Хууль зүйн байнгын хорооны хурлыг 10 удаа зарласан ч ирц хүрсэнгүй

Улс төр


УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэхийг спикер мэднэ​


УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай яриа намжиж амжаагүй байтал дахин өөр үндэслэлүүд ар араасаа гарч ирсээр. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулсан ч үр дүнд хүрээгүй. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах хүсэлт гаргасан. Төрийн тэргүүний хүсэлттэй холбоотойгоор хууль зүйн байнгын хороог хуралдуулж, улмаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой. Гэхдээ байнгын хорооны гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас эл асуудал гацаанд орсон юм. УИХ-ын даргын зөвлөлөөс өнгөрсөн сарын 20-нд ХЗБХ-г хуралдуулж АТГ-ын даргыг огцруулахтай холбоотой шийдвэр гаргах чиглэл өгснөөс хойш 10 удаа хуралдаан зарласан. Гэвч тухай бүрт нь ирц хүрээгүй гэх үндэслэлээр хойшлогдсоор байна.

ХЗБХ-нд 18 гишүүн байдаг бөгөөд одоогоор тав нь гадаад томилолттой, дөрөв нь орон нутагт, хоёр нь хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй гэсэн шалтгаан тоочжээ. Ихэнх оронд парламентын хүрээнд зарласан хуралдааныг шалтгаангүй тасалсан бол хүлээлгэх хариуцлага нь сахилгын шийтгэл байдаг. Түүгээр гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, гишүүний бүрэн эрхийг хэсэгчлэн түдгэлзүүлэх, гишүүнийг эгүүлэн татах, бүр огцруулах асуудлыг шууд тавьдаг байна. Гэтэл манай УИХ-ын Дэгийн тухай хуульд хүндэтгэх шалтгаангүйгээр байнгын хорооны хуралд ирээгүй УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох тодорхой заалт байдаггүйгээс төрийн ажил хоёрхон гишүүнээс болж цалгардаж буй нь энэ. Цаашлаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж буй ажилд тэр хэрээр садаа болж байгаа хэрэг. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бас нэг нөхцөл үүссэн нь үндсэн хуулийн цэцийн шийдвэр.

УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 62-р тогтоолыг өнгөрсөн долоо хоногт ҮХЦ түдгэлзүүлсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1-т зааснаар үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоол, шийдвэртэй холбоотой маргаантай асуудлаар дүгнэлт гаргасан бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор УИХ-д хүргүүлдэг. Улмаар УИХ Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол долоо хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор хэлэлцэх учиртай. Үндсэн хуулийн шийдвэрийг хууль зүйн болон төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах юм. Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, ХЗБХ-г хуралдуулах бас нэг үндэслэл үүсэж байна. Хоёр ч үндэслэлээр ээлжит бус чуулган зарлах нөхцөл бүрдээд буй энэ тохиолдолд УИХ-ын дарга М.Энхболдын бүрэн эрхийг хангах гэхээсээ илүүтэй ёс зүйг нэхсэн нөхцөл байдал үүсээд байна.
САНАЛ БОЛГОХ