Ерөнхийлөгч Х.Баттулгын чармайлт хийн хоолойг Монголоор дайрууллаа

Бүлэг


Гурван улсын хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ хуудас нээгдлээ​


Монголд орлого авчрах хоолой ойртлоо. Мөнхийн хөршүүдийг хэлхэх хийн хоолой Монгол Улсыг дайрах нь. Өнгөрсөн баасан гарагт Монгол, ОХУ, БНХАУ байгалийн хийн хоолой барих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. “Бүс ба зам” санаачилга дор хэрэгжих энэ төслийг Хятадын “Эв соёл хүн төрөлхтний хамтын цогц газрын тос, хий” компани санхүүжүүлж, тус улсын төмөр замын 25 дугаар товчоо групп гүйцэтгэх аж. Ийнхүү гурван улсын хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ хуудас нээгдэж, түншлэлийн шинэ үе эхэллээ. Оросоос Хятад руу татах хийн хоолойг монголоор дайруулах нь гурван улсын хувьд шинэ санаа, санаачилга биш. Монгол улс бараг сүүлийн 30-аад жил энэ хүсэлтийг хойд хөршид тавьж ирсэн ч Оросын тал “тоож” байсангүй. Харин энэ оны зургадугаар сард Хятадын Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ саналыг “сайхан санаа” хэмээн онцгойлон сайшаасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон уг уулзалтын үеэр хойд хөршийн төрийн тэргүүн “Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг монголын нутгаар барих санал гаргасан.

Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үзүүлэлтийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” хэмээн хэлсэн удаатай. Мөн энэ төслийн тооцоо судалгаа хийхийг холбогдох албаныхандаа даалгасан байдаг. Одоогоор хийн хоолойн байрлал, чиглэл тодорхойгүй байна. Гэхдээ тооцоо судалгаа нь үргэлжилж байгаа гэж урд хөрш өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэхдээ энэ нь цоо шинэ санал биш тул өнгөрсөн жилүүдэд хийсэн тойм тооцоо бий. Одоогоос дөрвөн жилийн өмнө, утаатай нүүр тулсан БНХАУ, тээврийн саадтай тулгарсан ОХУ 400 тэрбум ам.доллараар хэмжигдэх, 30 жилийн хугацаатай байгалийн хийн худалдааны гэрээ байгуулсан. Ингэснээр хойд хөршид Хятад улсад жилд дунджаар 38 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр болсон юм. Үнийн дүн өндөр, үлэмж хэмжээтэй энэ нийлүүлэлтийг БНХАУ руу хийхийн тулд ОХУ хэд хэдэн хувилбар боловсруулжээ. Улмаар хойд хөрш зүүн, баруун хоёр талаараа хий нийлүүлэх нь хамгийн зөв зам гэж үзэв.

• Энэ төслийг Хятадын “Эв соёл хүн төрөлхтний хамтын цогц газрын тос, хий” компани санхүүжүүлж, тус улсын Төмөр замын 25 дугаар товчоо групп гүйцэтгэх аж.
• ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ саналыг “сайхан санаа” хэмээн онцгойлон сайшаасан юм.
• БНХАУ, ОХУ 400 тэрбум ам.доллараар хэмжигдэх, 30 жилийн хугацаатай байгалийн хийн худалдааны гэрээ байгуулсан.

Ингээд зүүн зүгт Сибирийн хүч хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Энэ оны эхний улирлын байдлаар уг хоолойн ажил 85 хувьтай байгааг Financial Times мэдээлсэн юм. Харин байгалийн хийн багагүй хэсгийг урсгах баруун чиглэлийн хоолойг хэрхэн барих нь өнөөг хүртэл асуултын тэмдэг байв. Монголоор эсвэл Казахстанаар, бусад бүс нутгаар дайруулах зэрэг янз бүрийн хувилбарууд хөвөрсөн. Харин хоёр хөрш монголоор дайруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь хэд хэдэн давуу талыг хөрш гурван улсад олгоно. Нэгдүгээрт, ОХУ экспортын гол бүтээгдэхүүний нэг байгалийн хийгээ дөт бөгөөд аюулгүй замаар БНХАУ-д нийлүүлнэ. Энэ нь бусад чиглэлтэй харьцуулахад хоёр дахин дөт зам аж. Энэ хэрээр цаг хугацаа болон бүтээн байгуулалт, тээврийн зардлыг хэмнэнэ. Бас уул, хад зэрэг бартаа багатай, монголын талаар дайрах тул энэ төслийг “талын зам” хэмээн нэрлэсэн нь ийм учиртай. ОХУ уг хийн хоолойг Ковыктагийн ордоороо дайруулан тавихаар төлөвлөж байжээ. Ингэснээр оросын Буриад улсын хийн хэрэгцээг хангаад зогсохгүй монголд нийлүүлэх боломж бүрдэх аж.

Ингэснээр Монголын томоохон хот суурин газруудын халаалт дулааныг шийднэ хэмээн үзсэн аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утааг шийдэх нэг арга нь энэ. Тиймээс ч ОХУ-ын тал өмнө нь энэ чиглэлээр судалж байжээ. Тухайлбал, тус улсын “Русиа Петролеум” компани манай нутгаар дайруулан Хятадын хил хүртэл хийн хоолой барих урьдчилсан ТЭЗҮ-ыг 2000 онд хийсэн. ТЭЗҮ-ээр хийн хоолойн чиглэл нь Улаанбаатар төмөр зам болон автозам дагуу байх бөгөөд богино хугацаанд барих боломжтой гэж тооцжээ. Мөн жилд 25 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоолойн монголын нутгаар дамжин өнгөрөх хэсгийг (1100-1500 километр) гурван жилд барина. Харин хий шахах компрессорын найман станцыг дөрвөн жилийн хугацаанд байгуулах дүр зураг буужээ. “Русиа Петролеум” бүр энэ бүтээн байгуулалтын ажиллах хүчийг ч тооцсон байна. Хийн хоолой тавихад 3700 ажиллах хүч шаардлагатай бөгөөд улмаар хий шахаж эхэлснээр 1354 хүнийг тогтмол ажлын байраар хангана гэсэн нарийвчилсан судалгаа бий. Дэлхийн эрчим хүчний томоохон нийлүүлэгч, аварга хэрэглэгчийн дунд оршдог Монгол Улс газарзүйн ховорхон байрлалаа ашиглаад, мөнгө олох бэлээхэн боломж нээгдэж байна. Ирэх саруудад хийн хоолойтой холбоотой олон олон шинэ мэдээлэл биднийг угтах нь дамжиггүй. В.Путин сайшааж, Ши Жиньпины санаачилсан “Бүс ба зам”-ын хүрээнд хэрэгжих энэ төслийг урагшлуулах, эрчимжүүлэх сонирхол хоёр хөршид байна. Харин амандаа орсон “шар тос”-ыг аятайхан олз болгох нь биднээс хамаарна.
САНАЛ БОЛГОХ