Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар
Нийтлэлчийн булан
Онолын судалгаа урагшилж буй ч, үйлдвэрлэлд нэвтрэх нь удаан байна
Улсын хөгжлийн нэг гол шалгуур нь шинжлэх ухааны салбар. Харин тус салбарт зориулж буй мөнгө төсвийнхөө хэдэн хувийг эзэлдэг, эрдэмтэд нь юу судалж буйгаар шинжлэх ухааны хөгжлийг нь үнэлдэг. Тэгвэл манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил хаана явна вэ. Эрдэмтдийн судалгаа амьдралд үр дүнгээ өгч чадаж байна уу. Монгол судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Азид 19 дүгээрт багтдаг. Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад багшилж буй олон чадвартай эрдэмтэд бий. Мөн эх орондоо ч үр бүтээлтэй ажиллаж буй судлаачид цөөнгүй. Гэвч эрдэмтдийн нэр хүнд төдийлэн сайн биш. Ширээний ард зүгээр суугаад цалин авдаг, судалгаа нь амьдралд хэрэгждэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга дагадаг. Мөн сүүлийн жилүүдэд нарийн мэргэжил эзэмшиж, судлаач болох хүсэлтэй хүүхэд ч цөөрсөн гэдгийг багш нар хэлж байна. Хими, физик, биологи зэрэг салбарын нарийн мэргэжлээр сурах оюутны тоо жил ирэх тусам багассаар байгаа.
ШУА -ийн харьяа 23 хүрээлэн бий. Эдгээр хүрээлэнд улсын төсвөөс жилд 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнийг ДНБ-д харьцуулбал дөнгөж 0.2 хувьтай нь тэнцэж буй. Энэ нь Ази тивийн дунджаас арав, Америк тивийнхээс 12 дахин бага үзүүлэлт. Ер нь олонх эрдэмтэд судалгаа хийхэд хамгийн том бэрхшээл санхүү, хөрөнгө мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүрээлэнгийн судлаачид сард гар дээрээ 600 гаруй мянган төгрөг л авдаг байна. АШУҮИС-ийн Дотрын анагаахын тэнхмийн эрхлэгч, доктор Т.Баясгалан “Манайд шинжлэх ухааны салбарт саар нь ч бий, сайн нь ч бий. Эрдэмтэд өнөөдөр багш, эмч нарын адил бага цалинтай. Төрөөс энэ орчин, нөхцөлдөө тааруулаад ажилла гэдэг. Гэтэл шинжлэх ухааны салбар олон улсад асар хурдтай хөгжиж байна шүү дээ. Гаднын их, дээд сургууль төгссөн чадварлаг эрдэмтэд Монголд ахисан түвшний судалгаа хийх гэхээр лаборатори, тоног, төхөөрөмж нь гологддог” гэв. ШУА -ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Ийм цөөн судлаач, бага төсөвтэй үед том үр дүн гарахгүй. Үүнийгээ бид илэн далангүй хэлж байх хэрэгтэй. Гэхдээ манай суурь судалгаан дээр ажилладаг эрдэмтдийн бүтээл дэлхийн томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд цөөнгүй хэвлэгддэг. Хүний тоо, мөнгөндөө харьцуулахад ашигт үйлийн коэфициент нь дэлхийн дунджаас өндөр байгаа. Харин үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр дунд зэргийн хөгжилтэй орноос ч их хоцорч байгаа хэмээн өгүүлжээ. Цалин, мөнгөнөөс гадна манайд судлаачид лаборатори, төхөөрөмжөө хамтран ашиглах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Лабораторид нь судалгаа хийхийн тулд таньдаг хүнээ гуйх шаардлага гардаг гэж байлаа. Хэрэв “арын хаалгадаж” чадахгүй бол нэг бол өөрт байгаа нөөцөөрөө, хуучин аргаараа судалгаа хийх эс бөгөөс гадагшаа явах болдог аж.
ШУ-ыг мөнгөтэй болохоороо биш, мөнгөтэй болохын тулд хөгжүүлдэг
Түүнчлэн, яамнаас зарласан төслийн шалгаруулалт хэт төвлөрсөн, бас удаан байдаг. Төслийн шалгаруулалт гэж нэг жил, шалгарсан хойноо мөнгө нь орж ирэх гэж бас нэг жил болдог. Энэ хооронд хоёр жилийн өмнөх судалгааны материал, хэрэглэгдэхүүний үнэ өсчихдөг аж. Тиймээс судлаачид төсөлд зааснаас бага материалаар ажлаа хийх болдог. Гэтэл яам нь анхныхаа үр дүнг нэхдэг зэргээр энэ салбарт төрийн бодлогын уялдаа холбоо хаа хаанаа дутагдаж байгааг судлаачид хэлж байна. Төр “менежер”-ийн ажлаа хийхгүй байгаагаас олон эрдэмтний судалгаа тоосонд дарагдсаар. Тухайлбал, Улаанбаатар хотын хар тугалгын бохирдлын талаар манай эрдэмтэд хэд хэдэн судалгаа хийснийг манай сонин өмнө нь нийтэлж байсан. Гэвч тэдгээрийн ихэнх нь судалгааны эргэлтэд ороогүй олон жил шүүгээнд хадгалаастай байсан юм. Энэ бол манай шинжлэх ухааны салбарын нийтлэг дүр төрх гэж хэлж болно. ШУА -ийн 1600 гаруй судлаачдын ихэнх нь суурь судалгаа хийдэг гэдгийг тус байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Харин их, дээд сургуулийн багш нарт илүү нарийн судалгаа хийх боломж олддог аж.
Гэвч эдгээрийн хэчнээн нь судалгааны эргэлтэд орж, амьдралд нэвтэрч байна гэдгийг ч тодорхойлох тоон үзүүлэлт алга. Шинжлэх ухааныг зөвхөн хэдэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээр хэмжих боломжгүй. Хуучин мэдлэгийг батлах, эсвэл үгүйсгэх, судалгааны шинэ арга нээх зэргээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүйгээр мэдлэгийг энэ салбар “үйлдвэрлэж” байдгаас тэр. Харин олон нийтэд үүнийгээ төдийлэн сурталчилдаггүй учраас шинжлэх ухааны салбар тааруу үнэлэгддэг байх магадлалтай. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны шинэ нээлт гарлаа ч олон нийт түүнийг амьдралдаа хэрэглээд, хэвшүүлээд явж байна уу гэдгээс энэ салбарын хөгжил бас шалтгаалдаг. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд байдаг. Түүнийг нь хэрэглэхгүй бол тухайн үйлдвэр хөгжихгүй, дампуурна. Үүн шиг шинжлэх ухааны судалгааг ашиглахгүй бол цааш хөгжихгүй. Наад захын жишээ гэхэд монголчууд анагаах ухааны ололтоос илүү уламжлалт арга, мухар сүсгийг илүүд үздэг. Жишээ дурдахад, монголчууд хөх тоосгыг хандалж ходоодны шарх эдгээхэд хэрэглэх нь түгээмэл. Гэтэл зарим тохиолдолд нойр булчирхайг цочроож, үхэлд хүргэх аюултай. Энэ нь нэг талаас иргэд шинжлэх ухаанд итгэл муутай байдагтай холбоотой, нөгөө талаас төр, салбар нь ч нээлт, ололтуудаа сайтар сурталчилдаггүйтэй холбоотой байж болох юм. Эрдэмтдийн судалгаа амьдралд үр дүнгээ өгч чадаж байна уу. Энэ асуултад монголчууд нийтээрээ шинжлэх ухаанч хандлагатай болоогүй байгаа учраас хариулах боломж одоогоор алга. Доктор Т.Баясгалан “Манай улсын шинжлэх ухааны салбарыг ерөнхий дүр зургаар нь харвал бусад хөгжиж буй орнуудын жишгээр л хөгжиж байгаа. Энэ салбарын хөгжил маш олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ ямар ч байсан дэлхийн улс орнуудын эхэнд ч орохгүй, бүр адаг сүүлд нь ч орохгүй” гэж хариулсан юм. Олон улсад тухайн орны шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ДНБ-ий 0.4 хувиас бага бол уг салбар нийгэм, соёлын үзэгдэл төдий байна гэж үздэг. Харин 0.8 хувьд хүрвэл нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж эхлэх хэмжээнд тооцдог байна. Тэгвэл ДНБ-ий 1.5 хувьд хүрвэл улсын хөгжилд мэдэгдэхүйц нөлөөтэй гэдэг. Боловсролын салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Финланд улс ДНБ-ийхээ 3.55 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Энэ үзүүлэлт Японд 3.3, Тайванд 2.3, БНХАУ -д хоёр орчим хувь байдаг аж. Харин манайд шинжлэх ухааны төсөв ДНБ-ий 0.2 хувьтай тэнцүү буюу дөнгөж нийгмийн үзэгдэл төдий байгаа нь дэндүү чамламаар. Ямартаа ч манайд шинжлэх ухааны салбар мөнгө санхүү, шинжлэх ухаанч бус сэтгэлгээнд тушигдан нийгмээсээ хол түрүүлж алхаж чадахгүй л байна. Мөнгөтэй болохоороо дэмжих биш, мөнгөтэй болохын тулд өнөөдрөөс анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй