“Азийн олимп”-д хамгийн том багаа илгээнэ

Спорт


Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам энэ сарын 18-наас есдүгээр сарын 2-нд Индонезийн Жакарта, Палембанг хотод зохиогдох гэж байна. “Азийн олимп” гэгддэг энэхүү том наадамд шар тивийн 45 улсын 10 мянга орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн нь бүх цаг үеийн дээд амжилтаар бүртгэгджээ. 1951 оноос эхтэй азийн наадам өнөө жил анх удаа хоёр хотод зэрэг зохиогдох гэж байгаа юм. Уг нь наадам зохион байгуулах өрсөлдөөнд Вьетнамын ханой хот ялалт байгуулсан. Гэтэл зохион байгуулах тов нэг жилээр өөрчлөгдсөн нь Вьетнамчуудын дургүйг хүргэж, энэхүү эрхээсээ татгалзсан юм. Ингээд сандралд орсон Азийн олимпийн зөвлөл 2014 оны хурлаараа Индонезийг оронд нь сонгожээ. Уг нь 18 дахь удаагийн наадам хуваарь ёсоор 2019 онд зохиогдох байв. Гэтэл тэр жилд нь Индонезид ерөнхийлөгчийн сонгууль болохоор байсан тул нэг жилээр урагшуулахаас аргагүйд хүрчээ. Хэдийгээр хугацаа давчуу байсан ч Индонези улс тал бэлтгэл ажлыг тун чамбай хангалаа. 2011 онд Зүүн өмнөд Азийн наадмыг зохион байгуулахдаа босгосон объектууд нь ачааны голыг нугалж байна. Тэмцээн болон бэлтгэлд зориулсан нийт 80 цогцолборыг тэд ашиглаж байгаа аж.

Улс орны удирдлагууд энэ том арга хэмжээг нүүр улайхааргүй зохион байгуулахын тулд гурван тэрбум гаруй ам.доллар гаргасан нь Азийн наадмын түүхэнд рекорд амжилт болжээ. Өмнө нь “Бусан 2002” наадам 2.9 тэрбум, “Доха 2006” наадам 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй зохиогдож байв. Бараг зуны олимпийн наадамд оролцох хэмжээний тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс ирж байгаа болохоор зардал өндөр гарахаас ч аргагүй. Монголын багийн тухайд спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаныхан гээд нийт 397 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй Индонезийг зорихоор болсон нь наадмын түүхэн дэх дээд амжилт боллоо. Тамирчдыг үдэн гаргах, төрийн далбаа гардуулан өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Спортын төв ордонд болсон юм. Монгол улсын Засгийн газраас баг тамирчдын бэлтгэл сургуулилт, шигшээ багийн тамирчдын замын зардалд 578 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн болохыг БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр энэ үеэр дуулгав. Манайхан дөрвөн жилийн өмнөх Инчоны Азийн наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль авч, үнэмлэхүй амжилт тогтоосон.

Тэгвэл одоогийн багт энэ амжилтыг давтах, ахиулах хүндхэн даалгавар ногдож байна. Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй үүнээс өндөр амжилт үзүүлэх зорилготой хэмээн ярилаа. Тэрбээр “Монгол улсын Засгийн газар, МҮОХ-той хамтраад баг тамирчдынхаа бэлтгэлд түлхүү анхаарсан. Тухайлбал, тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас хэрэглэл, бэлтгэлд шаардлагатай уураг витаминаар хангалаа. Өмнөх наадамд монголын баг өндөр амжилт үзүүлсэн. Харин энэ удаа түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манайхан энэ удаа нийт 28 медаль авна гэж тооцсон. Алтан медалийн тухайд өмнөх наадмынхаас бууруулахгүй байх зорилготой” гэсэн юм. Харин Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Монголын багийн бэлтгэл сайн хангагдсан. Энэ жил түүхэнд байгаагүй олон тамирчин орж байгаа. Тэр хэрээр амжилт урьд өмнөхөөс дээшилнэ гэж найдаж байна. Бүх тамирчид маань дөрвөн жилийн өмнө Инчонд үзүүлсэн амжилтаа давтах, ахиулахын төлөө зүтгэх болно.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг орно. Үүнээс гадна 3х3 төрлийн баг маань сайн өрсөлдөх байх. Угаасаа Азийн аваргад түрүүлсэн баг шүү дээ” гэв. Манайхан ТОП гэгддэг жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын төрөлдөө ихээхэн найдвар тавьж буй нь тодорхой. Өмнөх наадмаас гурван алт шүүрсэн жүдочдын хувьд энэ удаад дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумъяа, дэлхийн медальт Д.Амартүвшин, Б.Мөнгөнчимэг болон олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй шилдгүүдээ Индонез руу илгээнэ. Чөлөөтийнхөн ч бас Э.Бэхбаяр, О.Насанбурмаа, П.Орхон, Э.Сумъяа, Г.Мандахнаран тэргүүтэй дэлхийнмедальтнуудаа сойжээ. Боксын шигшээгийн тухайд олимп, дэлхийн медальт Д.Отгондалай бэртлийн улмаас тэмцээнийг өнжиж байна. Гэхдээ бусад нь ямар ч медаль авахад гайхах явдалгүй. ТОП дөрвөн төрлөөс гадна 3х3 сагсан бөмбөгийн шигшээ маань энэ тэмцээнд “ногт ганзагалаж” очно. Тивдээ түрүүлж, дэлхийн аваргын шилдэг наймд шалгарсан баг зөвхөн алтан медаль авахыг зорих нь тодорхой биз ээ. Манай сагсчид тэмцээний “В” хэсэгт БНСУ, Тайвань, Кыргызстан, Бангладешийн багтай өрсөлдөх юм.
САНАЛ БОЛГОХ