Lhamour долоон улсад бүтээгдэхүүнээ экспортолно

Зах зээл


“Одоогоос дөрвөн жилийн өмнө гэртээ анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байлаа. Эхнээсээ л Монголоор овоглосон олон улсын брэнд бий болгохыг зорьсон. Гэхдээ бүтээгдэхүүнээ ийм хурдан экспортод гаргана гэж огт бодоогүй” хэмээн Д.Хулан ярилаа. Д.Хулан бол гоо сайхны Lhamour брэндийг үүсгэн байгуулагч, өдгөө компанийнхаа ерөнхий захирал, ерөнхий технологичийг хийдэг бүсгүй. Монголын хэрэглэгчдэд хэдийнэ танил болж, дотоодын зах зээлд байр сууриа олсон тус брэнд өнгөрсөн жил олон улсын тавцанд анхлан гарсан. Одоогоор Хонконг, Тайвань, АНУ, Канадад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бол удахгүй Тайланд, Австрали, Энэтхэг рүү экспортлох үүд хаалга нээгджээ. Хамгийн сүүлд Энэтхэгийн Treasurehunt компани Lhamourыг экспортлох хүсэлтээ тавьж, өдгөө яриа хэлэлцээр эцсийн шатандаа орсон байна. “2018 он бидний хувьд маш чухал жил байлаа. өнгөрсөн жил анхны экспортоо хийсэн бол энэ жил хэд хэдэн орныг нэмсэн.

Дөрвөн жилийн өмнө гэртээ эхлүүлсэн жижиг бизнес маань өргөжөөд, бүтээгдэхүүнээ экспортлох хэмжээнд хүрнэ гэдэг яах аргагүй онцгой амжилт. Сонирхолтой нь бүтээгдэхүүний маань хэрэглэгчид манай дистрибьютер болоод байгаа. Бүтээгдэхүүнийг өөрийн биеэр мэдэрч, бидний философийг ойлгодог болсон хүмүүс тухайн улс орондоо энэ философийг түгээж, гадаадын хэрэглэгч нарт эрүүл бүтээгдэхүүн хүргэе гэсэн үндсэн дээр дистрибьютер болж байна. Бид жилийн эцэст долоон орон руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа” хэмээн Д.Хулан нэмж хэлсэн юм.

-Бүтээгдэхүүнээ олон улсад гаргахад ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

-Бид Монголын гоо сайхны бүтээгдэхүүний экспортын 90 хувийг дангаараа хийж байгаа. Экспортоо бага багаар нэмэгдүүлсээр л байна. Мэдээж арьсанд шууд нөлөөлөх бүтээгдэхүүн учраас экспорт хийхийн тулд цөөнгүй бичиг баримт бүрдүүлж, олон шалгуурыг давах ёстой. Эхний экспортоо хийхийн тулд олон сарын хөдөлмөр орно. Өнгөрсөн жил бид анхны экспортоо хийсэн бол энэ жил дистрибьютерийн уулзалтаа Улаанбаатарт анх удаа зохион байгууллаа. Энэ бол Монгол улсыг сурталчлах нэг боломж. Хамгийн сүүлд гэхэд Энэтхэг улсаас дистрибьютер компанийн төлөөлөл ирээд байна. Ирэх жил таван орноос дистрибьютер урьж ирүүлэхээр төлөвлөсөн. Бүтээгдэхүүнээ экспортод гаргахад хүндрэл бэрхшээл гарах нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь Монгол талаасаа байдаг. Жишээ нь, төлбөр тооцооны асуудал их хүнд. Мөн далайд гарцгүй орон учраас тээврийн зардал өндөр. Энэтхэг рүү гэхэд Монголын талаас хийсэн экспорт бараг байдаггүй. Бидний харьцаж байгаа тээвэр зуучийн компаниуд Энэтхэгт бараа нийлүүлэх ямар ч туршлагагүй. Өмнө нь Канад руу экспорт хийхэд бас л иймэрхүү бэрхшээлтэй тулгарч байсан. Туршлагагүйгээсээ болоод эвгүй байдалд ч орж байсан удаатай. Гэхдээ хэцүү ч гэсэн бид эхлэлийг нь тавих ёстой. Энэ нь дараа дараагийн хүмүүст тус болно.

-Танай бүтээгдэхүүн юугаараа онцлог болоод гаднынхны анхаарлыг татаад байна вэ?

-Дэлхий дахинд олон компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин бид бүтээгдэхүүнээ ямар байдлаар Монголын түүхий эдтэй хослуулж болох вэ, олон улсад жишиг болсон байгалийн гаралтай бүтээгдэхүүний трэндтэй ямар байдлаар нийцүүлэх вэ гэж их бодсон. Жишээ нь, хонины сүүлний тос, жамц давс зэрэг түүхий эдийг онцлог байдлаар оруулсан нь бидний давуу тал. Нөгөө талаар бүгдийг өөрсдөө үйлдвэрлэдгээрээ бусдаас ялгарна. Түүхий эд боловсруулахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх шат дамжлагыг өөрсдөө хийдэг. Анх ванны бөмбөг, саван, уруул өнгөлөгч гэсэн гурван бүтээгдэхүүнтэй байсан бол одоо 60 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Манай компани 30 гаруй ажилтантай, дийлэнх нь эмэгтэйчүүд. Бид эмэгтэйчүүдийг өөрийн гэсэн ажил, зорилго, мөрөөдөлтэй болгоход туслахыг хичээдэг. Тиймээс охидод чиглэсэн хөтөлбөрийг байнга зарладаг. Мөн эмэгтэйчүүдийн гарааны бизнесийг дэмжихэд их анхаардаг. Манай дистрибьютерууд ихэвчлэн гарааны бизнес хийж эхэлсэн эмэгтэйчүүд.

Гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гэж ойлгож болно
Манайх эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд гээд бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг нь хамгийн гол онцлог. Өөрөөр хэлбэл, гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Манай түүхий эдийн хослол маш сонирхолтой. Жишээ нь халгай, ганга, сарлагийн сүүг нэрлэж болно. Саванг цэвэр сарлагийн сүүгээр хийснээр арьсны архаг өвчтэй хүмүүс ч хэрэглэх боломжтой болсон. Одоо харшил гэдэг зүйл дэлхийн бүх л улс оронд эрс нэмэгдэж байна. Харшилтай хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн тэр бүр хэрэглэж чаддаггүй. Харин бид харшилтай хүмүүст зориулаад өнгөгүй, үнэргүй бүтээгдэхүүн хийж байгаа. Арьсыг эрүүлжүүлж, дотроос нь эрүүл болгоно гэсэн үг.

-Бүтээгдэхүүнийхээ орцыг хэрхэн гаргаж авдаг нь сонирхол татаж байна?

-Би олон улсын органик гоо сайхны химийн найрлагын дипломтой. Англи улсад энэ чиглэлээр суралцаж төгссөн юм. Органик гоо сайхны бүтээгдэхүүнд химийн бодис ороогүй болохоор хэдэн юм хооронд нь нийлүүлээд болчихно, амархан ажил гэж хүмүүс боддог. Гэхдээ энэ бол олон улсын стандарттай бүхэл бүтэн шинжлэх ухаан. Монгол шиг ийм сайхан баялаг оронд асар их нөөц бий. Олон жилийн турш уламжлан хэрэглэж байсан зүйлийг л манай компани орчин үеийн хэрэглээ болгож өгч байгаа юм.

-Зах зээлд өрсөлдөхөд үнэ чухал нөлөө үзүүлнэ. Танай бүтээгдэхүүний үнийг сонирхож болох уу?

-Анх үйлдвэрлэлээ эхлэхэд хүмүүс “Жирийн нэг саван яагаад ийм үнэтэй байгаа юм” гэх мэтээр асуудаг байсан. Харин одоо бол манай байнгын хэрэглэгч нар “дэндүү хямдхан санагдаж байна. Ийм бүтээгдэхүүнийг гадаадаас хэзээ ч ийм үнээр олж чадахгүй” гэдэг. Олон улсад бол манай бүтээгдэхүүн яг боломжийн үнэтэй, айхтар өндөр биш, бас хямдхан биш. Гар аргаар үйлдвэрлэдэг гэдэг утгаараа бүтээгдэхүүн бүр өөр. Нэг төрлийг цөөн тоогоор хийдэг, массын үйлдвэрлэл биш болохоор жирийн бүтээгдэхүүнийг бодвол арай үнэтэй. Гэхдээ гар аргаар хийсэн гэдэг нь бидний бас нэг үнэ цэнэ. Гар аргаар үйлдвэрлэсэн үнэ цэнээ бид хэзээ ч алдахгүй гэж боддог. Манай бүтээгдэхүүн ерөнхийдөө 5-30 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа.

-Та яриандаа үнэ цэнэ гэж хэд хэд дурдлаа. Компанийн үнэ цэнийн талаар илүү тодруулж өгнө үү?

-Бидний хувьд үнэ цэнэ гэдэг зүйл анхнаасаа чухал байсан. Эрүүл бүтээгдэхүүн гэхээсээ илүү эрүүл нийгмийг бий болгохоор зорьж буй нь бидний хамгийн гол үнэ цэнэ. Lhamourын бүтээгдэхүүн бол бидний алсын зорилгод хүрэх хэрэгсэл юм. Бид бүтээгдэхүүнээрээ дамжуулаад өөрийгөө хайрлаж, эрүүл мэнддээ анхаарал тавиарай гэсэн мессежийг хүмүүст хүргэхийг зорьж байна. Бид одоогоор шангри-ла, их дэлгүүр, Зайсан хилл гэсэн гурван газар салбар дэлгүүрээ ажиллуулж байгаа. Борлуулалт жил ирэх тусам нэмэгдэж, байнгын худалдан авагчтай болсон. Хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ хэрэглэдэг юм. Нэг үеэ бодвол залуучууд манай бүтээгдэхүүнийг их сонгож байгаа. Бүтээгдэхүүний чанараас гадна цаад компани нь юунд тэмүүлж байна, нийгэмд ямар хэрэгтэй юм хийх гээд байгааг хүмүүс мэддэг болсон. Бид хүүхэд, залуучууд, ээжүүд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хөтөлбөр хийдэг. Манай бизнес өргөжин тэлэх тусам эдгээр хөтөлбөрөө улам эрчимжүүлнэ. Ерөнхийдөө манай бүтээгдэхүүний үнэ цэнийг харж гаднын компаниуд холбогддог болохоор аль ч улсад зарах боломжтой гэж бодож байгаа.

Д.Хулан гадаадад цөөнгүй жил суралцсан. Монгол гэхээр гаднынхан бараг мэддэггүй, Монголын брэнд гэж сонссон хүн байдаггүй нь харамсалтай санагддаг байж. Тиймээс Монголын нэрийг олон улсад гаргасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж, Lhamour брэндийг бий болгосон гэдгээ тэрбээр сонирхуулсан. Түүний хүсэл, зорилго эхнээсээ ийнхүү биелж, олон улсад танигдаад эхэлжээ.

Самридди Пандей: Lhamour Энэтхэгт амжилт олж чадна

Lhamour брэндийг эх орондоо нийлүүлэхээр яриа хэлэлцээ өрнүүлж буй Энэтхэгийн Treasurehunt компанийн захирал Самридди Пандей Монголд ирээд байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Яагаад Монголын бүтээгдэхүүнийг эх орондоо борлуулахаар шийдсэн юм бэ. Юу нь илүү таалагдав?

-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас Lhamour-ыг анх мэддэг болсон. Ах маань Сингапурт зочлоод буцахдаа Lhamour-ын бүтээгдэхүүнийг гэр бүлийнхэндээ бэлэг болгон авчирсан юм. Ахын эхнэр гарын тос, биеийн тосыг нь хэрэглэж үзэхэд маш их таалагдсан юм билээ. Ингээд гэрийнхэндээ хэлсэн. Үүнээс хойш Lhamourын бүтээгдэхүүнийг судалж, анх бий болсон түүхийг уншаад Энэтхэгийн хэрэглэгчдэд хүргэхийг хүссэн юм. Бид багаасаа байгальд ээлтэй байх, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн үнэ цэнийг мэдэрч өссөн хүмүүс. Lhamour-ын түүх болон үнэ цэнэ бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг Энэтхэгт түгээх бизнес эрхлэхээр шийдсэн юм.

-Компанийнхаа талаар сонирхуулаач?

-Манай гэр бүлийнхэн бүгд дор бүрнээ ажил хийдэг байлаа. Харин Lhamour-ын талаар мэдсэний дараа гэр бүлээрээ гарааны бизнес эхлүүлэхээр шийдэж энэ компаниа байгуулсан юм.

-Энэтхэг бол тэрбум гаруй хүн амтай асар том зах зээл. Lhamour брэнд танай зах зээлд хэр амжилт олох бол?

-Амжилт олох магадлал маш өндөр гэж бодож байгаа. Яагаад гэвэл зөвхөн Энэтхэг гэлтгүйдэлхий нийтээрээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна. Энэтхэгт маш олон байгалийн гаралтай бүтээгдэхүүн байдаг. Манай улсын олон бүсгүй өөрсдийн гарааны компаниа байгуулаад явж байна. Ерөнхийдөө байгалийн гаралтай бүтээгдэхүүний ач холбогдлыг сайн ойлгодог болсон. Гэхдээ байгальд ээлтэй, өөрийн гэсэн үнэ цэнэтэй компанийг сонгох хандлага давамгайлж байгаа. Тиймээс Lhamour зах зээлд байр сууриа олж чадна гэж бодож байна.

-Жирийн хэрэглэгчийн хувьд асуухад Lhamour-ын ямар бүтээгдэхүүн илүү таалагдав?

-Чацарганатай биеийн тосыг хамгийн их хэрэглэдэг. Энэтхэгийн цаг агаарт нийцдэг болохоор миний арьсыг их гоё болгосон.

-Энэтхэгчүүд монголчуудын талаар хэр ойлголттой байдаг вэ. Монголын компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байгааг ямраар харж байгаа бол?

-Би Lhamour-той холбогдож, дистрибьютер хийж эхэлснээс хойш долоон сар өнгөрч байна. Найз нөхөд маань миний хийж байгаа ажлыг их асуудаг. Гэхдээ тэдний ихэнх нь Монголыг сайн мэддэггүй. Харин мэддэг хүмүүс нь үзэсгэлэнтэй сайхан байгальтай гэж ам сайтай байдаг. Миний хувьд Монгол гэж онцгой улсыг мэддэг боллоо, өөрийн биеэр ирж үзлээ. Ингэснээр илүү их эрч хүч нэмэгдэж байна. Монголд ирээд маш их сэтгэл хөдөллөө. Энэ компанийн талаар, бүтээгдэхүүнтэй холбоотой бүх л зүйлийг мэдэх хүсэлтэй. Тэгээд Энэтхэг рүүгээ хурдхан буцаж, бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсэж байна.

САНАЛ БОЛГОХ