Нийслэлийн өмчит ААН-үүд 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Улс төр


Хотын захиргаа шинэ барилга барих байршлаа тогтож, газраа авчээ


НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэлийнхний анхаарлыг татаж буй хоёр ч асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2017 онд нийслэлийн өмчит аж ахуй нэгжүүд хэр ашигтай ажилласан болон цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн талаар танилцууллаа. Мөн Яармагт баригдах хотын захиргааны шинэ барилгын зураг төслийг танилцуулж газрын асуудлыг шийдвэрлэв.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ДОЛООХОН САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ) үйл ажиллагаа явуулсан байна. Үүний 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 12 нь орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар юм. Дээрх ОНӨҮГ-ууд өнгөрсөн жил 244.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Задлаад үзвэл, аж ахуйн тооцоот 20 үйлдвэрийн газрын ес нь 2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 11 нь 18.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ингэснээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цэвэр ашиг 1.5 тэрбум төгрөг болжээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас дээрх 1.5 тэрбум төгрөгийн 30 хувь буюу 440.3 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тогтоолын төслийг оруулж ирсэн. Харин НИТХ-ын тэргүүлэгчид ногдол ашгийн 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг өнгөрсөн жилүүдийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр сууринд нэгдэж, 100 хувь нийслэлийн төсөвт авах шийдвэрт хүрэв. Мөн энэ үеэр нийслэлийн өмч оролцсон хувьцаат компаниудын асуудал хөндөгдөж тэргүүлэгчдийг бухимдуулав. Нийслэл гурван ч хувьцаат компанид хувь эзэмшдэг аж. Тухайлбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Гэсэн атлаа наадмаа гуйх шахуу зохион байгуулдаг, наадам хийхийн тулд хувийн өмчийн байгууллагын бүх засвар үйлчилгээг хийж өгдөг, одоо тэнд баар, үйлчилгээний газар ажилладаг ч долоохон сая төгрөгийн ашиг өгсөн нь чамлалттай гэж тэргүүлэгчид шүүмжлэв.

ХОТЫН ЗАХИРГАА “ТЕМПЛЭНД” ХХК-ИАС ТАВАН ГА ГАЗРАА АВНА

Нийслэлийн засаг захиргааны шинэ төвийг Яармагт барих шийдвэр аль эрт гарсан ч хаана баригдах нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хотын захиргааны шинэ төвийн байршлыг тогтож, зураг төсөл боловсруулснаа НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлийн захиргааны шинэ төвийг Яармагийн зам дагуу 34-р сургуулийн эсрэг талд барихаар тогтож “Темплэнд” ХХК-ийн эзэмшиж буй есөн га газраас таван га-г нь авахаар тохиролцон гэрээ хийжээ. Тэнд Улаанбаатар хотын засаг захиргааны таван блок барилга баригдах бөгөөд нийслэлийн харьяа газар, агентлагуудыг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн нийслэл хотын түүхийг харуулсан музей, иргэдэд зориулсан амралтын бүс байгуулах юм.
САНАЛ БОЛГОХ