филиппин улсын иргэд 2.1 дахин, Англи улсын иргэд 37.1 хувь, АНУ-ын иргэд 3.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн нь АНУ, Австрали улсаас ирж ажиллах гадаадын иргэдийн тоо өсөхөд нөлөөлжээ.

Тэрчлэн хөдөлмөрийн гэрээтэй гадаад иргэд уул уурхай, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, автомашины засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл болон боловсролын салбарт ажиллаж байна. Задалж харвал, гадаад иргэдийн 27 хувь нь уул уурхайн салбарт төвлөрч буй. Хөдөлмөрийн гэрээтэй гадаадын иргэд 9.6 мянга гэсэн тоонд олон хүн эргэлзэж байна. Улсын хилээр энэ оны эхний хагас жилд гадаадын 238.1 мянган хүн нэвтэрсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 21.1 мянгаар өсжээ. Тэдний 84.2 хувь нь 30 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын олонх нь буюу 202.7 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр оржээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 12.1 хувиар өссөн дүн. Hилээр орсон гадаад зорчигчдын 35.4 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор ирсэн байгаа юм. Статистик үзүүлэлт ингэж зааж байхад хөдөлмөрийн гэрээтэй гадаадын иргэд дөнгөж 9.6 мянга байгаа нь үнэмшилгүй санагдана. Хилээр нэвтрэх гадаад зорчигчид, тэдний дунд ажиллах, суралцах зорилготой нь 30 мянгыг хол даваад байхад хөдөлмөрийн гэрээтэй нь ийм бага гэхээр өнөө л хууль бусаар ажиллах, хоног хугацаагаа хэтрүүлэх, аяллын визээр орж ирээд ажиллах үзэгдэл байсаар байгааг харуулна.

• Эдийн засаг сайн байсан жилүүдэд манай улсад гадаад ажиллах хүч нэмэгдэж, барилга, уул уурхайн салбарт дийлэнх нь төвлөрсөн байдаг.
• Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд 9.6 мянган гадаад иргэнээс гадна бүртгэгдээгүй буюу хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа гадаадын иргэдийн асуудал үүний цаана хөндөгдөж таарна.
• Хилээр орсон гадаад зорчигчдын 35.4 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор ирсэн байгаа юм.

Харин Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд 25.8 мянга байна. Тэгвэл 11.7 мянган иргэн ажилтай боловч өөр ажил хайж байгааг ҮСХ-ны нийгэм, эдийн засгийн ээлжит тайланд дурджээ. Ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр. Зургадугаар сарын байдлаар уг үзүүлэлт 9.7 хувьтай тэнцэж байна. Ажилгүй таван хүн тутмын бараг дөрөв нь хот, суурин газарт ажиллаж байгаа аж. Улс дотроо ажилгүйдэл ийм өндөр байхад гадаадын иргэд хөдөлмөрийн гэрээгээр манай улсад орж ирсээр байгаа нь анхаарал татна. Нөгөө талаасаа, монголчууд өөрсдөө ажил болон цалин голдог, нарийн мэргэжил эзэмшээгүй нь хөдөлмөрийн зах зээлд гадаадын иргэд ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх аж. Эдийн засаг сайн байсан жилүүдэд манай улсад гадаад ажиллах хүч нэмэгдэж, барилга, уул уурхайн салбарт дийлэнх нь төвлөрсөн байдаг.

Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хумигдах хэрээр гадаадын ажиллах хүчний тоо эрс буурсан нь бий. Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлаас барилга, уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих үеэр ажиллах зорилготой гадаад ажиллах хүчний тоо эрс өссөн билээ. Барилга, уул уурхай нийт гадаад ажиллах хүчний 50 орчим хувийг эзэлдэг бөгөөд эрдэс түүхий эдийн ханш, эдийн засгийн төлөвийг уг үзүүлэлт дагах аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд 9.6 мянган гадаад иргэнээс гадна бүртгэгдээгүй буюу хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа гадаадын иргэдийн асуудал үүний цаана хөндөгдөж таарна. Хэрэв хөдөлмөрийн гэрээгүй гадаадын иргэн манай улсад ажиллаж байгаа бол Монгол улс хүний эрх ноцтой зөрчиж байна гэсэн үг. Мөн үүний цаана улсын төсөвт орох төлбөр, хураамж, татварын орлого аль нэг хувь хүн эсвэл компанийн орлого болж, эсвэл гадагш урсаж байхыг ч үгүйсгэхгүй.
САНАЛ БОЛГОХ