Эрхтнийг нь авчихаад эзнийг нь хаядаг тогтолцоог халъя

ЗГМ: Сэдэв


Манай эмч, эмнэлгийн байгууллагын туршлага, ур чадвар, хангамж сайжрахын хэрээр хүнд хэцүү хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тухайлбал, 2006 онд анх бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн бол үүнээс хойш 160 хүнд бөөр, 50 гаруй хүнд элэг, 11 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн хүчин чадал дээшилснээр төдий тооны хүний амь насыг аварч чадсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр эдгээр хагалгааг гадаадад хийлгэвэл ямар их зардал гарах байсныг бодолцох ёстой. Сүүлийн гурван жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор харь орныг зорьсон гэх тоо бий. Тэд зөвхөн эмчилгээний зардалд 50250 мянган ам.доллар зарцуулдаг аж. Харин том хагалгааг өөрсдөө хийдэг болсны ачаар гадагш чиглэсэн энэ их мөнгөн урсгалын зарим хэсгийг дотооддоо үлдээж чадсан нь яах аргагүй том дэвшил. Хэдийгээр монгол эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа ч донор олдохгүйн зовлон их байдгийг учирлаж байв. Үүнд мэдээж олон шалтгаан бий.

Гэхдээ манай улс донор болсон иргэддээ хагалгааны дараа огт анхаарал тавьдаггүй, ашигласан л бол боллоо гэсэн мэт тоолгүй орхидог нь үүний нэг шалтгаан байж мэднэ. Жишээ дурдья. 37 настай Б жил гаруйн өмнө элэгний донор болж улсын нэгдүгээр төв эмнэлэгт хагалгаанд оржээ. Хамаатны ахынх нь элэг устаад солихоос аргагүйд хүрсэн юм байна. Ингээд ах дүүсээрээ донор хайтал түүнийх яг таарсан гэнэ. Ингээд элэгнийхээ 70 хувийг ахдаа өгч, нэгэн хүнд амьдрал бэлэглэжээ. Гэвч Б элэгнийхээ талыг өгсөн өдрийнхөө маргаашнаас л хэнд ч хэрэггүй нэгэн болж хувирав. Эмнэлгийн зүгээс тавьдаг анхаарал гэж бараг үгүй. Гэрт нь гаргахдаа түүнийг бүтэн жил ажил хийж болохгүйг анхааруулжээ. Гэвч гэр бүлээ тэжээдэг өрхийн тэргүүн жилийн турш ажил хийхгүй элгээ тэвэрч хэвтвэл амьдрал уруудах нь тодорхой. Ингээд аргагүйн эрхэнд ганц сар ч хүрэлгүй ажилдаа орж, хүнд хүчир бүхэнтэй эвлэрсэн гэнэ.

Шинээр элэг тавиулсан хүн нь эмнэлгийн хяналтад байж, эмчилгээ хийлгээд л байдаг. Харин донор болсон нь үнсэн дээр хаягдсан шалз мэт үлдэж хоцорсон ойрхны жишээ гэвэл нэг иймэрхүү. Аз болоход тайруулсан элэг нь хурдан төлжиж, бүрэн бүтэн болжээ. Энэ бол ганцхан жишээ. Бусдын төлөө сайхан сэтгэл гаргачихаад эцэст нь хүнд ачаа үүрч яваа Б шиг хүн олон байгаа. Эрүүл хүн хагалгаанд ордог цорын ганц шалтгаан нь эрхтнээ хандивлах. өөрөөр хэлбэл, нэг насандаа хийж буй хамгийн том буян гэсэн үг. Ихэнх тохиолдолд донорууд хагалгаанаас хойш гурван сарын дараа хөнгөн хөдөлмөр эрхэлж болдог. Харин биеийн хүчний ажил хийдэг бол зургаан сар хүртэл гам барих шаардлагатай аж. Гэтэл донор болсон хүмүүст дэмжлэг үзүүлэх ямар нэгэн хууль эрх зүйн орчин манай улсад байдаггүй юм байна. Тийм атлаа эрхтнээ өгвөл эгэлгүй буянтан болно хэмээн ухуулаад байдаг нь гаслантай.

Өвчтэй эцэг, эхээ харсаар байгаад нөгөө ертөнц рүү илгээ гэсэн мэт хууль болжээ
“Эрхтний донор болсон иргэдийн халамж, нийгмийн хамгааллыг яаралтай сайжруулах хэрэгтэй гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг группт оруулдаг шиг жилийн хугацаанд нийгмийн халамжийн сангаас дэмжлэг үзүүлж болно. Эрхтний донор болсон хүмүүсийн нийгмийн даатгалыг тодорхой хугацаанд даах, донор болсны дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй үзүүлэх зэргээр урамшуулж, дэмжлэг үзүүлбэл донор болох хүний тоо нэмэгдэж, бусдыгаа аврах сэдэл төрүүлнэ” хэмээн ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ярьсан юм. Эрхтний донор болно гэдэг баргийн хүнээс гараад байдаггүй эр зориг, хүнлэг сайхан сэтгэл шаардсан зүйл гэдэг нь мэдээж. Ийм донор угаас цөөхөн бий. Хүнд амьдрал бэлэглэхийн тулд өөрийн эрхтнээ тасдан өгч, баатарлаг эр зоригтон болсон энэ хүмүүстээ улс яагаад анхаарал хандууулж болохгүй гэж. Монгол улс хуулийн зохицуулалтын дагуу донор хүнээс эрхтнийг нь авсан юм бол эргээд нийгмийн зохих халамжийг нь үзүүлдэг энэрэнгүй улс болмоор байна. Ийм эвлэрч боломгүй харгис гэмээр явдлыг сонссон би бээр энэ хатуу үгсийг Эрүүл мэндийн сайд руу шидэхээс аргагүйд хүрэв.

200 ХҮНЭЭС ДӨРӨВТ НЬ Л ДОНОР ОЛДЖЭЭ

УИХ-ын нэр бүхий гишүүд донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны эхээр батлуулж чадсан. Шинэчилсэн найруулгаар амьгүй донороос эрхтэн авч болохыг албан ёсоор хуульчилсан зэрэг амьдралд хэрэгцээтэй заалтуудыг шигтгэж өгсөн юм. Гэхдээ донор болох хүний насыг 25-аар тогтоосон нь өдгөө хамгийн том хүндрэл учруулж буйг “галын шугам” дээр ажиллаж буй эмч нар сануулж байна. “Зөвхөн манай эмнэлэгт жилдээ 2000 хүн оношлогдоход тэдний 200 нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж гарсан. Гэвч манай хүлээлгийн жагсаалтад байгаа 200 хүнээс зөвхөн 30-д нь донор олдож магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс дөрөвт нь л бүх тохироо бүрдэж, элгээ солиуллаа. Одоо тав дахь хүн нь хагалгаанд орох гэж байна. Эндээс донор асар их дутагдалтай байгаа нь харагдах байх.

2018 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан донорын тухай хуульд донор болох боломжтой насыг “25 болон түүнээс дээш” гээд заачихсан. Энэ заалтын балгаар арай гэж олдсон донорууд насаараа шууд хасагдчихаж байгаа юм. 40-60 насны хүмүүс ихэвчлэн хагалгаа хийлгэдэг. Донор болж, тэдэнд эрхтнээ өгөх хамгийн тохиромжтой хүмүүс нь төрсөн үр хүүхдүүд нь байдаг. Гэтэл үр хүүхдүүд нь 25-аас дээш настай байх тохиолдол маш цөөхөн. Ингэснээр байж болох доноруудын 90 шахам хувь нь автоматаар хасагдчихаад байна” хэмээн ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Р.Мөнхбат учирласан юм. Уг нь ихэнх улсад донор болох насыг 18-20 гэж хуульчилсан байдаг юм билээ. Гэвч манай хууль санаачлагчид тэрхүү 25 гэдэг тоог яагаад, ямар үндэслэлээр гаргаад ирсэн юм, бүү мэд. Ямартай ч тэдний баталсан хуулийн гайгаар өвчин зовлондоо шаналсан өчнөөн хүн донор олдохгүйн зовлонд унаад байна. Уг нь 20 гэдэг бие даан шийдвэр гаргах боломжтой нас.

Өдий насны залуус амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа аав, ээжийгээ аврахын тулд өрөөсөн бөөр, тал элэгээ “буруу харан уйлж, зөв харан инээлгүй” үрийн сэтгэлээр өгөхөд бэлэн байдаг нь мэдээж. Гэтэл амьдралд нийцээгүй хуулийн заалт үүнд чөдөр тушаа болж, эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ нүдэн дээр нөгөө ертөнц рүү яваад өгөх эрсдэл бодитоор тулгараад байгааг эрхэм гишүүд мэддэг юмуу. “Донорын насыг 25 болгох заалт маш олон хүний эрүүл болох замыг хаасан гэдэгтэй эмч нар бүгд санал нэгддэг” хэмээн Р.Мөнхбат эмч нэмж хэлсэн юм. Ийнхүү мэргэжлийн хүмүүс нь донорын тухай хуулийн алдаа дутагдалтай талуудыг тайлбарласаар байна. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндтэй шууд хамаатай энэхүү асуудалд ЭМЯ болон эрхэм сайд Д.Сарангэрэл таныг анхаарлаа хандуулахыг хүсье. Цөөн хэдэн доноруудаа дэмжсэн, хүнд хүртээлтэй хуультай улс болчихвол монголчуудад буян болох гээд байна.
САНАЛ БОЛГОХ