Гэр бүлээрээ адал явдлын эрэлд гарцгаая

UB Info

Гэрэлт ирээдүйг бүтээх эзэд нь гэнэн бяцхан хүүхдүүд билээ. Хүүхдийн суурь хүмүүжил болон зөв хүн болж төлөвшихөд эцэг эхийн нөлөө хамгийн чухал. Бид энэхүү ярилцлагадаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд хувь нэмрээ оруулж яваа залуу бизнес эрхлэгч, “Дүүди-тэй хамт Манай гэр бүлийн аялал” номын зохиолч Д. Дөл-ийг зочноор урьж номын тухай хийгээд нийгмийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

- Аяллын санааг анх яаж олсон бэ?

Японы нэгэн ахлах сургуульд зуны амралтаар нь дийлдэшгүй олон хичээлээр дарах бус “эдгээр газруудаар аялаад ирээрэй” гээд нэг жижигхэн карт өгдгийг би одоогоос 2 жилийн өмнө олж мэдсэн юм. Улсаас болон хувийн байгууллага нь ч их дэмждэг юм билээ. Гэтэл бидний амьдарч буй Улаанбаатар хотод цагийг зөв боловсон өнгөрөөх газар тун ховор байдагт би их эмзэглэж явдаг юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сонирхолтой зүйлс үзүүлэхийн зэрэгцээ зааж сургаж болох байтал мэдээлэл муутайн улмаас чаддаггүй. Ингэснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал багасаж, улмаар хүүхэд буруу зүйлд татагдах эрсдэл тулгардаг. Үүнийг анзаарсны дараа би өөрийгөө юу хийж чадах талаар арга зам хайлаа. Надад Японы аялал хийх бодлого нь маш их таалагдсан тул үүнийг Монголд хэрэгжүүлье гэдэг санаа орж ирсэн юм. Сайтар бодсоны эцэст зориг шулуудан ажлаа эхлүүлсэн дээ.

- Номын онцлог, давуу тал нь юу вэ?

Номын хамгийн том онцлог бол Монгол баатар “Дүүди”. Монгол хүүхдүүд багаасаа гадаад суваг үзэж, харь орны баатрыг биширч, гадаад үгээр хэлд орох нь элбэг болжээ. Хүмүүс “соёлын довтолгоо” гээд л барууны соёлыг хэт дэлгэрүүлээд өв уламжлалаа алдаж болохгүй. Тиймээс Монгол баатар бүтээе гэж шийдсэн. Сайн анзаарвал “Дүүди” баатар нь тарвага амьтан байгаа. Учир нь Монголын эртний домог, түүхэнд үргэлж л тарвага орсон байдаг шүү дээ. Энэхүү “Дүүди” баатраас хүүхдүүд үлгэр дууриалал авахаас гадна танай гэр бүлийн аяллын хөтөч болох юм. Мөн өөр нэг давуу тал нь таны гэр бүл “хөнгөлөлттэй аялах” боломжтой. Монголын амьдралын түвшин янз бүр байдаг. Сонирхолтой газруудаар гэр бүлээрээ аялахыг хүсэвч мөнгөний асуудал гарч ирдэг шүү дээ. Тиймээс хүүхдийг аяллаас бүрэн хөнгөлөлт эдлүүлэх тал дээр зорьж ажилласан.

- Хэтийн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ?

Гэр бүлийн харилцааг илүү бат бөх, халуун дулаан байлгах зорилготойгоор энэ ном бүтээгдсэн. Миний хүүхдүүд ирээдүйд зөв, соёлтой, гэр бүлийн эрүүл орчинд өсөж торнисон хүмүүсээр хүрээлэгдсэн нийгэмд амьдраасай гэж би их хүсдэг. Хэтийн зорилго бол би сайхан нийгмийг цогцлоохын төлөө эхлүүлсэн ажлаа цаашид өргөжүүлэн хийсээр л байх болно. Номын хоёрдугаар цуврал дээр аль хэдийнээ ажиллаад эхэлчихсэн байгаа. Мөн энэхүү номоо гадаадад гаргахыг зорьж байна. Улам сонирхолтой адал явдлыг таны гэр бүлд бэлэглэхийн төлөө бид хичээж ажиллах болно.

- Өөрийн зүгээс хамгийн сонирхолтой өртөөг санал болговол?

Мэдээж энэ аялал бүхэлдээ адал явдлаар дүүрэн, сонирхолтой байх болно. Миний зүгээс “Керамик арт студи”-ийг онцолъё. Энэ бол хүүхдийн сэтгэн бодох чадварыг маш өндөрт хөгжүүлдэг урлаг. Миний охин өөрийн гараар шаврыг урлан аяга хийж байсан юм. Одоо зөвхөн тэр аягаа л хэрэглэдэг, түүндээ их хайртай. Тиймээс Керамик урлагийг аялалд байх ёстой гэж үзсэн. Энэ нь таны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна өөртөө итгэх итгэл болоод өөрийн гараар бүтээсэн дурсгалт зүйлтэй болох боломжийг олгодог. Мөн “Үлэг гүрвэлийн музей”-г онцолмоор байна. Энэхүү музейд “Бяцхан палеонтологич” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнд палеонтологийн мэргэжлийг таниулж, хүүхдүүдээр палеонтологийн бяцхан ажлыг хийлгэдэг маш сонирхолтой арга хэмжээ багтсан байгаа. Мөн л аяллын чухал газруудын нэг нь юм шүү.

- Хамтран ажиллах байгууллагаа хэрхэн сонгосон бэ?

Түрүүн дурдсанчлан бид хүүхдийг аяллаас бүрэн хөнгөлөх тал дээр анхаарч ажилласан. Тиймээс байгууллагыг юун түрүүнд үнэгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан байгаа. Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан, онцгой давтагдашгүй болон гэр бүлийн уур амьсгалд нөлөөлөхүйц байх ёстой гэж үзсэний эцэст эдгээр байгууллагуудыг сонгож хамтран ажилласан. Маш олон байгууллага орохыг хүссэн ч орж чадаагүй. Гэхдээ аялал маань ингээд зогсохгүй. Дараагийн цувралд оруулж болно шүү дээ.

- Эцэг эхчүүддээ юуг уриалмаар байна вэ?

Хүүхдэдээ цаг зарцуул. Хүүхдэдээ цаг зарцуулна гэдэг хүүхдээ хүмүүжүүлнэ гэсэн үг. Хүүхдээ хүмүүжүүлэх нь хүүхдийг зөв замаар явуулж, зүг чигийг нь заах хамгийн том үндэс нь юм. Ажлын дараа гэр бүл биш үргэлж гэр бүлийг нэгдүгээрт тавьдаг байгаасай хэмээн уриалмаар байна. Харин гэр бүлийн дурсамжаа мөнхлөхөд хамгийн тохирох хэрэгсэл нь манай ном байгаасай гэж хүсэж байна.

- Номыг хаана худалдаалж байгаа вэ?

Манай ном 5 сарын сүүлээр хэвлэлтээс гарч сарын дотор нийт 3000 ном борлуулаад байна. Дүүди ном маань маш цөөхөн үлдсэн байгаа. Одоогийн байдлаар ubshop.mn онлайн сайт болон Internom дэлгүүрийн 5 салбарт худалдаалагдаж байна. Мөн Дүүдитэй хамт Миний гэр бүлийн аялал хуудас болон 757520208910 9595 гар утсаар холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой.

САНАЛ БОЛГОХ