Төсвийн хөрөнгө оруулалт багасжээ

Мөнгөний бодлого


Хөрөнгийн зардлын 60 хувийг л санхүүжүүлжээ


Хот, хөдөөгүй ажил буцалдаг ид үеэр төсвийн хөрөнгө оруулалт багасжээ. Сайд дарга нар ийн хэлээгүй ч Сангийн яамны төсвийн үзүүлэлт үүнийг илтгэж байна. Салбарын яамнаас мэдээлсэн энэ оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлд анхаарлаа хандуулна уу.

Энэ оны зургадугаар сарын байдлаар Засгийн газар хөрөнгийн зардлын 60 хувийг л санхүүжүүлжээ. Уг нь хөрөнгийн зардал бол сургууль цэцэрлэгийн цалин, цахилгааны төлбөр болж, урсаад өнгөрдөг урсгал зардалтай зүйрлэшгүй санхүүжилт. Татвар төлсөн иргэний амьдралд тулгарч буй сорилтыг шийдэж, улсын урт хугацааны хөгжлийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт. Гэтэл улсын төсөв дэх ирээдүйг чиглэсэн энэ хөрөнгө оруулалт зургадугаар сарын байдлаар товлосон хугацаа, төлөвлөсөн хэмжээнээсээ 300-гаад тэрбум төгрөгөөр тасарчихжээ. Энэ хэрээр зунтай уралдаж, цаг хугацааны хайчинд хавчигддаг бүтээн байгуулалтын ажил удааширч, гацчихаад байна. Үүнээс болж шугам хоолойны ухаад удсан нүх, урагшилж байсан ч таг зогссон, шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил ч цөөнгүй харагдах болж. Энэ дүр зургийг төсвийн хүснэгт дэх тоон үзүүлэлт ч батална. Улсын төсвөөс энэ оны хагас жилд багтан барилга, байгууламжид зарцуулахаар төсөвт зоочихсон нийт мөнгөний 70 хувь нь гарчээ. Үлдсэн 30 хувь буюу 200 тэрбум төгрөг төрийн сангаас гараагүй байна.

Тиймээс тухайн ажлыг хийхээр тендерт шалгарсан хувийн хэвшлийнхэн одоо санхүүжилт хайн сандарч яваа биз. Сангийн яамны албан ёсны цахим хуудас дахь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн мэдээлэл ч өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шинэчлэгдсэнгүй. Энэ оны эхний хагасын төсвийн том тоотой танилцъя. 2018 оны төсвийг батлахдаа уих энэ оны зургадугаар сар гэхэд 3.4 их наяд төгрөгийн орлого олж, 4.8 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тусгажээ. Харин олон улсын зах зээлд таваарын ханш муугүй байснаас төсвийн орлого 150 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн бол зарлага нь бараг 930-аад тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй байна. Уг нь манай улс тухайн жилийн гол ажлаа үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрдөг зун, намрын хэдхэн сард арайхийн амжуулдаг. Гэтэл бүтээн байгуулалтын улирал эхэлчихээд байхад төсвийн хөрөнгө оруулалт товлосон хугацаанаасаа хоцорч, төлөвлөсөн хэмжээндээ ч хүрэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид өр төлж, төсвийн орлогыг өсгөж, зарлага бууруулснаа бахдалтайяа ярих аж.

Угтаа төсвийн зарлага бол хөрөнгө мөнгө, цаг хугацааг нь хэдийнэ тооцож, төсөвттөлөвлөчихсөн ажлуудын санхүүжилт. Хөрөнгийн эх үүсвэрийг нь хэдийнэ шийдчихсэн санхүүжилт бага байна гэхээр энэ нь хэмнэлт гэхээсээ илүү ажлын гүйцэтгэл ийм сул байна гэсэн үг. Төслийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн ажил удааширснаас зардал буурчээ. Ингэснээр төсвийн алдагдал бараг их наяд төгрөгөөр багассан байх юм. өөрөөр хэлбэл, төр үр ашиггүй зардлаа танаснаас алдагдал үлэмж хэмжээгээр буураагүй. Харин төр ажлаа дутуу хийж бас хийлгэж буйгаас зардал нь ийм бага, алдагдал тийм доогуур байгаа нь энэ. Төсвийн санхүүжилт яагаад ийм сул байгааг Сангийн яамнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх ёстой холбогдох албан тушаалтан нь ээлжин амралтаа авсан гэв. Монгол улс жилийн жилд дотоодод бонд босгож, оны эхний улирлуудын төслийн зардлаа санхүүжүүлдэг. Харин энэ онд хувийн хэвшилтэй арилжааны банкны актив булаацалдаж, бонд босгохгүй гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн.

Жилд дунджаар 1-1.5, хамгийн ихдээ 2.6 их наяд төгрөгийн бонд дотоодод гаргаж, зардлаа санхүүжүүлдэг Засгийн газар энэ онд үнэт цаасны зах зээлээс гарсан нь төдий хэмжээний орлогын эх үүсвэрийг хаасан гэсэн үг. Гэтэл энэ оны эхний хагасын төсвийн гүйцэтгэлээр ойролцоогоор нэг их наяд төгрөгийн зарлагын биелэлт сох дутлаа. Дээрээс нь ойрын саруудад төрийн сангийн нөхцөл байдал хүндхэн байгаа гэсэн мэдээллийг ч эх сурвалж өгч байгаа юм. Төсвийн зарлагын гүйцэтгэл гэхэд зургадугаар сарын байдлаар төлөвлөснийхөө 80 хувьд дөнгөн данган хүрч байна. Эдгээрээс үзэхэд, жил бүрийн эхний гурван улиралд тогтмол төсвийг тэтгэдэг Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа зогссоноос үүдэн төсвийн нөхцөл байдал хүндэрчээ гэж дүгнэж болохоор байна. Мэдээж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг булаахгүйн тулд төр дотоодод үнэт цаас гаргаж, хөрөнгө босгохоо зогсоосон. гэхдээ үүний цаана төсвийн нөхцөл байдал хүндрэх, төрийн ажил мөнгөгүйгээс гацах, төртэй түншилдэг хувийн хэвшлийн нөхцөл байдлыг хүндрэл рүү хөтөлж байна. Бүтээн байгуулалт буцалдаг энэ үеэр төр мөнгө бага байна гээд гараа хумхиад сууж болох уу. Хүнсээ гамнаж байна гээд өлсөж, түлшээ хэмнэж байна гээд хөлдөж үхдэггүй л байлтай.
САНАЛ БОЛГОХ