Тээгч эх арилжааны “хэрэгсэл” болох вий

Нийтлэлчийн булан


Хуулиа эхнээс нь "цоорхой"-гүй баталж байж эмэгтэйчүүдээ хамгаалж чадна​


Амьдралын буруу хэвшил, халдварт өвчин, стресс зэрэг олон шалтгааны улмаас үргүйдлийн тохиолдол улам нэмэгдсээр байна. Эмчлэх боломжгүй, найдвар тасарсан хосуудад туслах олох арга шинжлэх ухаанд бий ч хамгийн “төгс” нь тээгч эх гэж үздэг. Хосууд тээгч эхээр дамжуулан өөрсдийн генийг өвлөсөн хүүхэдтэй болох боломж 1980-аад онд бий болсон. Үүнээс хойш олон мянган хүүхэд тээгч эхээс биологийн эцэг, эхийнхээ гар дээр очжээ. Зөвхөн АНУ-д гэхэд 1976-2008 онд 28 мянга гаруй хүүхэд тээгч эхээс төрсөн байна. Энэ тоо сүүлийн арван жилд бүр л хурдацтай өсөж буй аж. Өмнө нь зөвхөн эцгийн эсийг тээгч эхэд суулгадаг байсан бол өдгөө эцэг, эх хоёулангийнх нь генийг хүүхдэд өвлүүлдэг болсон. Тээгч эх болохыг зарим оронд нээлттэй хүлээж авдаг бол зарим нь маш өндөр шалгуур тавьдаг. Ийм орнуудын нэг хэсэг нь бүр мөсөн хориглодог бол үлдсэн хэсэгт нь ямар ч зохицуулалт байдаггүй. Тухайлбал, Хятад, Герман, Итали, Япон, Франц, Турк зэрэг оронд үүнийг хуулиар хориглосон.

Харин Украйн, АНУ, ОХУ, Энэтхэг, Тайланд, Бельги, Канад зэрэг олон оронд ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, хүүхэд тээх гэж буй эмэгтэй гэрлэсэн байхыг зарим оронд шаарддаг бол цөөн хэд нь ганц бие эмэгтэйн тээгч эх болох эрхийг нээсэн байдаг. Гэхдээ ихэнхдээ арилжааны бус хүмүүнлэгийн зорилготойг нь л хуулиар хүлээн зөвшөөрчээ. Харин манай улсад өнгөрсөн зургадугаар сард л тээгч эхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнээс өмнө манайд ямар нэг зохицуулалт байгаагүй. Гэсэн ч бодит байдал дээр үр шилжүүлэн суулгах, тээгч эх болох явдал байсаар ирсэн. 2017 оны байдлаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Си эйл даблью эйч”, “Өөжин мед”, “Баянгол” зэрэг эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нэг эмнэлэгт жилд 300-500 хос хандаж, оношилгоо, эмчилгээ хийлгэж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны гэрлэсэн ба хамтран амьдрагчтай 15-49 насны 8674 эмэгтэйн дунд хийсэн судалгаанаас харахад тэдний 11.9 хувь нь үргүйдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

• Үр хүүхэдтэй болох гэсэн хосууд ихэнхдээ Энэтхэг, Украйн эсвэл Тайландыг зорьдог нь хямд төлбөртэй холбоотой.
• Хэт арилжааны болохоос сэргийлсэн хууль батлахгүй бол Монгол Улс хамгийн хямд тээгч эхтэй орон болж ч мэднэ.
• Тээгч эхийг Хятад, Герман, Итали, Япон, Франц, Турк зэрэг орнуудад хуулиар хориглосон. Харин Украйн, АНУ, ОХУ, Энэтхэг, Тайланд, Бельги, Канад зэрэг олон оронд ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрдөг.

Харин интернэтээс шүүж үзвэл тээгч эх болох хүсэлтэй эмэгтэйчүүдийн сэтгэгдэл, зар тун олон тааралддаг. 2-3 өрөө байраар хүүхэд тээх тухай зар ч цөөнгүй байна. Тиймээс тээгч эхийн асуудлыг ямар нэг байдлаар хуулиар зохицуулах цаг болжээ. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд анх удаа тээгч эх болохыг хуулиар хүлээн зөвшөөрөх тухай заалт багтсан. Мөн тээгч эх болон хүүхэдтэй болох гэж буй хосууд ямар шаардлага хангах ёстойг тусгажээ. Тухайлбал, тээгч эх нь 23-35 настай, хоёр хүртэлх насны нэгээс доошгүй хүүхэдтэй бөгөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Харин хүүхэдтэй болох гэж буй хосууд нь гэрлээд хамгийн багадаа таван жил болсон, хүүхэдтэй болох боломжгүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлага тавьжээ. Гэхдээ зарим орны туршлагаас харахад зайлшгүй анхаарвал зохих “цоорхой” дээрх хуулийн төсөлд мөн харагдаж байна билээ.

Хэрэв хуулийн төслийг “цоорхой”-той баталбал хамгийн түрүүнд тээгч эх болох эмэгтэйчүүд хохирдог. 2002 онд Энэтхэг улс анх удаа арилжааны зорилгоор тээгч эх болох боломжийг хуулиар нээснээр “хүүхдийн үйлдвэр” хэмээн “цоллуулах” болсон юм. Ингэснээр бусдын хүүхдийг тээж их хэмжээний мөнгө олох гэсэн эмэгтэйчүүдийн “арми” үүссэн. Бүр нөхөр нь эхнэрээ ийм аргаар мөнгө олохыг шахаж шаардсан тохиолдол ч гарч байжээ. Үр хүүхэдтэй болох гэсэн хосууд ихэнхдээ Энэтхэг, Украйн эсвэл Тайланд зэрэг хөгжиж буй орнуудыг зорьдог байна. Мэдээж, энэ нь хямд төлбөртэй холбоотой. Ялангуяа, Энэтхэгт тээгч эхийн нөхөн төлбөр нь 30 орчим мянган ам.доллар байв. Энэ нь АНУ-ынхаас 20-30 мянган ам.доллараар хямд үнэ. Гэхдээ арилжааны зорилготойгоор бусдын хүүхдийг тээж, төрүүлэх нь сүүлдээ эмнэлэг, хуулийн байгууллагад илүү ашигтай, тэдний бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа болж хувирчээ.

Иймд Энэтхэг 2015 онд гаднын компаниудыг хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, зуучлах, үр шилжүүлэн суулгах зэрэг тээгч эхтэй холбоотой үйлчилгээ явуулахыг хориглосон. Мөн 2016 онд хуулиа чангаруулж, энэ мөнгөний урсгалыг хаах шийдвэр гаргасан. Тус улс тээгч эхийг бүр мөсөн хориогүй ч арилжааны зорилготойг нь хумих бодлого барьж буй. Энэ мэт жишээнээс харахад тээгч эхийн тухай хуулийг батлахдаа зарим зүйлийг зайлшгүй анхаарч, долоо хэмжиж, нэг огтлох шаардлагатай болж байна. Нэгд, хэт арилжааны шинжтэй болохоос сэргийлж нэг эмэгтэйг хоёроос дээш удаа тээгч эх болохыг хориглох. Эс бөгөөс залуу эмэгтэйчүүд мөнгөний төлөө бие, эрүүл мэндээ золиослох магадлалтай. Ер нь тээгч эх болж буй эмэгтэйчүүдийн олонх нь өрөө төлөх, мөнгөтэй болох зорилготой байдаг аж. Тэд ихэнхдээ ядуу, боловсролгүй байдаг. Тиймээс хэт бага төлбөр авах, захиалагч талд илүү ашигтай хувилбараар гэрээ хийх магадлалтай. Мөн тээгч эх болохын бараан тал нь хүүхэд хүний наймааны золиос болох эрсдэл бий.

Тээгч эхээс төрсөн хүүхдийг биологийн эцэг, эх нь цааш үрчлүүлэх буюу өөр хүнд дамжуулах өгөхгүй байх тухай заалт ч хэрэгтэйг хүний эрхийн хууль ч нар хэлдэг юм билээ. Нөгөө талаас харвал, тээгч эх нь хүүхдээ төрүүлээд өгөхгүй гэвэл яах вэ гэсэн асуудал тулгардаг. Зарим оронд үүнийг хуулиар хүлээн зөвшөөрдөг бол ихэнхэд нь тодорхой зохицуулалт алга. Манайд уихаар хэлэлцэгдэх гэж буй төсөлд ч энэ талаар тусгасангүй. Үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүст туслах нь дээдийн буян. Гэхдээ хэт арилжааны болохоос сэргийлж, хуулиа эхнээс нь “цоорхойгүй” батлах ёстой. Эс бөгөөс Монгол улс хамгийн хямд тээгч эхтэй орон болж ч мэднэ гэдгийг хүний эрхийн төлөөх мэргэжилтнүүд анхааруулдаг. 30 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 73 сая орчим төгрөг санал болгож буй Энэтхэг рүү “шуурч” байхад манайх шиг 2-3 өрөө байрны буюу 100-150 сая төгрөгөөр хүүхэд тээх санал тавьж байгаа орон “Хүүхдийн бизнес”-ийн талбар болж хувирахгүй гэсэн баталгаа алга. Нөхөн үржихүйн насны залуу эмэгтэйчүүд олноороо тээгч эх болбол гэр бүл, цаашлаад улсын хүн ам зүйд ноцтой аюул учирч ч мэднэ.
САНАЛ БОЛГОХ