Хэнтийн нөхөн сонгууль хойшлох нь тодорхой боллоо
Улс төр
Цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан СЕХ нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг зогсоожээ
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлосон УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Энэ талаар Цэцэд өргөдөл гаргагч нь Хэнтий аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан С.Мөнхцэцэг. Тэрбээр СЕХ-нд хандан “Төрийн албан хаагч энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшиж болох уу” гэсэн асуудлаар тайлбар авахыг хүсэхэд сонгуулийн төв байгууллагаас оролцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн аж. Шалтгаан нь “Сонгуулийн тухай хуулийн 125.5 дахь заалтад “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь улсын их хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэж заасан гэж тайлбарлажээ.
Улмаар иргэн С.Мөнхцэцэг өөрийнх нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэн нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62-р тогтоолыг ҮХЦ-д өгч маргаан үүсгэсэн нь энэ юм. Тиймээс ҮХЦ дунд суудлын хуралдаанаа хийж дээрх шийдвэрийг гаргасан нь Хэнтийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд болох нөхөн сонгууль хойшлох нөхцөлийг бүрдүүлэв. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах эсэхийг шийдэх, хүлээж авахгүй бол их суудлын хуралдаанаар дахин асуудлыг хэлэлцэх гэх мэт хуулийн олон процесс наана нь байгаа учир Хэнтийн нөхөн сонгуульд нэгэнт хойшлох нь тодорхой болж байгаа юм. Цэцийн дунд суудлын хуралдаанд маргалдагч талд иргэн С.Мөнхцэцэг Б.Оюу, А.Гулим нарын иргэд байсан бол УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан гишүүн ирсэн байлаа. Өргөдөл, мэдээлэл гаргагч иргэд “УИХ-ын тогтоол төрийн албан хаагч иргэний эрхийг хааж боогдуулсан нь Үндсэн хуулийн таван заалт зөрчсөнөөс харагдаж байна” гэсэн байр суурьтай байв.
Мөн мэдээлэл гаргагч С.Оюу хэлэхдээ “Сонгуулийн тухай хуульд нөхөн болон дахин сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч хэзээ албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг тодорхой зааж өгөөгүйгээс СЕХ тус хуулийн 125.5 дахь заалтыг барьж ажиллаж байна. Тэр дунд хууль хийдэж иргэн хохирч байгаа. УИХ дээрх хийдлийг арилгахгүйгээр УИХ-ын нөхөн сонгуулийг зарласан нь иргэний эрх, Үндсэн хууль зөрчигдөх гол шалтгаан болсон” гэв. Үүнийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан хүлээн зөвшөөрч “УИХ-аас нөхөн сонгууль зарлах үед УИХ цаг хугацааны хайчинд орсон. Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургадугаар сарын эхний ням гараг эсвэл аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар заачихсан байдаг. Гэтэл зургаан сарын сүүлээр зарлагдсан сонгууль хугацаанд баригдаж аравдугаар сарын 7-нд сонгууль явуулахаар болсон” гэсэн юм. Эцэст нь Үндсэн хуулийн цэц “УИХ 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна” гэсэн шийдвэрийг гаргав.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргаж, УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв. ҮХЦ шийдвэр гаргаж тогтоолыг түдгэлзүүлсэн учир СЕХ-ноос УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэж байсан үйл ажиллагааг ч мөн зогсоосныг тус хорооны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ хэлэв. Хуулиараа УИХ-ын хавар, намрын чуулганы үеэр ҮХЦ-ээс УИХ-ын тогтоол шийдвэрийг түдгэлзүүлсэн бол парламент 15 хоногийн дотор Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцдэг. Харин УИХ чуулган завсарласан энэ үед ээлжит бус чуулган зарлан хуралдуулж ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг шийдэх болж байна. Мөн УИХ ээлжит бус чуулганаар ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл Цэц их суудлын хуралдаанаар УИХ-ын тогтоолтой холбоотой маргааныг хэлэлцэн шийдвэрлэж эцэслэх юм. Хэрэв УИХ-ын олонхоороо ҮХЦ-ийн дээрх шийдвэрийг хүлээж авбал Хэнтий аймагт зарлагдсан нөхөн сонгууль бүхэлдээ хүчингүй болж цуцлагдана. Ингэсэн тохиолдолд хүссэн хүсээгүй нөхөн сонгуулийг ирэх жилийн зургаадугаар сарын эхэнд явуулахаар зарлан товлох юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй