Д.Малчинхүү: Өрхийн эмнэлэг бүрт ядаж нэг хүүхдийн эмч ажиллуулдаг болмоор байна

ЗГМ: Зочин


Улсын хэмжээнд ажлын байртай хүүхдийн эмч 300 орчим л байна​


“Хүүхдийн” гэх тодотголтой Д.Малчинхүү эмчийг сониныхоо хүндэт зочноор урихад уриалгахан зөвшөөрлөө. Хүүхдийн эмчээр хагас зууны турш ажиллаж байгаа тэрбээр Зуун модны зусландаа жимс, ногоо тарьсан шигээ зуны амралтаа өнгөрөөж сууна. Ардын эмч хэмээх хүндтэй цолны эзэн болсон цөөн эрхмийн нэг түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сайхан зусаж байна уу. Та хүүхдийн эмч мэргэжлээр ажилласан хэвээрээ биз дээ?

-Сайхан зусаж байна аа. Би Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн дотрын эмнэлэгт зөвлөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ одоо бол амарч байна. Есдүгээр сарын эхээр ажилдаа орно доо. ЭХЭМҮТ-д хүүхдийн 300 гаруй ор бий. Улсын хэмжээний төв эмнэлэг учраас энд тэндхийн эмнэлгээс хүндэрсэн, амь тэмцсэн, онош нь тодрохгүй удаж байгаа хүүхдүүд ирдгээрээ онцлог. Тиймээс ачаалал ихтэй, хүнд ажил гэж болно.

-Та хүүхдийн эмч мэргэжлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-53 жил болжээ. Тухайн үеийн анагаах ухааны дунд сургуульд хүүхдийн эмчийн анхны анги нээгдэхэд элсэн орж, 1965 онд анхны төгсөгч нарын нэг болж байлаа. Монголын хүн ам 1.2 сая орчим байсан. Тэр үед хүүхдийн тусгай мэргэжлийн эмч гэж байсангүй. Курсээр бэлтгэсэн цөөн тооны эмч зарим аймагт байсан.

-Таныг дөнгөж сургуулиа төгсөөд ажлын талбар дээр ирэх үед хүүхдүүдийн дунд ямар өвчин зонхилдог байв?

-Одоогийн залуус ойлгоход бэрх тийм цаг үе байсан л даа. Би төгсөөд Төв аймгийн Лүн суманд хэдэн жил ажилласан. Халдварт өвчин элбэг, улаанбурхан их дэгддэг, вакцинаар хамгаалагдаагүй байсан үе. Улаанбурхны дэгдсэн үед ор, эмч хүрэлцэхгүй болохоор хүндэрсэн өвчтөн их, нас баралт ч өндөр байв. Харин вакцин нэвтэрснээс хойш нэг хэсэг огт гараагүй шүү дээ. Сүүлд, хоёр жилийн өмнө дахин дэгдэв үү. Гэхдээ тэр үеийнх шиг хүндрэл гараагүй. Бусад халдварт өвчин ч одоогийнхтой харьцуулалтгүй их байлаа. Хөдөөгийн дуудлага их. Унаа тэрэггүй болохоор мориор голдуу явна шүү дээ. Заримдаа Сангийн аж ахуйн “салга улаан”-аар ч явах тохиолдол бий. Одоо бол хөдөөгийн эмч нар дуудлагад явахаа бараг больжээ. Морь унадаг эмч байдаг юм уу.

-Мориор хамгийн ихдээ хэдэн километр явдаг байв?

-Хоёр өртөө явна шүү. Өвлийн ид хүйтнээр морь унаад явахад дулаахан байдаг юм. Морины хөлсөнд халууцаад очно.

-Халдварт өвчнийг хэдийд дарж чадсан бэ. Дараа нь ямар өвчин санаа зовоож эхлэв?

-Вакцин нэвтэрснээс хойш халдварт өвчин эрс цөөрсөн. Яахав, ханиад шуухинаа, гүйлгэлт зэрэг ердийн өвчин аль ч үед байсан. Гэхдээ 1990-ээд оноос хойш суулгалт өвчнөөр хүүхэд нас барахаа бараг байсан шүү дээ. Харин уушгины хатгалгаагаар хүүхэд их энддэг байлаа. Хамгийн гол нь оройтож эмнэлэгт ханддаг. Хөдөөгийн хүмүүс их тайван шүү дээ. Гайгүй болох байлгүй гэж байтал хүндэрчихдэг. Тухайн үед хүүхдийн нас баралтын шалтгааны 13 хувийг уушгины хатгалгаа эзэлдэг байсан бол одоо 0.1 хувь болоод байна. Үүнд эцэг, эхийн хариуцлага хамгийн чухал. Эцэг, эх нь оройтуулахгүй, эрт оношилж чадвал эмчилгээ сайн авна.

-1990-ээд оны ороо бусгаа цаг үед нөхцөл байдал ямархуу байв?

-Тэр үед би ЭХЭМҮТ-ийн захирал байлаа. Зах зээлд дөнгөж шилжсэний дараа эмч нарын маань олонх нь үүргийн наймаанд явсан. Хүүхдийн эмч улаан номд орох нь гэж хүртэл яригддаг байв. Хүн ам өсөхийн хэрээр хүүхдийн эмч дутагдалтай болж ирсэн л дээ. 1996 онд хүүхдийн ангийн хамгийн сүүлчийн төгсөлт болсон юм. Хүүхдийн ангиа хааж орхиод резидентурын сургалтаар бэлдэхээр болсон ч эхний үед жилдээ хоёрхон хүн ирэх тохиолдол ч байлаа. Харин 2010 оноос резидентурын сургалт нэлээд хүчтэй болж, жилдээ 50-иад хүн хүүхдийн эмчээр төгсөж байна. Эндээс харвал хүүхдийн эмч жигтэйхэн хүрэлцээтэй болсон мэт. Гэтэл тийм биш. Хүүхдийн тоо өссөн ч норматив нь сая гаруйхан хүнтэй байх үеийнхээрээ. Нөгөө талаар, анагаахын олон сургууль нээгдлээ. Нийтдээ 10 гаруй сургууль жилдээ 2000 гаруй эмч төгсгөж байна. Энэ боловсон хүчнийг шингээх газар байдаггүй. Мөн хувийн сургуулиуд багшлах боловсон хүчнээ сайн бэлдээгүй болохоор төгсөгчдийн чанар их доогуур.

-Одоо улсын хэмжээнд хүүхдийн эмч хэд байна вэ?

-Ажлын байртай хүүхдийн эмч 300 орчим л байх. үүнээс гадна үндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа эмч олон бий. Ажлын байраараа л цомхотгочихоод байна гэсэн үг. Өмнө нь өрхийн эмнэлгийн тогтолцооны үед хүүхдийн хэсэг гэж байлаа. Тэгэхэд хүүхдийн суурь өвчнийг маш сайн хянадаг байж. Харин одоо өрхийн эмнэлгүүдэд дандаа ерөнхий мэргэжлээр төгссөн эмч нар ажилладаг учраас хүүхдийн тусламж, эмчилгээ чанарын хувьд доройтсон. Уг нь хүүхдийн тоо өсөхийн хэрээр хүүхдийн эмч нарыг ажлын байраар хангамаар байгаа юм. Өрхийн эмнэлэгт даралтаа үзүүлдэг хэдэн хөгшчүүд, тэгээд хүүхдүүд л үйлчлүүлж байгаа шүү дээ. Тиймээс өрхийн эмнэлэг бүрт дор хаяж нэг хүүхдийн эмч ажиллуулдаг болох хэрэгтэй.

• Хүүхдийн эмч, дотрын эмч хоёр бол зах зээлд гардаггүй мэргэжил.
• Өмнө нь хүүхдийн нас баралтын шалтгааны 13 хувийг уушгины хатгалгаа эзэлдэг байсан бол одоо 0.1 хувь болоод байна.
• Хүүхдийн өвчлөл эцэг эхээс хамгийн их шалтгаална гэдгийг мартаж болохгүй.

-Энэ асуудлыг холбогдох албан тушаалтнуудад хэлдэг үү. Арга хэмжээ авах шинж байна уу?

-Оготны дуу тэнгэрт хүрэхгүй гэдэг шиг л байдаг даа. Сүүлийн үед ЭМЯ-ны бүтэц, зохион байгуулалт сонгуулиас сонгуулийн хооронд солигддог болж. Нэг сайдад хэлсэн үг дараагийн сайддаа уламжлагдаж очихгүй байна. Жишээ нь, Т.Ганди Эрүүл мэндийн сайд байхад би хүүхдийн эрүүл мэндийн талаар 18 асуудал тавьж байсан. Одоо эргээд харахад биелэгдсэн юм нэг ч алга. Сүүлийн хоёр сайдын үед би яаманд ямар нэг асуудал тавиагүй. Тавиад ч үр дүнд хүрдэггүй юм билээ. Харин С.Ламбаа сайд байх үедээ мэргэжилтнүүдийн үгийг сайн сонсдог байсан юм шүү. Социализмын үед боловсон хүчнээ ямар мундаг бэлддэг байсан юм бэ гэж би гайхдаг. Яамны орлогч сайд болгохын тулд газрын дарга нарын дунд судалгаа явуулж байгаад хамгийн шилдгийг нь томилно. Орлогч сайдаар хэдэн жил ажилласных нь дараа жинхэнэ сайд болгох маягаар бэлддэг байлаа. Харин одоо бол ялсан намын л хүн байвал тэр ажлыг мэдэх, мэдэхгүй нь хамаагүй томилж байна.

-Цалингийнхаа хажуугаар мөнгө олох боломжгүй учраас хүмүүс хүүхдийн эмч мэргэжлийг сонгохыг хүсдэггүй гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Энэ бол бодит амьдрал. Хүүхдийн эмч, дотрын эмч хоёр бол зах зээлд гардаггүй мэргэжил. Нүдний эмч давхраа хийгээд мөнгө олж болно. Шүдний эмч бас өндөр орлоготой. Харин хүүхдийн болон дотрын эмчид ийм зүйл байхгүй. Тэгсэн атлаа хамгийн их ачаалалтай, ачааны хүндийг үүрдэг онцлогтой мэргэжил.

-Сүүлийн жилүүдэд ямар төрлийн өвчлөл эмч нарын санааг зовоож байна вэ. Агаарын бохирдлоос болоод өвчлөлийн хэлбэр өөрчлөгдсөн үү?

-Амьсгалын эрхтний цочмог өвчлөлүүд гол асуудал болж байгаа. Үүнд мэдээж агаарын бохирдол гол нөлөө үзүүлдэг. Зөвхөн агаар ч биш, хөрс, усны бохирдол Улаанбаатар хотод дээд зэрэгтээ хүрээд байна шүү дээ. Цэвэрлэх байгууламжийн ойр орчмын агаар ямар үнэртэйг бид мэднэ. Тийм агаараар амьсгалж байгаа хүн хортой бодисуудыг нь шүүж чадахгүй нь ойлгомжтой. Муухай агаар байна, амьсгалахгүй гэлтэй биш. Ер нь агаарын дутагдал, агаарын бохирдол бол маш эмзэг асуудал. Үүнтэй холбоотой амьсгалын эрхтний өвчин өндөр байдаг. Хамгийн гол нь хүүхэд эрүүл, чийрэг байвал өвчин хүндэрдэггүй. Тиймээс улирлын чанартай дэгддэг өвчний урьдчилан сэргийлэх ажиллагааг сайн хийх хэрэгтэй. Амьсгалын өвчин гэхэд 300 гаруй эх үүсвэртэй. Энэ олон үүсгэгчийг бүгдийг нь вакцинаар хамгаалах боломжгүй. Тиймээс хүүхдээ, ялангуяа гурав хүртэлх насны хүүхдийг суурь өвчингүй болгох хэрэгтэй. Нөгөө талаар иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байна. Нэгнээсээ асууж байгаад хүүхдэдээ дур мэдэн эм өгдөг. Тэгээд бүр болохоо байсан хойно нь эмнэлэгт хандаж байна.

-Хүйтний улирал юу юугүй хүрээд ирнэ. Эцэг, эхчүүд энэ их утаатай орчинд хүүхдээ яаж асрах вэ гэж санаа зовж байгаа. Та тэдэнд хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Амьсгалын халдварын дэгдэлт арваннэгдүгээр сараас эхэлдэг. Энэ үед эцэг, эхчүүд ерөөсөө л хүүхдээ чийрэгжүүлэхэд анхаарах ёстой. Зуны дэлгэр үед хүүхдээ сайн борогшуулж, жимс ногоогоор хооллох хэрэгтэй. Мөн хүүхдээ зөв хувцаслах нь чухал. Манайхан хоёр янзаар алдаад байгаа. Зарим нь хэтэрхий дааруулдаг бол зарим нь хэтэрхий бэгнээд байдаг. Их бэгнэсэн хүүхэд л бие султай болчихоод байдаг юм. Чийрэг, эрүүл хүүхэд ямар ч өвчнийг хөнгөхөн даваад гардаг. Ер нь хүүхдийн өвчлөл эцэг эхээс хамгийн их шалтгаална гэдгийг мартаж болохгүй.

-Та 50 гаруй жил хүүхдийн эмчээр ажиллажээ. Хүнд хэцүү олон л тохиолдолтой учирсан байх. Зарим нэгийг нь сонирхуулж болох уу?

-Хүнд тохиолдол их бий. Төв аймгийн Лүн суманд ажиллаж байхад угтаалын сангийн аж ахуйд УБДС-ийн хэдэн оюутан түймэрт нэрвэгдсэн юм. Дуудлагаар анх очиход үнэхээр нүд халтирам байсан. Энд тэндээс дуудагдсан арав гаруй эмч 17 хүүхэдтэй шөнөжин ноцолдож хоносон. Тэр шөнөө яаж ч чадалгүй долоо, наймыг нь алдсан даа. Яс нь цухуйтлаа түлэгдсэн байхад хэцүү шүү дээ. Галын эсрэг сөрж зүтгэсэн нь амьд үлдсэн байгаа юм. Энэ явдлыг би сар гаруй зүүдэлсэн. Нүдээ анихаар л нөгөө хүүхдүүд харагдаад шөнөө унтаж чаддаггүй. Ер нь үхэл амьдралын зааг дээр байсан хүүхдийг амьдруулсан тохиолдлууд санаанаас гардаггүй юм. Өвдсөн хүүхдэд эцэг эхийн сэтгэл зүй асар их нөлөө үзүүлдэг. Бид ч аварч чадахгүй нь дээ гэж бодож байтал эцэг эх нь “та нарын гарт даатгасан байхад айх юм алга” гээд жигтэйхэн тайван байх тохиолдол бий. Ийм үед хүүхэд дүүжигнэсээр байгаад сэхээд ирдэг. Гэтэл хүүхэд нь гайгүй байхад “Болохгүй байна, тийм ламд үзүүлье” гээд сандарч уйлаад байдаг хүний хүүхэд өөдөлдөггүй нь сонин шүү. Сэтгэл зүйн энэ мэт нөлөө их байдаг. Ер нь сүүлийн тав, зургаан жилд ЭХЭМҮТ-ийн чадавх нэмэгдсэн шүү. Тоног төхөөрөмж сайжирсан, эмч нарын ур чадвар ч дээшилсэн. Хамгийн гол нь эмнэлгийн менежмент зөв явагддаг. Тиймээс Монголд эмчилж болох бүх л өвчнийг хэтэрхий оройтож ирээгүй л бол босгоод ирнэ шүү. Хамгийн гол нь аль ч нам засгийн эрхэнд гарлаа гэсэн сайн ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг үргэлжлүүлмээр байгаа юм. Ажлаа хийж чадаж байгаа хүн аль намынх байх нь ямар хамаа байна аа. Заавал намынхаа хүнийг тавьдаг нь улсын хөгжилд чөдөр тушаа болоод байна уу гэж боддог.

-Сайхан ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ