Мандал сумаас олдсон арслан зааны олдворыг нийслэлд авчирчээ

ЗГМ: Сэдэв


Олдворуудыг ухаж авахдаа хугалж, гэмтээсэн байна​


Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Бороо гоулд” компанийн талбайгаас эртний амьтдын олдвор илэрсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр манай сонинд ирсэн юм. Тус компанийн талбай дахь чингэлгүүдэд үлэг гүрвэл болон арслан зааны олдвор хадгалагдаж байсныг хуулийнхан илрүүлсэн гэх мэдээллийн дагуу бид сурвалжиллаа. Өнгөрсөн баасан гарагт ШУА-ийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнд цагдаагийн байгууллага хандаж эртний олдворууд илэрсэн тухай мэдээлсэн аж. “Бороо гоулд” компанийн талбай дахь чингэлэгээс дөрөвдөгч мөстлөгийн үеийн гурван хэсэг олдвор гарсан байна. Гэхдээ нийгмийн сүлжээгээр бичиж буй шиг үлэг гүрвэлийн олдвор илрээгүй.

Харин одоогоос 30-20 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёоны хэсэг, шууны яс болон одос үхрийн эвэрний хэсэг гэсэн гурван олдвор гарчээ. Тухайн үед эдгээрийг хэн, хэзээ олсон, ямар зорилгоор хадгалж байсныг мэдэх хүн байгаагүй аж. Хуулийнхан ч нөхцөл байдлыг тодруулахаар шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээрийг “Бороо гоулд” компани олборлолт хийж байх үедээ илрүүлсэн. Гэхдээ энэ нь саяхных бус, нэлээн хэдэн жилийн өмнө олсон олдвор байсан аж. Арслан заан бол хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байсан хамгийн отгон эртний амьтдын нэг. дэлхийд дөрвөн удаа галав юүлснээс хамгийн сүүлийнхэд нь устсан байдаг. Дэлхийн бөмбөрцгийн умард хэсгээс буюу Сибириэс арслан зааны үлдэгдэл хамгийн их олдсон түүхтэй.

Энэ хэсэг цэвдэг ихтэй учраас арслан зааны үлдэгдлийг хэдэн мянган жилийн турш сайтар хамгаалж иржээ. Харин манай орон Сибирийн бүстэй хил залгаа, цэвдгийн тархалтаараа дэлхийд тавдугаарт ордог. Тиймээс арслан зааны олдвор мэр сэр илэрдэг аж. Хамгийн анх эрдэмтэд Төв аймгийн Жаргалант сумын нутгаас арслан зааны хос соёо олсон. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхтолгой, Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Бугант, Ерөө, Хүдэр орчмоос болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум буюу Дархадын хотгороос арслан зааны янз бүрийн хэмжээтэй үлдэгдэл илэрч байв. Эдгээрийн ихэнхийг нутгийн иргэд анх олж мэдээлсний дагуу судлаачид газар дээр нь очин судалж, цаашлаад хамгаалалтад авсан байдаг. Харин өнгөрсөн баасан гарагт тус компанийн чингэлэг дотроос олдсон олдворуудын түүх эдгээрээс өөрөөр өрнөж байна.

Чингэлгээс илрүүлсэн олдворуудыг хэдэн жилийн өмнө олсон байжээ
Уг нь ямар ч түүх, соёлын ховор олдвор олсон хувь хүн, байгууллага эхлээд орон нутгийн засаг захиргаанд хандах үүрэг хуулиар хүлээсэн байдаг. Захиргаа нь цааш шинжлэх ухааны байгууллагатай холбож, тухайн эд, зүйлийг гэмтээлгүйгээр зөөвөрлөж, судалж, хадгалдаг. Харин “Бороо гоулд” компанийн талбайгаас илэрсэн гурван хэсэг олдворыг илрүүлсэн даруйдаа орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй нуун дарагдуулсан бололтой. Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамгын газрын даргатай өчигдөр утсаар холбогдоход энэ талаар анх удаагаа сонсож буй, ийм мэдээлэл ирээгүй гэж байлаа. Түүнээс гадна эдгээр олдворуудыг ухаж авахдаа хугалж, гэмтээжээ. Ийнхүү хэн нэгний буруу санаа эсвэл хайнга байдлаас болж түүх, соёлын үнэт өв хэдэн жил чийгтэй чингэлэгт хэвтсэн бололтой. Арслан зааны соёоны хэсэг, шууны яс, одос үхрийн эврийн хэсгийг ямар зорилгоор ийнхүү нуун дарагдуулсан юм бол? шинжлэх ухааны байгууллага, орон нутгийн захиргаанд мэдэгдэхгүй байх ямар шалтгаан байв?

Энэ талаар бид “Бороо гоулд”-ын толгой компани болох “Сентерра гоулд” компаниас тайлбар авах гэсэн ч “хариуцдаг хүн нь ажил дээрээ байхгүй” гэсэн шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй. Харин ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “Цагдаагийн байгууллага шалгах ажиллаагаа явуулж байгаа. Ямар учир шалтгаанаар хадгалж байсан, уг олдворуудыг цаашид хэрхэхээр төлөвлөж байсныг шалгаж тогтооно” гэв. Уул уурхайн компаниуд олборлолт хийх явцдаа түүх, соёлын үнэт зүйлс олох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан алтны компани мөн л арслан зааны үлдэгдэл олсон түүх бий. Гэвч тухайн үед нуун дарагдуулалгүй судлаачдад хүлээлгэн өгсөн байдаг. “Бороо гоулд” компани алт олборлодог. Харин арслан заан, одос үхрийн олдвор алтны бус түүний дээд давхаргын чулуулгаас илэрдэг байна. Хэрэв олдворын талаар шинжлэх ухааны байгууллагад мэдээлбэл тухайн хэсгийг хамгаалалтад авч, олборлолтыг зогсоодог аж. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр зөвхөн олдворыг бус, түүний олдсон газрыг ч хамгаалалтад авдаг болсон.

Өөрөөр хэлбэл, олдворын тухай мэдээлэл өгвөл тухайн газрыг ухах, алт олборлох боломжгүй болох тул компани энэ талаар мэдээлээгүй байх магадлалтай гэж эх сурвалж өгүүлэв. Түүнээс гадна уг олдворуудыг хууль бусаар хил давуулахаар завдаж байсныг үгүйсгэх аргагүй. Олон нийт ч ийн сэжиглэж буй. Монгол орон палеонтологийн олдвороороо дэлхийд эхний 20-д багтдаг. Тиймээс монголын түүх, соёлын өв, дурсгалыг өндөр үнээр худалдан авах гэсэн гаднынхан олон. Өмнө нь ч 2012 онд Өмнөговь аймгийн Цагаан хадны боомт орчмоор Дундговь аймгийн иргэн Ө, Ц нар арслан зааны соёо хууль бусаар гаргахаар завдаж байгаад баригдсан. Тэд БНХАУ-ын иргэнд 10 сая төгрөгөөр зарахаар төлөвлөж байсан юм. Хэдийгээр Сэлэнгийн Мандал сумаас олдсон дээрх гурван хэсэг олдвор овор хэмжээгээрээ том биш ч гэсэн хүн төрөлхтний соёлын өв мөн. Палеонтологийн шинжлэх ухаанд бичил биетнээс үлэг гүрвэл хүртэлх бүх эртний амьтан, ургамлын үлдэгдлийг үнэт олдворт тооцдог.

Мөн бүтэн ч бай, эвдэрхий ч бай мөнгөөр хэмжишгүй “мэдээлэл” гэж үздэг байна. “Бороо гоулд” компанийн талбайгаас олдсон арслан зааны соёо, шууны яс, одос үхрийн эврийн хэсгийг цагдаагийн байгууллага хураан авч, өнгөрсөн бямба гарагийн орой Палеонтологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Гэхдээ албан ёсоор баримт бүрдүүлж, шилжүүлээгүй харин тус хүрээлэнгийн сан хөмрөгт түр хадгалуулж байгаа аж. Манай орон байгалийн баялгаас гадна түүх, соёлын үнэт олдвороороо дэлхийд гайхагддаг. Гэхдээ ашигт малтмал олборлохын төлөө эрт цагт дэлхий ямар дүр төрхтэй байсан талаарх үнэт мэдээллийг агуулдаг эртний ховор олдворуудаа алтны төлөө хугачих ёсгүй. Хэрэв түүхийн олдворыг алтнаас дорд үзсэн байх аваас зохих шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Монгол улсын өмчийг шамшигдуулахаар зэхэж байсан бол мөн л зохих шийтгэлийг нь үүрүүлэх нь зүй ёсных юм.

ЗГМ: ТОДРУУЛГА

Палеонтологийн олдворыг мөнгөөр үнэлж баршгүй

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Сэлэнгэ аймгийн Мандал сумаас илэрсэн палеонтологийн олдворыг та хэрхэн үзэж байна вэ?

-Тухайн компани олсон даруйдаа холбогдох байгууллагад мэдэгдээгүйг нь үзвэл хууль зөрчсөн үйлдэл л гэж хэлмээр байна.

-Танай сан хөмрөгт хадгалуулсан эдгээр олдворыг цаашид хэрхэх вэ?

-Эдгээрийг хаанаас олсныг нь хуулийн байгууллага шалгаж, тогтоосны дараа тухайн газарт очиж хайгуул хийнэ. Тэндээс шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулах өөр олдворууд ч илрэх магадлалтай.

-Уул уурхайн компаниуд олборлолт хийх явцдаа түүх, соёлын өвийг олох тохиолдол хэр олон байдаг вэ?

-1990 он гарч, зах зээл эхэлснээс хойш ийм олдворуудыг үнэ цэнэгүй мэт үзэж, ухаж хаядаг, тэр ил гаргасан олдворуудыг иргэд хагас дутуу олох явдал их байсан. Харин одоо Соёлын өвийн тухай хууль батлагдаж, хуучин цаг шиг байхаа больсон. Мөн Эрүүгийн хуульд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн нэмэлт орж, хариуцлага, шийтгэл нь чангарсан. Эдгээр хуулийн ачаар байдал арай дээрдэх байх. Гэхдээ 10, 20 жилийн өмнө уул уурхайн компаниудын ухсан нүх, газрын хөрсөнд үүссэн шарх, сорви үнэхээр сэтгэл өвдөм харагддаг. Биднийг судалгаа хийж явахад судлаачид маш их гайхдаг. Маш сайн чулуужилттай, эртний ургамал, амьтдын үлдэгдлийг сайтар хадгалсан газрыг өрөмдөж, ухаж бөмбөг дэлбэрсэн юм шиг болгосон байдагт их харамсдаг.

-Арслан зааны олдворын эдийн засгийн үнэлгээ гэж бий юу?

-Энэ бол хэдэн ч төгрөгөөр үнэлж баршгүй, дахин давтагдашгүй зүйл. Зөвхөн монголынх биш дэлхийн өв. Тэр олон сая жилийн өмнөх мэдээллийг бидэнд дамжуулдаг учраас хэзээ ч хуучирна гэж байхгүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам эрдэмтэд шинэ технологиор улам нарийвчлан дахин дахин судалсаар байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам л үнэ цэнэ нь нэмэгдэг гэсэн үг.

-Манайд арслан зааны олдворыг судлах боловсон хүчин хэр байдаг вэ?

-Палеонтологи бол хэдэн зуун сая жилийн хугацаан дахь амьтан, ургамлыг судалдаг шинжлэх ухаан. Зарим оронд ийм судлаачид хэдэн зуу, мянгаараа байдаг. Харин манайд дөнгөж 10-20 хүн бий. Арслан заан өөрөө хамгийн сүүлийн мөстлөгийн үеийнх учраас орчин үеийн амьтан, ургамлын судалгаатай цаг хугацааны хувьд ойр, завсрын үед ордог. Тиймээс үүгээр дагнасан судлаач бэлдэх шаардлага бий. Гэхдээ манай судлаачид арслан зааны олдвороос ерөнхий мэдээллийг нь тодорхойлох бүрэн боломжтой. Харин бүр эд, эсийн түвшинд судална гэвэл техник, технологи, боловсон хүчин шаардлагатай.
САНАЛ БОЛГОХ