Комацу HD465-7R загварын самосвалийг танилцуулж байна

UB Info

55 тонны даацтай уг загварын хүчин чадал, техникийн давуу талыг Монголын хэрэглэгчид хэзээнээс мэднэ. Анхны захиалга 2013 онд "Шарын гол" нүүрсний уурхайд нийлүүлэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад нийлүүлэгдсэн Комацу HD465-7R загварууд осол, эвдрэл, гэмтлийн улмаас сул зогсож байгаа нэг ч техник байхгүй хэмээн Комацу брэндийн албан ёсны дистрибьютер Трансвест Монголиа ХХК-ийн Техникийн хяналт судалгаа, гэрээ хариуцсан ахлах ажилтан Д.Гал-Эрдэнэ хэлсэн юм.

Комацугийн техникийг ашиглахын гол давуу тал нь энэ бөгөөд таны худалдан авсан экскаватор, түрэгч, ачигч гээд бүх төрлийн машин нь ухаалаг технологи (КOMTRAX)-оор тоноглогдсон, машины хурд, ачааны хүнд, зарцуулж буй шатахуун, хөдөлгүүрт өгч буй ачаалал, техникийн доголдол гэх мэт бүхий л мэдээллийг түүгээр дамжуулан Трансвест Монголиа-гийн мэргэжилтнүүд цаг үргэлж хянаж, мэдээллийг цуглуулж байдаг. Эдгээр мэдээллийг боловсруулж эргээд худалдан авагчид тайлагнан, техникийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгдөг тул үйлдвэрлэгч үйл ажиллагааны зардлаа хамгийн бага түвшинд барихад ихээхэн тус нэмэр болдог байна.

Өндөр бүтээмж

Комацу HD465-7R загварын автосамосвалийн хувьд өөрөө эдийн засгийн хэмнэлттэй, ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байхаар тооцож үйлдвэрлэгддэг. Энэ загварын машинууд үйлдвэрлэгдээд агуулахад бэлэн хадгалагдаж байдаггүй. Зөвхөн захиалагч талд зориулж уг машин нь цаг агаарын ямар нөхцөлд, хаана ажиллах зэрэгт үндэслэн тусгай захиалгаар үйлдвэрлэгддэг. Австрали, Индонези, Чили зэрэг халуун оронд ажилладаг Комацу HD465-7R, өвөл хасах 40 хэм хүрдэг Монголд ажиллаж буй машин хоёрын хооронд ялгаатай гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй, Тавантолгой болон Шарын голд ажиллаж байгаа хоёр техник ч хоорондоо адилгүй юм. Хамгийн энгийн ялгаа гэвэл нүүрс, эсвэл баяжмал зөөх үү гэдгээс хамаараад тэвшний хийц нь өөр өөр байдаг гэх мэт ялгаатай.

9.3 метр урт, 5.4 метр өргөн Dump ангиллын уг автомашин нэг бүтэн эргэхэд 8.5 метрийн голчтой тойрог үүсгэдэг. Ижил даацтай бусад самосвалуудын хувьд ойролцоогоор 11 метр голчтой байдаг. Учир нь HD465-7R-ийн урд тэнхлэгт нэмэлт "гар" суурилуулж өгснөөр дугуйн эргэлтийн өнцөг ихэсч ийм бага зайд эргэлт хийх чадвартай болсон байна.

Мөн энэ загварын ачааны машин нь тухайн ангилалдаа өндөр буюу 70 км/цаг-ийн хурдыг авч чадна. Ийм хурд, хүч гаргахад түүний 739 морины хүчтэй SAA6D170E-5 хөдөлгүүрт ухаалаг хурдны хайрцаг нь их дэмжлэг болдог юм. Долоон хурдасгууртай бөгөөд автомат удирдлагатай боловч түүний K-ATOMiCS хурдны хайрцаг ид шидтэй л гэсэн үг. Автомат удирдлагатай хурдны хайрцаг нь хурдасгуурын хооронд шат дараалан шилжих хооронд техник хүч алддаг. Харин Комацу HD465-7R-ийн хурдны хайрцаг хүчлүүрийн өгөгдлийг мэдэрч 3-аас 7, 7-оос 1 гэх мэт алгасан араа шилждэг тул хүнд даацын машины хурдны хайрцгаас шалтгаалсан хүч алдагдлыг үгүй болгосон юм.

Бага зардал

SAA6D170E-5 хүчирхэг хөдөлгүүр нь цагт ердөө 40 литр дизель түлш хэрэглэдэг. Түлшний шахуургыг ухаалаг технологитой хослуулснаар ийм боломж бий болсон аж. Мөн техникийг ажиллуулах хоёр үндсэн горим бий. Дээд хүчин чадлаар ажиллуулах (Power mode) эсвэл, эдийн засгийн хэмнэлтэй (Economy) горимыг оператор бүхээгээсээ маш амархан сонгож болно. Дээд хүчин чадлаар ажиллах горим нь газрын өөд өгсөх зэрэг машины хүчин чадлыг бүрэн ашиглах шаардлагатай үед идэвхжүүлбэл зохистой. Харин эдийн засгийн хэмнэлтэт горим нь ачаа ачсан эсэхээс хамааран автоматаар хамгийн тохиромжтой хүч гаргадаг. Тиймээс тэгш гадаргууд, хөнгөн ажил хийхэд идэвхжүүлснээр жинхэнэ бодит хэмнэлт мэдрэгдэнэ.

Мөн тэвшний өргөгч нь тун бага хүчээр тэвшийг саадгүй өргөж байхаар зохион бүтээгдсэн учир маш бага эрчим хүч зарцуулдаг. Мөн өргөгчинд суурилуулсан мэдрэгч чичиргээг үлэмж бууруулдаг байна. Түүнчлэн самосвалийн засвар үйлчилгээний зардал харьцангуй бага байхыг амлаж байна. Комацу HD465-7R-ийн сүүлийн нэмэлт сайжруулалтын үр дүнд тос солих хугацааг уртасгаж чаджээ. Хөдөлгүүрийн тосыг 500 цаг, гидравлик системийн тосыг 4000 цагийн дараа солих нь зохистой. Мөн автомашины бүхий л шүүлтүүрүүд нэг дор төвлөрсөн байдаг учир солих, цэвэрлэхэд хялбар байж, цаг хэмнэх болно.

Аюулгүй байдал

Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр нэмэлт боломжийг энд онцолъё. Эхнийх нь "Хоёрдогч тормоз" буюу ослын тормоз. Энэ нь ажлын тормоз, зогсоолын тормоз, дискэн тормоз ажиллахгүй болсон тохиолдолд ашиглагддаг. Нэмж хэлэхэд гидравлик системийн даралт унахад зогсоолын тормоз автоматаар идэвхждэг.

Нөгөө нь хурдыг тогтмол удаан барих тохиргоо. Энэ нь машин уруудах үед хурдаа жигд хадгалж, аюулгүй байдлыг хангадаг. Идэвхжүүлэхэд хурдны тохиргоог 5 км/цагаар оператор тааруулах боломжтой.

Мөн удирдлагын бүхээг нь операторын тухтай байдлыг бүрэн хангасан. Уужим зай, саруул цонх нь операторын хөдөлгөөнд саадгүй, орчны үзэгдэлт сайн байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн удирдлагын бүхээг нь операторын тухтай байдлыг бүрэн хангасан. Уужим зай, саруул цонх нь операторын хөдөлгөөнд саадгүй, орчны үзэгдэлт сайн байх нөхцлийг бүрдүүлжээ. Бүхээгт оператороос гадна зааварлагчид зориулсан суудал бий. Тав тух нь яг л суудлын автомашин жолоодож байгаагаас өөрцгүй гэж Д.Гал-Эрдэнэ хэлсэн юм.

САНАЛ БОЛГОХ