“Том” намын Бага хурал томоотой болж өнгөрлөө

Улс төр


Эрх баригч нам нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжгүй​


Төрийн албыг мөнгө босгох өргөн сүлжээ бүхий улс төрийн наймаа болгох төлөвлөгөөний эсрэг эрс хатуу шийдвэр гаргах болов уу гэсэн нийгмийн хүлээлтийг МАН-ын Бага хурал хангаж чадсангүй. Удтал ярьж, улс төрийн хүрээнд маргааны сэдэв болж байсан МАН-ын ээлжит Бага хурал өчигдөр сүр дуулиантай эхэлсэн ч, цомхон хэдий ч цараатай асуудлыг багахан хугацаанд томоотойхон гэгчээр хэлэлцээд тарчихав. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн гурван суманд болох нөхөн сонгуульд тус нам оролцох, эсэхээс өөр асуудлыг уг хурлаар хэлэлцсэнгүй. Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших нь зөв юм гэсэн шийдвэрийг Бага хурлаас гаргасан талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Угаас эрх баригч, үнэмлэхүй олонх улс төрийн хүчин нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжгүй тул энэ нь шинэ мэдээ биш.

Тэр тусмаа ээлжит сонгуулиар МАН-д ирсэн суудлыг сул хаях нь эрх баригч намын нэр хүнд, хариуцлагатай шууд холбогдох асуудал шүү дээ. Тус намын хяналтын хороо Бага хурал угтаж хуралдан, хэд хэдэн асуудал хэлэлцэхдээ намын эв нэгдэл, намаас томилогдсон төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, МАН-ын нэр хүндийг унагасан гишүүдэд арга хэмжээ авах талаар хатуу шаардаж ажиллана хэмээн мэдэгдэж байлаа. Тухайлбал, 60 тэрбумын асуудлаар “Төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, сонирхож, түүндээ намын нэр хүндийг хутгасан. Өөрсдөө ийм зүйл хийснээ Ц.Сандуй, А.Ганбаатар нар хүлээн зөвшөөрсөн учир намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавихаар болсон” гэсэн хатуухан эрс мэдэгдлийг тус намын хяналтын хорооны дарга Д.Батбаатар ердөө дөрөв хоногийн өмнө нийтэд хийсэн билээ.

Хяналтын хорооны сүржин мэдэгдэл нам доторх зөрчлийн илрэл байжээ
Гэвч “Ёс зүйгүй, хууль бус зүйлийн талаар санаачилж, ярилцсан ч тэд үүнийгээ төгс үйлдээгүй” гэсэн шинэ нэр томъёогоор асуудлыг хаахаар шийдсэн бололтой, намын Бага хурлаар энэ талаар хөндсөнгүй. Мөн намын мандатаар нэр дэвшиж, төрийн түшээгээр сонгогдсон ч ёс зүй, сахилга алдсан гишүүн асан Д.Гантулгад намаас ямар хариуцлага тооцох тухай ган хийсэнгүй. Угтаа өчигдөр Бага хурал хийж, нөхөн сонгуульд оролцох эсэх талаар ярихад хүргэсэн хүн нь Д.Гантулга биш гэж үү. Д.Амарбаясгалан Бага хурлын дараа сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн Бага хурлын үеэр “Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан байсан.

Одоогийн байдлаар хурлын талаарх албан ёсны баримт бичгээ ирүүлээгүй байна. Бидний зүгээс тэрхүү шийдвэрийг гар дээрээ авсны дараа удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна. Ер нь өнөөдөр Монголын нийгэмд улс төрийн нам, улс төрчдөд итгэх итгэл буурсан цаг үед нам хэрхэн ажиллаж, ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд намаас сонгогдсон, томилогдсон нөхдүүдийн ёс зүй, намын мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг хэрэгжүүлж байна вэ гэдэг дүгнэлтийг шат шатандаа гаргаад явах ёстой. Хэдийгээр бид чөлөөт нийгэмд ажиллаж амьдарч байгаа ч улс төрийн намын гишүүн бол дүрэмд захирагдах ёстой” гэлээ. Тэгэхээр хяналтын хорооны сүржин мэдэгдэл нам доторх зөрчлийн илэрхийлэл болохоос эрх баригч нам гишүүдээсээ сахилга, хариуцлага, ёс зүй шаардаж, шахсан хэрэг биш байсан бололтой. Юутай ч “том” намын Бага хурал хэн нэгэнд хал балгүйгээр томоотой болж өнгөрлөө.

Засгийн газар

ГХЯ онгоц буух зөвшөөрөл авч өгсөн, харин нислэгт ИНЕГ, ЗХЖШ хяналт тавьсан

Монгол дахь Эмпати сургуулиудын захирал, Туркийн иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хүч хэрэглэн авч явсан өдөр буюу өнгөрсөн сарын 27-нд Монголд туркийн тусгай үүргийн онгоц газардсан талаар өмнө нь мэдээлж байсан. Харин тус онгоц ямар зорилготой Монголд буусныг тус улсын Элчин сайд М.Ахмет Язал “Нууцаар ирсэн онгоц биш шүү дээ. Гадаад харилцааны яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан” хэмээн хариулсан. Харин Гадаад харилцааны яамны эх сурвалжаас энэ талаар тодруулахад ”Монголд суугаа ЭСЯ-д, олон улсын байгууллагад дипломат шугамаар ирж байгаа онгоцны талаар манайд нотоор мэдэгддэг. Тэр нотыг бид ИНЕГ-т албан тоотоор уламжилдаг. Харин ИНЕГ агаарын зай, нислэгийн хуваарь, орц, гарц зэргээ харж тооцож байж зөвшөөрөл олгодог. Тэр зөвшөөрлийг бид эргээд тухайн ЭСЯ-нд мэдэгддэг” гэсэн юм. Харин Туркийн ЭСЯ-ны хувьд Гадаад харилцааны яаманд ирүүлсэн нотдоо “Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын Ажлын албаны төлөөлөгчид ирэх онгоцны зөвшөөрөл олгоно уу” гэсэн байжээ. Харин зорилгыг нь тодруулж лавлахад “Дипломат шуудан авч ирж байгаа” гэдэг тайлбарыг утсаар өгсөн аж. Өөрөөр хэлбэл онгоц буух зөвшөөрлийг ГХЯ авч өгсөн ч тус нислэгт ИНЕГ, Зэвсэгт хүчний жанжин штабын агаарын цэргийн команд хяналт тавьж ажилласан байна.

ЗГМ: Тодруулга

М.Ахмет Язал: Онгоц буух зөвшөөрлийг Монголын ГХЯ өгсөн

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалтай уулзан тус улсын иргэн Вейсел Акчайтай холбоотой дуулиан болоод байгаа асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай ЭСЯ-ны зүгээс Туркийн иргэн Вейсел Акчайн хэрэгтэй холбоотойгоор “Монголын төр засагт мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй ямар нэгэн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулаагүй” гэж удаа дараа тайлбарлаж байна. Тэгвэл Монголын төрийн байгууллагын ямар нэгэн түвшинд мэдэгдсэн, зөвшөөрөл авсан магадгүй хамтарч хийсэн ажиллагаа мөн үү?

-Юун түрүүнд Вейсел Акчай гэдэг хүнийг Турк улс авъя гэдэг хүсэлтээ танай Засгийн газарт гаргасан. Гэхдээ тус иргэнийг хэрхэн ямар хэлбэрээр хүлээлгэн өгөхөө Монгол улс шийднэ. хэрэв танай Засгийн газар тус иргэнийг шилжүүлж өгнө гэж шийдвэл бид хүлээн авах ажлыг зохион байгуулна. Хоёр улс хамтран шийдвэр гаргасан байлаа ч Монгол улсын нутаг дэвсгэр дээр Туркүүд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй. Монгол улс ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ дагуу гадаадын улсаас тусламж авах шаардлагагүй байх. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө. Долдугаар сарын 27-нд Улаанбаатарт болсон үйл ажиллагаанд Турк улс, манай ЭСЯ ямар ч холбоогүй.

-Вейсел Акчайг хулгайлсан гэх хэргээр Улаанбаатар дахь Туркийн ЭСЯ-нд ажилладаг гурван монгол иргэнийг шалгаж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд цацагдаад байна. Энэ үнэн үү?

-Манай ЭСЯ-ны ажилчдыг шалгалаа гэхэд бидэнд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй. ЭСЯ-ны ажилчдыг холбогдуулан шалгаж байна гэсэн мэдэгдэл хууль хяналтын байгууллагаас манайд ирээгүй. Маш тодорхой нэг зүйл нь манай ЭСЯ-ны ажилтнууд энэ үйл ажиллагаанд буруугүй. Хэрэв Монголын хууль хяналтын байгууллага ЭСЯ-ны ажилтнуудыг шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол бидэнд албан шугамаар мэдэгдэх байх.

-Тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц Монголд ирсэн. Энэ яг ямар учиртай, яах зорилготой ирсэн онгоц юм бэ?

-Нууцаар ирсэн онгоц биш шүү дээ. Гадаад харилцааны яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан. Монголын талын зөвшөөрөлгүйгээр Турк улс ямар нэгэн үйл ажиллагаа явуулна гэж байхгүй.

-Вейсел Акчай багштай холбоотой хэрэг гарах үеэр Туркийн хэвлэлүүдэд энэ ажиллагааг Туркийн Засгийн газар, Монголын хууль хүчний байгууллагатай хамтран, амжилттай зохион байгуулсан гэсэн утгатай мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл гарах болсон шалтгааныг юу гэж харж байна?

-Энэ талаар надад та нараас илүү мэдээлэл алга байна. Еөрнхийдөө янз бүрийн л хэвлэлийн байгууллагууд бичиж байсан. Олон улсын туркийн хэвлэлүүд ч мэдээлж байсан. Үүнтэй холбоотой асуудал ирж байна. Улс болгонд л хууль хяналтын байгууллага байгаа. Турк улсын хувьд үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа бол тухайн улсын тусламжгүйгээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй.
САНАЛ БОЛГОХ