Дөрвөн банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн

Байр суурь


Иргэдийн хадгаламжийн 19 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна​


Монголбанкнаас сар тутам хийдэг ээлжит хэвлэлийн хурал пүрэв гарагт боллоо. Тус хурлаар мөнгө, санхүүгийн статистик үзүүлэлт болон ипотекийн зээлийн үлдэгдэл, алтны тушаалт, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн дүнг танилцуулсан юм. Мөнгөний бодлогын жолоо, цулбуурыг зангидах төв банкны мэдээлснээр нийт мөнгөний нийлүүлэлтийн 53 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлж байна. Тэгвэл үлдсэн хувийг төгрөгийн харилцах болон валютын хадгаламж, валютын харилцах, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө эзэлжээ. Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа нийт хадгаламжийн хэмжээ өнгөрсөн сард 11.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээл 11.9 хувиар буурчээ. Харин чанаргүй зээл өмнөх сараас 96.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн чанар худалдаанаас бусад салбарт төдийлэн сайжрахгүй байгаа аж. Харин бизнесийн зориулалттай гадаад валютын зээл олголт уул уурхай, худалдааны салбарт нэмэгдэж байна. ОУВС-гийн ажлын хэсэг Монгол улсад энэ өдрүүдэд ажиллаж буй. Ажлын хэсгийн зүгээс ойрын хугацааны инфляц болон эдийн засгийн төлөв, банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монголбанктай ярилцсан байна. Инфляц төв банкны зорилтот түвшинд буй. Гэхдээ шатахуун болон хүнсний ногоо, валютын ханш тодорхой бус байдлыг үүсгэж байгааг төв банк урьдчилж хэллээ.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 201.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА

Эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлж байдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 201.7 сая ам.долларын ашигтай гарчээ. Нэг сараар хоцорч гардаг уг статистик үзүүлэлт манай улсын гадаад худалдааны “эрүүл мэнд”-ийг илэрхийлдэг. Төлбөрийн тэнцэл ийнхүү нааштай гарсан нь төгрөгт ирэх валютын ханшийн дарамт саармагжих аж. Энэ нь дунд хугацаанд төгрөгийн ханш тогтвортой байхад нөлөөлнө гэдгийг төв банкныхан онцолж байна. Мөнгөний нийлүүлэлт гадаад эх үүсвэр буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт, ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт болон экспортын орлогын нөлөөгөөр нэмэгдэж байна. 2018 оны эхний таван сарын байдлаар шууд хөрөнгө оруулалт 643.6 сая ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс даруй 200 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд валютын албан нөөц 3.2 тэрбум ам.доллартай тэнцжээ. Засгийн газар он гарсаар томоохон дүнтэй өрийн эргэн төлөлт хийсэн ч валютын нөөц өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдсэн. Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар энэ 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн. Тэгвэл үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас хойш дөрвөн банк нийтдээ 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байгаа аж.

ОРОН НУТАГТ АЛТНЫ СОРЬЦ ТОГТООЖ, АЛТ ТУШААЛТ 10-20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Монголбанкны алтны худалдан авалт энэ сарын 20-ны байдлаар 8.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өсөлттэй гарсан байна. Энэ оны эцэс гэхэд 2017 онтой харьцуулахад 10-20 хүртэл хувиар их алт авахаар төв банк зорьж байгаа аж. Энэ хүрээнд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг таван сарын хугацаатай зарласан. Мөн Баянхонгор болон Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох лаборатор ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил нь хангагдаж байна. Алтны санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд Төв банк ажиллаж эхэлсэн байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор алтны олборлолт ихтэй орон нутагт алт сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв мөдхөн үүдээ нээх нь. Мөн алтны роялтиг 2.5 хувь болгосон хуулийн хугацаа ирэх онд дуусгавар болно. Тэгвэл хуулийн хугацааг сунгуулах талаар холбогдох газарт хандахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд алтны тушаалт нэмэгдэж, 700 гаруй сая ам.доллараар валютын нөөц зузаарсан. Харин энэ онд 800 сая ам.доллар давах хүлээлттэй байна.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ЭНЭ ОН ГАРСААР НИЙТ 150 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Ипотекийн зээлийн явцын талаар төв банк хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энэ өдөр өгсөн юм. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрч, зээлдэгчийн тоо 94 мянгад дөхжээ. Монголбанк, Засгийн газар энэ он гарсаар ипотекийн зээлд нийт 150 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Энэ нь 2018 онд төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50 хувьтай тэнцэх дүн. Ирэх оноос Засгийн газар уг хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх бөгөөд төв банк энэ оноор дуусгавар болгож, хөтөлбөрөөс гарах бэлтгэлээ хангаж байгаагаа дуулгалаа. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.2 хувь нь хэвийн ангилалд байна. Хамгийн эргэн төлөлт сайтай зээлийн төрөлд ипотек багтдаг. Зургадугаар сарын байдлаар 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.
САНАЛ БОЛГОХ