“Хөшиг”-ний цаадах нэр дэвшигчид

Улс төр


УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт Хэнтийчүүдээс 5735 санал авч, энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүнээр тодроод байсан Д.Гантулгын тойрог дээр өрсөлдөх намууд тодорлоо. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болов. СЕХ-нд МАН, АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам, Үнэн ба Зөв нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд буй. Сонгуульд оролцох нам эвслээс нэр дэвших хүмүүсийн талаарх таамаг ч өрнөөд эхэллээ. Парламентад суудалтай, үндэсний хэмжээний нам гэдэг утгаараа МАН болон АН-аас хэн нэр дэвших нь анхаарал татаж байгаа бол гадна тал дахь гол тоглогч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод байна. МАН, АН-ын хувьд энэ сонгуулийн үр дүн УИХ дахь бүлгийн гишүүн нэгээр нэмэгдэх эсэхийг шийдэх ч, парламент дахь хүчний харьцаанд нь нөлөө үзүүлэхгүй. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд гэнэтийн боломж болж хувираад байна. Тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвшихэд улс төрийн болон хуулийн ямар нэгэн хориг саад алга.

Харин ч Хэнтий аймгийг хэдэнтээ тойрч, намынхаа их чуулганыг Бурхан халдуны энгэрт хийж, нутгийн иргэдтэй удаа дараагийн уулзалт зохион байгуулсаар яваа. Гэхдээ МАН-ын хувьд энэ бол онцгой тойрог болоод байна. Хэнтийд алдаж мэдэх нэг суудлыг эргүүлэн авах, нэгэнт алдсан намын нэр хүндээ сэргээх боломж хэдий ч өргөн утгаараа эрх мэдлийн төлөөх “дотоод сонгууль” гэж хэлж болно. Тодруулбал, Ерөнхий сайднамын дарга У.Хүрэлсүхийг зангараг гаргаж энэ тойрогт нэр дэвшихийг 32-ын бүлгийнхэн ба намынхан нь шахаад эхэлсэн. Намын дарга, Ерөнхий сайд, мөн нутгийн хүү мөн хэдий ч тэрбээр “Нөхөн сонгуульд оролцохгүй, хүнээ олоорой” гэж намын бүлэгтээ мэдэгдээд буй. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Манай нам 42 дугаар тойрогт ялах бүрэн боломжтой. Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирж байгаа. Төрийн түвшинд, орон нутгийн түвшинд, нам улс төрийн түвшний хүмүүс байгаа.

СЕХ таван намын баримт бичгийг хүлээн авч, гурвынхыг буцаажээ

Гэхдээ нэр дэвшилт есдүгээр сарын 4-нд болно. Үүнээс өмнө бид судалгаа хийж, ялалт байгуулах боломжтой, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 дугаар тойргийн иргэдийг төлөөлөх боломжтой хүнийг нэр дэвшүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл намын нэр хүндийг өндөрт өргөх тэр хүн хэн бэ? тус аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба дэвших магадалтай хүмүүсийн эхний эгнээнд багтаж байсан ч тэрбээр мөн л татгалзаж буйгаа даваа гарагт болсон Бага хурлынхаа үеэр мэдэгдсэн. Н.Ганбямба “Миний хувьд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Тэгэхээр нэр дэвших боломж байхгүй. Хэрвээ дэвшлээ гэхэд өрсөлдөгч тал “Наад хүний чинь бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна” гээд л унагачихна. Гүүнд хайртай морь гэдэг шиг хугацааг нь дуусгая гэж байгаад янаглан хорлоно гэдэг болно биз дээ.

Тэгэхээр би хамгийн хэврэг нэр дэвшигч болж хувирна. Тиймээс хэнтийд өөр хүн нэр дэвшүүлнэ” гэлээ. Харин ардчилсан намын хувьд нэр хүндтэй, олны танил хүн дэвшүүлнэ гэдгээ тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдэгдсэн. Эх сурвалжаас авсан мэдээллээр намын удирдлагын түвшинд “Өмнө нь нэр дэвшиж байсан, болж өгвөл сонгогдож байсан хүмүүсээс дэвшүүлэх нь зөв” гэх яриа өрнөсөн аж. МАХН-ын хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хэн нэгнийг дэвшүүлэхээр болсныг тус намын дэд дарга Ц.Оюунбаатар мэдэгдлээ. Тэрбээр “МАХН улс төрийн гурван том хүчний нэг учраас хэнтий аймгийн 42 дугаар тойрог дээр нөхөн сонгуульд оролцохоор материа лаа хүлээлгэн өглөө. Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын нэр яригдаж байна.

Гэхдээ намын дүрмийн дагуу албан ёсоор Бага чуулганаар нэр дэвшигчийн асуудлыг ярих ёстой” гэв. Хамгийн сүүлд буюу өчигдөр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болсон. Тэгвэл өчигдөр 11.40 цагт МАН-аас УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэхүү хүсэлт, бичгийг шадар сайд Ө.Энхтүвшин нар Сонгуулийн ерөнхий хорооны даргад гардуулж өгсөн юм. Энэ үеэр шадар сайд Ө.Энхтүвшин “Манай намын II Бага хурал хуралдсан. Улмаар энэ оны аравдугаар сард Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойрогт МАН оролцох шийдвэрийг гаргасан. Өнөөдөр хуулийн дагуу энэ тухай тогтоол, бусад баримт бичгийн хамт МАН-ын хүсэлтийг гардуулж өгч байна. Та бүхэн хүлээн авч, МАН-ыг бүртгэхийг хүсч байна” гэсэн юм.
САНАЛ БОЛГОХ